m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.13 04:45
286
Ш.Туяа:Би Ундармаагаа тийм сайхан дуулж, бүжиглэнэ гэж боддоггүй байж

“Ижий” булангийн энэ удаагийн зочноор СТА Г.Ундармаагийн ээж СТА Ш.Туяа уригдлаа.

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу?

-Сайхан.

-Таны төрж өссөн нутаг усны талаар яриагаа эхлэх үү?

-Эгч нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Миний аав, ээж ч энэ нутагт төрж өссөн юм. Багадаа аав ээжийнхээ гар дээр өсч хүмүүжиж байгаад долоон настайдаа сургуульд орж, наймдугаар анги хүртлээ сураад бүжигчин болсон.

-Хөдөөний охин яаж яваад бүжигчин болчихсон юм бэ?

Ард Аюуш бүжгийн жүжиг

-Намайг наймдугаар ангид ордог жил ардын дуу бүжгийн Алтай чуулга байгуулагдаж байсан юм. Нэг өдөр манай сургууль дээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, УГЗ Ч.Гочоосүрэн нарын урлагийн томчууд ирж, шалгаруулалт явуулан дөрвөн хүүхэд сонгон авсан. Бид анхандаа юунд сонгогдсноо ч сайн мэдээгүй. Хэд хоногийн дараа захирал багш дуудаж Соёлын ордон Алтай чуулга болгож буйг хэлээд биднийг шалгуулаарай гэсэн. Тухайн үедээ би урлагт их сонирхолтой хүүхэд байсан юм. Сургуулийн урлагийн үзлэг болохоор хөтлөгч хийнэ, бүжиглэнэ, шүлэг уншдаг байлаа. Тэгээд соёлын төвд шалгуулаад байж байтал, Соёлын хэлтэсээс дуудсан. Гэтэл биднийг сургуулиас бүр гараад Алтай чуулгын бүжигчин болгохоор болсон тухай хэлсэн.

-Тэр үед сургуулиа орхиж, бүжигчин болоход аав ээж тань дургүйцээгүй юм уу?

-Тэр үед би 15-тай, насанд хүрээгүй байсан болохоор тэд аав, ээжээс маань зөвшөөрөл авчихсан байсан юм билээ. Харин би сургуулиа орхих дургүй байсан. Гэсэн ч гэр бүлийхэн маань зөвшөөрсөн болохоор бүжигчин болохоор шийдсэн дээ. Ингэж л анх Алтай чуулгын хаалгаар орж, олон сайхан багшаар хичээл заалгасан. Тухайлбал, УГЗ Ч.Гочоосүрэн, УГЖ Д.Нанжид, Б.Дэлэгдорж тэргүүтэй мундаг багш нар манай чуулгат ажиллаж байсан юм. Эдгээр багшийнхаа хүчинд бүжигчин болж, олон сайхан бүжгийн жүжгийн дүр бүтээж, 30 гаруй жил гоцлол бүжигчин хэмээх эрхэм алдрын эзэн явлаа. 

-Анхны юм бүхэн дурсамжтай байдаг. Таны хувьд мэргэжлийн сургуульд нь сураагүй болохоор шантрах үе бишгүй л гарч байсан байх даа?

-“Орос бүжиг” гэж гоцлол бүжиг бүжиглэдэг байсан. Тэрэнд хостойгоо үнсэлцээд төгсдөг. Тэгэхэд би хүүхэд болохоор чадахгүй, багшдаа их загнуулж билээ. Тэгээд сүүлдээ зохиомжийг нь өөрчлөөд алчуур унагаж байгаагаар төгсгөдөг болгосон. Тэр миний анхны дүр байсан юм.

Бас зовж бүтээсэн дүр хамгийн сайн нь болдог юм билээ. “Оч” бүжгийн цомнолыг манай чуулга тавьсан. Уг жүжгэнд ганц хүүгээ ном сургах гэж ламд шавь оруултал багш нь хүүг зодож амийг нь хороодог. Тэрийг мэдсэн ээж нь гансарч шаналсаар галзуурдаг тухай өгүүлдэг. Энэ цомнолд ээжийн дүрийг бүтээхэд л их шантарч байсан даа. Учир нь бүжгээр галзуу хүний дүрийг илэрхийлэх амаргүй юм билээ. Дээр нь яг тухайн үед би хөл хүнд болоод таван сар хэртэй байсан юм. Энэ ч бас шантрах шалтгаан болсон байх.

Ш.Туяа гэр бүлийн хамт

-Таны үед урлагийхан нэлээд олон хоногоор томилолтод явж, үр хүүхэддээ анхаарал хандуулах бололцоо тааруу байсан гэдэг. Үүнийг сайн хань л ойлгож, зохицуулж байсан байх даа?

