m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.13 07:16
185
Нийслэлийн өмчит автобус компаниудыг нэтгэхээр боллоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар өнөөдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит компани болох “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэн Нийслэлийн зорчих тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нэгтгэлийн үйл ажиллагаа, зорилт, бүтцийн талаар төлөөлөгчдийн асуултад хариулт өгч,  “Нийслэлийн зорчих тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулах асуудлыг танилцуулсан юм. 

Ашиг орлогын хувьд 2013 оны жилийн эцсийн тайлангаар эдгээр гурван компани хүссэн хэмжээнд ажиллаж чадаагүй. Гэрээ болон бизнес төлөвлөгөөний хувьд  ялангуяа “Автобус-1”, “Автобус-3” компаниуд асуудалтай байсан. Дээрх хоёр компани жилд тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг гэсэн судалгаа гарсан байна. Иймд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын санхүү эрхэлсэн орлогч Н.Батаа гурван компанийг нэгтгэх нь ашигтай байна гэж дүгнэсэн. “Цахилгаан тээвэр” компанийн хувьд ерөнхийдөө баланс барин ажиллаж байгаа юм. 

“Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэн Нийслэлийн зорчих тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ байгуулах асуудлыг хэлэлцлээ

Нэгтгэлийн үйл ажиллагаа жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа. Удсан шалтгаан нь бүтэц зохион байгуулалтын хувьд нэлээдгүй орон тоог багасгаж магадгүй гэсэн мэдээлэл нийтэд тарсан. Иймд ямар нэгэн бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийхгүй байхаар дахин боловсруулсан оруулж ирж байгаа хэмээн Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулагтаа дурдсан юм.

Дээрх хоёр компани жилд тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг гэсэн судалгаа гарсан байна

Нэгтгэлийн хувьд, нэгт үнэ тарифын хувьд нэг системд авчрах, хоёрт сүлжээ төлөвлөлт буюу маршрутыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа юм. Өнөөдрийн хувьд  автобусны нэг буудал дээр дээрх гурван компанийн тээврийн хэрэгсэл давхардан ирдэг байдалтай байна. Иймээс нэг системд  оруулах зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдсан. Тохижилт үйлчилгээ, зам засвар, усны арчлалт үйлчилгээний “Улаанбаатар нэгдэл” компанийг нэгтгэсэн нь үр дүнгээ өгч цаашдаа ажлын хурдыг эрчимжүүлж, хоорондын  уялдаа холбоог нэг чигт авчирсан. Энэ жишгээр тээврийн байгууллагууд нэг чигт очин цаашдаа иргэдийн хүсэлт шаардлагад нийцсэн үйлчилгээг хүргэх гэнэ. 

нэгт үнэ тарифын хувьд нэг системд авчрах, хоёрт сүлжээ төлөвлөлт буюу маршрутыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа юм

Ашигтай ажиллах асуудлын тухайд нийтийн тээвэр нөхөн олговор дээр явдаг. 2014 оны төсвөөр 53 тэрбум төгрөгийн нөхөн олговор авахаар байгаа. Төсөвт  ямар нэгэн дарамтгүйгээр хуучин эрхэлж байсан ажлаа хийгээд явна. Харин нэгтгэснээрээ энэ ажлыг хөнгөлнө гэж үзэж байгаа юм. Нэгтгэлийн ажил энэ оны аравдугаар сарын 1 гэхэд бүрэн хийгдэж дуусах бөгөөөд  Нийслэлийн зорчих тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа эхлэх ажээ. 

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс нэгтгэлийн талаар тодрууллаа. 

-Одоо байгуулах нэгтгэлийн бүтэц, өмнөх бүтцийн хувьд хэр ялгаатай вэ?

-Бүтцийн хувьд нэлээд боловсронгуй болж байгаа. Нэгтгэлийн ач холбогдол үүнд харагдана. Гурван компанийг нэг чигт нэг удирдлаган дор ажиллуулснаар үйл ажиллагаа саадгүй шуурхай болж, цаг хугацаа ихээр хэмнэнэ.

