m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 07:28
37
Өвдөг нь цоорхой урлагийнхан өв соёлоо хамгаалж байна...

Хаврын чуулган эхэлсний дараахан жагсаал, цуглаан бараг өдөр бүр болж байна. Монгол Улсын  урлаг, соёлын  ажилтнууд өнөөдөр жагслаа. Тайз, дэлгэцээр олны танил болсон, бидний хүндэлдэг олон уран бүтээлч энэ жагсаалд оролцож, урлагийн салбарын ажилтны цалин, хангамж ямар байдаг талаар ярьж байв.

 Залуу уран бүтээлчид нэгдэн энэ жагсаалыг зохион байгуулж,  тэднийг дэмжин ахмад үеийн төлөөллүүд ч ирсэн байлаа. Жагсаалын гол зорилго нь тэдний төлөө тавих нийгмийн анхаарал сул байдаг учраас амьдрахад хүнд байгааг хэлж, цалингаа даруй нэмэхийг шаардав.

 Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний  холбооны ерөнхийлөгч М.Алтанцэцэг

Соёл, урлагийн салбарын ажилтнууд нийгмийн хамгааллаа сайжруулах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилготойгоор өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байна. Тайван жагсаал улсын хэмжээнд болж буй. Энэ бол улстөрийн цуглаан биш цэвэр ажиллагсдын амьдрал ахуйгаа дээшлүүлэх  зорилго агуулсан жагсаал юм.  Соёл урлаг бол Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж чаддаг салбарын нэг. Соёл урлагийн салбарын ажиллагсдын дундаж цалин 416 мянган төгрөг байдаг. Эдгээр хүмүүс 432-492 мянган төгрөгийн цалин авч байна. Сая цалин нэмэгдэхэд зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмсэн. Монгол хүний хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх нь хамгийн чухал.   

МУАЖ Г.Мягмарнаран

Бид бүхэн нийлж зовлон бэрхшээлээ ярилцах хэрэгтэй байна. Үүнийг ярихгүй хэлэхгүй бол асуудлыг шийдэнэ гэж байдаггүй юм. Шинэ Засгийн газар гарснаас хойш миний бие бүтэн хоёр жил ярьж, хүлээлээ. Тийм учраас бид өнөөдрийн Засгийн газарт бодит үнэнийг дуулгах гэж манай хамт олон бүгдээрээ ирлээ.

УДЭТ-ын жүжигчин СТА Б.Отгонбат

Театрт 130 хүн ажилладаг. Дундаж цалин 430.000 орчим байдаг. Ажилчдын маань тал хувь нь амьдралын нөхцөл тааруу байдаг. Дээрээс нь  хоёр байгууллага нэг байранд үйл ажиллагаа явуулдаг. нэг тайзтай учир илүү цагаар их ажиллаж байж уран бүтээлээ үзэгч олондоо хүргэдэг. Уран бүтээлчийн хөлс, хүч бүхэн үнэ цэнэтэй байх учиртай.  Бидний хэвийн ажиллах нөхцөл алдагдаж байгаа учраас л өнөөдөр бид энд жагсацгааж байна.

УДЭТ-ын жүжигчин СТА Г.Амгаланбаатар

Бид  олон хүмүүсийн төлөө жагсаж байна. Уран бүтээлчид хэдий болтол зөвхөн тайзан дээр л гоё сайхан харагдаж явах ёстой юм бэ. Хүмүүс биднийг тайзан дээр гардаг шиг баян цатгалан гэж боддог юм шиг байгаа юм. Бид чинь яг үнэндээ тийм биш шүү дээ. Соёл урлаг бол улсын нүүр царай болдог. Энэ салбарт 6000 хүн л байдаг. Энэ хүмүүсийн амьдрах бололцоог сайжруулаад өгч яагаад болдоггүй юм бэ. Гавьяат, ардын жүжигчин гээд байж л байна. Яагаад нэмэгдлийг нь өгч болдоггүй юм. Бидний эдгээр асуудлыг шийдэж өгөхийг шаардаж байна.

Жагсаалд оролцогсод үгээ хэлж байх хооронд ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал гарч ирэн хэвлэлийнхэнд мэдэгдэл хийсэн юм.

ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал

Энэ бол бодит асуудал. Энэ асуудлыг манай салбарынхан уулзаж мэдээлэл өгч байсан. ССАЖЯ-ны  сайдын тушаалаар салбарын ажилчид, албан хаагчдын цалингийн судалгаа хийж нэмэгдүүлэх бололцоог боловсруулан Засгийн газарт өргөн барих ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж байгаа.  Энэ ажлын хэсэгт үйлдвэрчний эвлэлээс төлөөлөл багтсан. Ажил хийгдэж байгаа. Ирэх сардаа багтааж Засгийн газарт өргөн барих бодолтой байна.. Цалинг нэмэх хэд хэдэн арга байгаа. Нэгдүгээрт цалингийн сүлжээг нэмэх бас өөрсдийнхөө чадвараар мөнгө олох асуудлыг хуулиар шийдвэрлэх асуудлыг ярилцаж байгаа гэв.

ох учиргүй