-Тэр үед хатуу байжээ. Бид өглөө яг 09.00 цагт ажилдаа ирэх ёстой. Хэрэв хоцорвол арга хэмжээ авахуулна.  Харин урлагийнхан бол заавал бригадаар явах ёстой. Ялангуяа миний нэр жагсаалтын эхэнд бичигддэг байсан.  Тэгэхдээ бүр 45-60 хоногоор явна. Энэ үед хань маань хүүхдүүдээ хардаг байсан. Бүр боломжгүй үедээ хүүхдээ аваад явна. Зил 153 машины тээшинд суугаад сумаас сум руу, өвөл зунгүй л явдаг байлаа. Ундармаа ч надтай байнга шахуу л бригадаар явсан даа.

-Та охиноо урлагийн замд хөтөлсөн байх нь ээ?

-Миний охин их сэргэлэн хүүхэд, 4-5 настайдаа надтай бригадаар явахдаа л миний тоглолтын гараа бүрт ээмэг, зүүлт, хувцас, өмсгөл бэлтгэчихдэг. Тоглолтын дарааллыг цээжилчихсэн. “Одоо тэр номер гарна. Таны бүжиг болох гэж байна” гээд хүн бүрт сануулаад л гүйж явдаг байсан. Нэг юм хийвэл дуусгаж байж л салдаг, зүтгэлтэй, дайчин. Угаас урлагийн хүн болох л байсан юм байна лээ.

-Бүжигчин хүний охин багадаа чамгүй авъяаслаг байсан биз?

-Би охиндоо бүжиг зааж өгч байгаагүй. Өөрөө дуртай. Байрныхаа хүүхдүүдтэй нийлээд театр байгуулаад гэрийн гадаа дуулж бүжиглэнэ. Тэр театрынх нь нэр юу билээ дээ сайн санахгүй юм. Нэг удаа бригадаар яваад ирсэн чинь бүжгийн тэмцээнд ороод алтан медаль авсан гээд сууж байсан. Тухайн үед аав нь “Худлаа хэлээд бай” гээд тоогоогүй гэсэн.

-Урлагийн хүн байна гэдэг хэцүү гэлцдэг. Харин та яагаад охиноо жүжигчин болгосон юм бэ?

-Тийм шүү. Гаднаас нь харахад сайхан мэргэжил. Дуулаад, бүжиглээд. Гэхдээ үүний цаана асар их хүч хөдөлмөр, тэвчээр, ур ухаан байдгийг тэр бүр анзаардаггүй. Жүжигчин хүн гэр бүлдээ цаг зав гаргаж, хань, үр хүүхэддээ анхаарал хандуулахаас гадна өөрийн бүтээх дүрээ сайн болгохын тулд ухаанаа зарж, сэтгэл зүрхээр зориулна. Ингэхээр эмэгтэй хүн урлагийн ажил хийнэ гэдэг маш хүнд. Тиймээс би охиноо урлагийн хүн болгохгүй, хэлний чиглэлээр сургана гэж боддог байсан. Аав нь математикаар явуулбал зүгээр гэдэг байж билээ. Гэтэл сургууль төгссөн жилээ “Би жүжигчин болно” гээд ороод ирсэн. Тэр үед бид хоёр хориогүй юм.

-Одоо харин юу гэж боддог вэ?

-Охиноо урлагийн хүний гэгээн, цагаан, сэтгэл сайхантай, өрөвч сайхан чанаруудыг өөртөө шингээсэн байхыг хараад их зөв юм болсон гэж боддог. Хүн сэтгэлийн амар амгаланг эдэлж явах хамгийн сайхан гэж эгч нь бодож явдаг даа. Гэтэл урлагийнханыг элдэв хэл ам дайрах нь элбэг. Манайхан өөдөө яваа нэгнээ зулгаагаад хажуудаа авчирдаг гэдэг үнэний ортой ч юм шиг. Гэхдээ хүн өөрийгөө зөв авч явж байхад ажил үйлс нь аяндаа бүтдэг юм.  

-Жүжигчин Г.Ундармааг "Итгэлийн танхим" байгуулсан нь нүдээ олсон сайн үйлс болсон. Охиноо ийм сайхан зүйл хийж яваад бахархаж суудаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Миний охин сайн үйлс бүтээж байгаа нь үр хойчид маань буян болж үлдэнэ. Одоо миний хүүхдүүд сайн сайхан яваа нь миний ээжийн хийсэн их буян гэж би итгэдэг. Ээж минь сумын төвд ганцаараа амьдардаг байсан. Тэгэхэд зам зуурын, аймаг явах, хөдөөнөөс сургуульд сурахаар ээжтэйгээ ирсэн хүүхдүүд  гээд л маш олон хүмүүс манайхаар орж гарна, зарим нь хэд хоногоор амьдарна. Тэр бүрт л ээж маань том гэгчийн тогоонд дүүрэн банштай цай хийж дайлдаг байсан. Их олон хүн болохоор гэрт багтахгүй нь гэрийн хаяа дагаад суучихсан холлож байдаг сан. Том тогоондоо өдөрт гурван удаа хоол хийнэ. Тэр үед би "Ээж минь өндөр настай болчихоод энэ олон хүний хоол цай хийх юм. Ядарч байгаа байхдаа" гээд өрөвддөг байсан. Одоо бодоход  хүнд чадлаараа тусалж байвал тэр нь үр хүүхдэд нь буян болж үлддэг юм байна гэж бодож сууна даа. 

