m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.12 09:30
434
Б.Зоригт: 40 гаруй хөгжмийн зэмсэг нийлэн нэгэн аялгууг цогцлооно

40 гаруй хөгжмийн зэмсэг нийлэн нэгэн хөг аялгууг бий болгоно. Хөг бүр өөрийн гэсэн аялгуутай. Энэ бүхнийг цогцлоож, найруулж, нэг л хөг болгож чаддаг хүн бол Улсын филармонийн найрал хөгжимчин, Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн гавьяат багш Б.Зоригт юм. Тэрбээр анх 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангид элсэн орж, өдийг хүртэл Монгол Улсын цохивор хөгжмийн түүхийг бичилцэж, оюуны их баялгийг бүтээн туурвиж буй гавьяатай нэгэн. Тиймээс бид “Баялаг бүтээгч” булангийнхаа зочноор урилаа.

-Урлагийн хүн бүрт өөр өөрийн гэсэн түүх байдаг. Тэгвэл таны энэ урлагт анх татагдан орсон түүхээс хуваалцвал ямар вэ?

-Би хүүхэд байхдаа урлагийн хүн болно гэж боддоггүй байлаа. Харин манай ээж намайг урлагийн хүн болгохыг хүсдэг байсан. Анх 1972 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгалт өгч байсан. Надтай хамт нэг хүүхэд шалгалт өгсөн боловч би тэнцсэн юм. Тухайн үед ганцаардсанаас ч болсон юм уу сургуульд орохоос татгалзаж, ээждээ их загнуулж билээ. Тэгээд дараа жил нь шалгалт өгөөд орсон. Тухайн үед морин хуурын сургуулийг үндэслэгч Жамъяан багш намайг тэнцүүлж авсан. Тэр үед гар маань муруй учраас морин хуур тоглож чадахгүй гэж шалгалтын комисс үзэж байсан ч Д.Жамсран багш намайг хараад өөр дээрээ авсан. Тэр үеэс л урлаг гэх зүйлтэй миний амьдрал холбогдсон юм даа. Тэгээд Хөгжим бүжгийн дунд сургуульд таван жил сураад, наймдугаар ангиа төгсөөд дараа нь дөрвөн жил коллежоор сураад улаан дипломтой төгсөж байсан. Тэр үед социализмын үе байсан учраас ЗХУ-ын уралдаант шалгалтанд орсон. Шалгалтанд ороод ардын хөгжмийн удирдаач гэсэн мэргэжлээр Казахстаны Алматы хотын Хөгжмийн дээд сургуульд тэнцэж очоод бэлтгэл ангид сууж, анх  цохивор хөгжмийн мэргэжлийг эзэмшиж байлаа. Тэгээд 1985 онд төгсөөд эх орондоо эргэж ирсэн. Би Алматыд сурч байх үедээ төрийн их симфони найрал хөгжимд гурван жил, тухайн үеийн хамгийн алдартай ардын найрал хөгжимд нэг жил тоглосон. Одоо эргээд бодоход энэ үе маань миний оюутан үеийг их чимж, баяжуулж, өндөр боловсрол эзэмшиж эх орондоо ирэх үүд хаалгыг нээж өгсөн гэж бодогддог юм.

-Хөгжмийн зэмсэг бүр өөр өөрийн сайхан давуу чанартай байдаг шүү дээ. Тэгвэл таны хувьд цохивор хөгжмийн сайхан нь юундаа оршдог вэ?

Монголд цохивор хөгжмийн зэмсгийн 40 гаруй төрөл байдаг. Энэ бүхэн нэг ангид, тэр тусмаа нэг найрал хөгжим болж цогцлоож чаддаг учраас хамгийн сайхан чанар нь юм болов уу гэж боддог. Тэр төрлүүд дотор цохидог, сэгсэрдэг, мааждаг, малтдаг, хусдаг хэсгүүд ч байдаг. Жинхэнэ баялаг бүтээгч гэдэг утгаараа найрал хөгжмүүдээс хамгийн баян тансаг нь байдаг. Баялгийг бүтээхэд суурь нь бат байх хэрэгтэй. 2006 оноос хойш манай улс жинхэнэ утгаараа цохивор хөгжмийн иж бүрэн зэмсэгтэй болсон. 1985 онд зөвхөн мөрөөдөл төдий байсан бол 2006 онд бодит биеллээ олсон. Тэгээд 2007 оноос цохивор хөгжмийн найруулга тавьж, том уран бүтээлүүдийг туурвиж эхэлсээр одоо найм дахь жилийнхээ босгыг давж байна.