-Дээрх гурван компанийг нэгтгэснээр автобусны  үнийн асуудлыг цаашдаа тогтвортой барьж чадах уу?

-Нийслэлийн зорчигч тээврийн зөвлөл байгуулна. Энэхүү зөвлөлд бүх байгууллага, талууд хамтран хэлэлцэж  шийдвэр гаргаад явна.  Дураараа үнэ өсгөх тухай ойлголт байхгүй болно. Гэхдээ автобусны үнийг индексжүүлэх зарчмаар үнэнд өөрчлөлт орох байх. Зорчигч хэр хол зай туулна тэр хэмжээгээр төлбөрөө төлөх нөхцөл рүү шилжих юм.

гурван компанийг нэг чигт нэг удирдлаган дор ажиллуулснаар үйл ажиллагаа саадгүй шуурхай болж, цаг хугацаа ихээр хэмнэнэ.

Маршрут ямар нэгэн давхардалгүй болно. Үүнийг өмнөх ямар ч удирдлага хийж чадаагүй. Ингэж нэгтгэснээр өрсөлдөөний тухай ойлголт байхгүй цаг минут, маршрутын дагуу үйлчилгээ үзүүлнэ. Түүнээс биш хуучин шиг орлого хөөцөлдөөд  давхилдан маш их хэмжээний осол аваар гаргадаг зүйл байхгүй болно.

-Нэгтгэлийг бодлого юу вэ. Алслагдсан дүүргийн нийтийн тээврийн хангамж хүртээмжийн асуудлын талаар ярихаар микро автобуснууд ороод ирсэн байдаг. Нийтийн тээвэрт микро автобусууд цаашид явах уу, явахгүй юу?

Зорчигч хэр хол зай туулна тэр хэмжээгээр төлбөрөө төлөх нөхцөл рүү шилжих юм.

-Нийтийн тээврийн үйлчилгээний 30 хувийг төрийн буюу орон нутгийн өмчит байгууллага хариуцдаг бол 70 хувь нь хувийн хэвшилд ноогдож байгаа.  Тиймээс бид цаашдаа энэ харилцааг зохистой хэмжээнд барина гэсэн бодлого барьж байгаа. Хувийн хэвшлийнхэн энэ салбараас шахагдана гэсэн ойлголт байхгүй. Бага багтаамжийн автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд стандартаар тавигдсан ончлол 2015 онд бүрэн дуусахаар байгаа. Энэ асуудлыг зохицуулахын тулд дэд хөтөлбөрт тусгагдсан 20 тэрбум төгрөгийн парк шинэчлэлийн тодорхой хувь нь дунд оврын автобус худалдан авахад зарцуулна. 

-Нийтийн тээврийг хөгжүүлэх 20 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?

-Тус хөрөнгийг парк шинэчлэлд зарцуулна. Худалдан авалтын хороо байгуулж, улсын тендер энэ долоо хоногт зарлагдана 2014 онд багтан худалдан авалтаа хийх төлөвлөгөөтэй байна.   

-Нэгтгэснээр тухайн компаниудын хуучин ажилчдын асуудлыг яаж шийдэх вэ?

20 тэрбум төгрөгийн парк шинэчлэлийн тодорхой хувь нь дунд оврын автобус худалдан авахад зарцуулна. 

-Бүтэц зохион байгуулалтын хувьд ямар нэгэн ялгаварлах, ажлаа хийж байгаа хүнийг халах асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Удирдлагын түвшинд орон тоо багасна. Мөн удирдлагын томилгооны асуудал дээр дахин яригдана.

-Нэгтгэл болсноор үйлчилгээний хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Нийтийн тээврээр үйлчилгээ үзүүлэх соёл, ашиг орлого, үйлчлүүлж буй хүмүүсийн  санаа сэтгэлийг өөр төвшинд гаргана гэж энэхүү нэгтгэлийн ажлыг зохион байгуулж байгаа.

Ийнхүү НИТХ-ын төлөөлөгчид “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэн “Нийслэлийн зорчих тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулах асуудлыг дэмжлээ.