-Охиныхоо тоглолтуудыг алгасахгүй үздэг байх. Урлагийн хүний нүдээр харахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Анх тэр үзэгдлийн тэрийг нь тэгчихвэл гээд л алдааг нь олж хараад байдаг. Харин сүүлийн үед огшоод байдаг болсон. Би Ундараагаа тийм сайхан бүжиглэж, дуулна гэж боддоггүй байж. Хачин сайхан бүжиглээд гараад ирэхэд нь цээж өөд огшоод ирсэн. Одоо бол тоглолтуудыг нь үзээд “Миний охин сайн жүжигчин болжээ” гэж охиноороо бахархаж суудаг юм.

-Таны хань аль нутгийн хүн бэ?

-Миний хань Баянхонгор аймгийнх. Манай нутгийн Анагаах ухааны сургуульд багшлахаар ирсэн юм. Нэг өдөр би эмнэлэгт хэвтэж байгаа хүнд хоол цай өгчихөөд гарах гэтэл нэг цэвэрхэн, соёлтой залуу хаалга нээж өгөөд л байсан. Царайг нь харах нээ манай нутагт харагдаагүй хүн байхаар нь би дотроо “Энэ сүрхий соёлтой залуу хаанаас гараад ирсэн юм бол” гэсэн юм бодоод л өнгөрсөн.

Тэгсэн манай хүн тэр үед намайг дагаад л явдаг байсан тухайгаа сүүлд ярьж билээ. Нэг удаа надтай яриа өдөх санаатай “Өө та мөнгөө хаячихлаа” гээд гурван төгрөг аваад өгтөл би “Минийх биш ээ” гэж хэлээд явчихсан гэсэн. Нэг суманд амьдардаг залуу хүмүүс чинь хоорондоо тааралдаж танилууд болно, уулздаг болоод нэг гэртээ орж хоёр хүүхдийн аав, ээж болсон доо. Одоо бодоход хүний хань гэдэг яг тааралддаг юм билээ. Тэр цагаас хойш бид хоёр 40 гаруй жил хамтдаа сайхан  амьдарсан даа.

-Таны хүү охин хоёр сайн сайхан явна. Тэгэхээр залуу эцэг, эхчүүдэд хүүхдийн хүмүүжлийн талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүүхэд болохоор сахилаггүйтэх үе байлгүй л яахав. Тэр бүрт нь загнаад байх хэрэггүй юм шиг санагддаг. Нэг орой бид хоёр ажлаасаа ирсэн манай хоёр унтахгүй шагай тоглоод суугаад байсан юм. Тэгээд өглөө сэртэл нөгөө тоглож байсан шагай нь тэр хэвээрээ байхаар нь хураагаад доор нь дэвссэн олбогыг автал хивсэн дээр чернель асгачихсан байж билээ. Тэрнээсээ айгаад бид хоёрыг унтахыг хүлээгээд байсан бололтой юм. Энэ мэтчилэн хүүхэд буруугаа ойлгоод, гэмшиж байгаа энэ үед загнаж болохгүй. Сэтгэхүйд нь хүнд дарамт үзүүлэх юм шиг санагдаад байдаг юм.

Мөн хүүхдийг томрох хэрээр нь итгэл үзүүлэх хэрэгтэй. Энэ нь бас хүүхдийн хүмүүжилд чухал нөлөө үзүүлнэ. Тухайлбал, манайд түгжээтэй авдар сав байдаггүй байсан. Бид хоёр цагаан сар ч юмуу, баяр ёслолоор хэрэглэхээр авсан чихэр, жимсээ ил тавьчихаад “За тоолчихсон шүү. Та хоёр идчихэв ээ” гэж хэлээд ажилдаа явна. Тэгэхэд яг байсан байрандаа байж л байдаг. Иймэрхүү жижигхэн юм шиг хэрнээ хүмүүжлийн өндөр ач холбогдолтой зан үйл, үйлдэл олон бий. Залуус тэр бүхнийг анхаарч, суралцаж байвал илүүдэхгүй биз ээ.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.