Бид энэхүү хөгжмийн агуулгыг улам баяжуулж, ямар сайхан тансаг хөг аялгуу байдгийг бүх хүнд мэдрүүлэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн сонгодогийг Монголд тоглож, Монголын ардын урлагийг цохивор хөгжмөөр дамжуулан ард түмэндээ хүргэхээр зорьж байна. Энэ нь өөрөө асар үнэтэй оюуны баялаг учраас бид тэр баялгийг бүтээхээр хөдөлмөрлөж байна.

-Та олон сайхан шавьтай хүн. Шавь нараараа бахархдаг биз дээ?

-Тэгэлгүй яахав. Надад олон сайхан шавь байна. 1985 оноос хойш төгссөн шавь нар маань одоо Япон, Солонгос, Америк зэрэг дэлхийн олон газар ажиллаж, амьдарч байна. Дурдвал, "Бөртэ" хамтлагт тоглодог байсан ахмад шавь нарын нэг Б.Ганхөлөг, "Алтан ураг" хамтлагийн эмэгтэй бөмбөрчин Болортунгалаг, Монгол Улсын Морин хуурын чуулгад тоглодог Жавзандулам, Гантулга гээд олон сайхан шавь нар маань байна. Мөн Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулгад Бат-Эрдэнэ, Өлзийбуян, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад Мөнхсайхан зэргийн сайхан залуучууд Соёл урлагийн бүхий л салбарт ажиллаж алдар нэрээ цуурайтуулан явж байна. Одоо хамгийн отгон шавь нар маань Хөгжим бүжгийн коллежид сурч байна. Энхбаяр гээд шавь маань олон улсын чанартай хоёр уралдаанд түрүүллээ. 

-Манай цохивор хөгжимчид олон улсын тэмцээн уралдаанд хэр их оролцдог вэ. Гаргасан гавьяа шагналуудаас дурдвал?

-Цохивор хөгжмийн төрөл маш олон учраас дэлхийн аль нэг хотод маримба гэдэг хөгжмийн зэмсгээр дагнасан уралдаан болж байхад өөр хотод дан бөмбөрөөр дагнасан уралдаан болж байдаг. Манай улс спортынхныг дэмжиж байгаа шигээ урлагийг 100 хувь дэмжих болоогүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд улс эх орон оюуны хөдөлмөрийг хүндэлж дээдэлж эхэлж байна. Тиймээс урлагийнхнийг болон урлагийн чиглэлээр сурч буй хүүхдүүдийг дэмжиж, олон улсын уралдаан тэмцээнд оролцох нөхцөлөөр нь хангаж өгвөл тэд ч урмыг нь хугалахгүй, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөөд гараад ирж чадна гэж би хувьдаа итгэлтэй байна. Гаргасан амжилтуудын сүүлийн жишээнээс дурдвал миний шавь Золжаргал Германы Нюрнберг хотын уралдаанд оролцоод тавдугаар байранд ороод ирлээ. Түүнчлэн бид дотооддоо уралдаан тэмцээнүүдийг их зохион байгуулдаг болж байгаа учраас манай хүүхдүүд зөвхөн гадаад гэлтгүй дотоодын уралдаанууддаа ч маш амжилттай оролцдог. Жишээлбэл, Ж.Чулууны нэрэмжит уралдаан, үлээвэр цохивор хөгжимчдийн уралдаан, саяхан 2013 онд анх 1963 онд цохивор хөгжимчдийн анги үүсч бүрэлдсэн 50 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулсан хөгжимчдийн уралдаант тэмцээнд идэвхтэй оролцож шагналын эзэд болсон. Бид өдөр бүхний хөдөлмөрөөр улс эх орноо чимж, оюуны баялгийг сургуулийнхаа танхимд тарьж, тэрнийхээ үр шимийг ард түмэндээ цацаж байна.

-Та ая найруулж түүнийгээ тайзан дээр цохивор хөгжмөөр дамжуулан олонд хүртээдэг. Таны уран бүтээлийн санд хичнээн баялаг байдаг вэ?

-Энийг ярихаар өөрийгөө магтсан болох байх даа /инээв/. Найруулга гэдэг маань өөрөө ая зохиохоос арай доогуур түвшнийх юм шиг хэрнээ асар их зүйлийг өөртөө агуулсан байдаг. Би оюутан байхдаа дэлхийн хэмжээний том сонгодог аяыг бүгдийг нь тоглож байсан. Тэр үеэс цуглуулдаг байсан миний пянзны цуглуулга одоог хүртэл бий. Миний цуглуулга Монгол Улсдаа хоёрт орох том цуглуулга байдаг. Би тэр бүх аяыг чихэндээ суулгаад авчихсан учраас найруулгаа хийхэд миний найруулга өндөр түвшинд найруулагдаж, хүмүүсийн сэтгэлд илүү хүрдэг юм болов уу гэж боддог. Найруулга тоглолтыг бид дунджаар жилдээ 60-аад уран бүтээлээр хийдэг. Тэгэхээр Монголын цохивор хөгжмийн уран сан ямар агуу баян бэ гэдэг нь харагдаж байгаа биз дээ.

