m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 10:02
67
Монгол Улсын цэнхэр дуулгатнууд 9000 иргэнийг хамгаалалтдаа аваад байна

Саяхан Монгол Улсын энхийг сахиулагчид олон улсын иргэдийн амь насыг аварсан тухай мэдээлсэн. Тэгвэл энэ тухай ЗХЖШ-аас албаны мэдээлэл өглөө. Энэ тухай хүргэе.

Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 850 хүний бүрэлдэхүүнтэй III Мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж байна.

2014 оны дөрөв дүгээр сарын 14–ний өдөр тус улсын Юнити мужийн Бентью хотын ойролцоох газрын тос олборлох үйлдвэр зэвсэгт босогчдын дайралтад өртөж, ОХУ-ын тав, Украин Улсын нэг, Кени Улсын нэг, орон нутгийн гурван иргэн шархадсаныг аюулгүй газар татан гаргаж, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн нь НҮБ-ын мандатаар заагдсан ард, иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн явдал боллоо.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад өнгөрсөн жилийн 12 дугаар сараас хойш омог хоорондын мөргөлдөөн үүсч, дотоодын зөрчил тэмцэл хурцдан, хүчирхийлэл газар авч олон мянган иргэд амь үрэгдэж, орон гэрээсээ даажаад байна.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өөрийн хариуцлагын бүс дэх НҮБ-ын цэргийн баазын орчимд 9000 иргэдийг байрлуулж, хамгаалалтад авчээ.

Хүний алтан амь аврах эрсдэлтэй үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан явуулсан хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 3 дах Мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүнд Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Цэргийн Хүчний командлагч Хошууч генерал Далил Джонсон Саки талархалын захидал илгээсэн байна.

Тэрээр захидалдаа: “Хэрэгтэй цагт таны болон танай цэргүүдийн гүйцэтгэсэн шуурхай, шаламгай ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ялангуяа тэдний зоримог чанар, үүргээ чадварлаг гүйцэтгэсэн арга барил болон цагаа олсон, оновчтой хариу үйлдэл зэргүүдэд дахин талархаж буйгаа илэрхийлье. Энэхүү ажиллагаа нь үнэхээр бахархууштай үйл хэрэг байсан бөгөөд энэ чанараараа бусад орны цэргийн багуудыг араасаа үлгэрлэн дагуулж ажиллахыг та бүгдээс чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.