m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 08:20
57
Эдийн засаг цаасан дээр боломжийн байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ жилийн нэгдүгээр улиралд Монгол Улс өмнөх оны мөн үеийнхээс даруй 70 мянган тонноор илүү зэс экспортолсон. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Төмрийн хүдэр өмнөх жилийнхээс 42 мянга орчим тонноор нэмэгдэж, 542 мянган тоннд хүрсэн бол газрын тос өмнөх оны мөн үеийнхээс 500 сая баррелиар илүү буюу 1.5 сая тоннд хүрсэн гэдгийг хэллээ.

Инфляци өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 3.6 хувьтай байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар инфляци 3.5 хувьтай гарчээ.

Харин 2013 онтой харьцуулахад нүүрсний үнэ унаж,  2.8 сая ам.долларын алдагдал хүлэлгээд байгаа гэнэ. Бусад уул уурхайн бүтээгдэхүүний үзүүлэлт сайн байна. Тухайлбал, зэсийн экспортоор нэмж 139 сая ам.доллар олсон бол алтны экспортоос 47 сая доллар олжээ. Газрын тосноос өнгөрсөн жил 93 сая ам.доллар олж байсан бол энэ жил 157 сая ам.доллар олсон байна.

Импортын тухайд эхний гурван сарын үзүүлэлтээр дизель түлшний хэмжээ 2013 оны мөн улиралтай харьцуулахад 43 хувиар буурсан бол нэхмэл эдлэл, хувцас 30 хувиар өсчээ.

Мөн улсын төсөвт нэгдүгээр улирлын байдлаар 524 тэрбумыг суулгасан байх ёстой ч 401 тэрбум төгрөг оруулсан аж. Гэвч эдийн засаг цаасан дээр ийн сайн үзүүлэлттэй гарч байгаа ч долларын ханшны нэмэлт, иргэдийн мөнгөгүйдэл, эдийн засгийн орчны бууралт гэх мэт асуудлыг гишүүд Ерөнхий сайдаас асуусаар байна. Хурал үргэлжилж байна.