-Таны найруулсан тоглолтуудаас хамгийн том, мөн хамгийн их сэтгэлд хүрсэн нь ямар бүтээл байдаг вэ?

-Хамгийн том нь гэвэл дэлхийн хэмжээний сонгодог симфони найрал хөгжмүүд байдаг. Жишээ нь Бетховены алдарт IX симфонийн хоёрдугаар анги скерцо юм. Зарим хүн үүнийг цохивор хөгжим дээр тоглосон гэхээр итгэхгүй байх л даа. Мөн симфони найрал хөгжмийн хэмжээнд тоглож чадахгүй л дээ. Гэхдээ бид энэ симфонийг хөрвүүлж найруулан амжилттай тоглож чадсан. Үүнээс гадна хэд хэдэн дуурийн удиртгалууд болон алдартай бүжгэн жүжиг болох Ж.Бизе, Р.Шедриний хамтын бүтээл “Кармен” сюитээс тоглосон. Харин Монголын сонгодгуудаас гэвэл Р.Чойдогийн “Миний сайхан орон”, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж гуайн “Алтан өргөө”, Н.Жанцанноровын “Хутагтын сахиус” зэрэг Монголынхоо сор болсон бүтээлүүдийг цохивор хөгжмийн чуулгаараа дахин тайзнаа тоглосон.

-Та анх 1973 онд энэхүү урлагт татагдан орж, үүнээс хойш Монголын цохивор хөгжмийн түүхийг бичилцэж байгаа шүү дээ. Энэ бүх хугацаанд танд байсан хамгийн том бахархал юу вэ?

-Бахархах зүйл олон ч би хамгийн түрүүнд өөрийнхөө багшийг гэж хэлмээр байна. Д.Жамсран багш маань хэрвээ цохивор хөгжмийн ангийг байгуулаагүй бол бид энд ингээд сууж байхгүй шүү дээ. Хүн уламжлалаа дээдэлж байж хөгждөг. Мөн Хөгжим бүжгийн дунд сургуулийн Гончигийн Цэрэндорж асар их гавъяатай хүн. Хүн бахархлыг төрүүлье гэвэл өөрөө хөдөлмөрч байх ёстой. Өнөөдөр бидний тавьж буй тоглолтууд зөвхөн урлагийнхны хүрээнд, танилын хүрээнд байх мэт боловч цаашлаад бид хүн бүхэнд цохивор хөгжмийн гайхамшгийг таниулахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөж байна. Тиймээс ч бидний хөдөлмөрийн үр шим гарч олны хүртээл болно гэдэгт итгэлтэй байна. Дахиад хэлэхэд би хамгийн түрүүнд бидний өвөг дээдэс, ахмад үеийн хөгжимчид, уран бүтээлчдээр бахархана, хоёрдугаарт, хөдөлмөрийн явцад гарч ирж байгаа энэ их гайхалтай баялгаар бид бахархана.

-Манайд цохивор хөгжмийн урлаг танигдаад удаагүй байна. Тэгвэл манай орны хөгжимчид олон улсын уралдаан тэмцээнд явахад тулгардаг хүндрэл бэрхшээл юу вэ?

-Мэдээжийн хэрэг санхүүгийн бэрхшээл тулгарч байна. Саяхан манай Бямбадорж гээд оюутан Стэнфордын их сургуульд дэлхийн орон орноос ирсэн оюутнуудын нэгдсэн найрал хөгжимд урилгаар очиж тоглосон. Тэнд байх байр хоолны зардлыг АНУ-аас даасан ч ирж очих зардлыг нь өөрсдөө гаргасан байх жишээтэй. Хэрвээ Төр засгаас манай хүүхдүүдийг дэмжээд л өгөх юм бол тэд олон улсын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож чадна гэж бардам хэлмээр байна. Тэдэнд тулгарч буй гол асуудал нь хөрөнгө санхүү болоод байна. Өнөөдөр олон улсын тэмцээнд өөрсдийн зардал мөнгөөр явж чадах хүүхдүүд байхад чадахгүй хүүхдүүд ч олон бий. Тиймээс эдгээр хүүхдүүдэд жигүүр хайрлаж, дэмжээд өгвөл илүү өндөрт нисэх болно.

-Ярилцсанд баярлалаа