m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.15 07:05
385
М.Баттулга: Брэнд гэдэг үгэнд хүмүүсийн тархи угаагдчихсан учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмждэггүй

Монголд хамгийн анх пүүз үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч “Баянцагаан нуур” компанийн үйл ажиллагааг сонирхохоор зорилоо. Сансарын ШТС-ас хойш Дарь-Эх рүү эргэх замын баруун талд байрлах тус компанийг дөрвөн давхар бор байшингаар баримжаалан ядах зүйлгүй, амархан олов. Уг байшингийн чанх хажууд байрлах дөрвөн давхар тоосгон байшин бол бидний зорьсон газар.

Компанийн дизайнер М.Баттулга биднийг тосон авч, цавууны үнэр ханхалсан үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Нэгдүгээр давхарт оффис, хоёрдугаар давхарт ажлын гутлын эсгүүр, улалгаа, өнгөлгөө, гуравдугаар давхарт оёдлын ажил мөн хэвэнд оруулах, дарах зэрэг гутал үйлдвэрлэхэд шаардлагатай бусад тоног төхөөрөмж байв. Харин дөрвөн давхартаа өдрийн цайгаа уух боломжтой тохилог зоогийн газрыг байгуулсанд ажилчид нь талархалтай байдаг аж. Энд өдрийн цай уухаас гадна баяр ёслолын үеэр хүлээн авалт зохион байгуулдаг гэлээ.

Зөвхөн пүүз үйлдвэрлэдэг гэж бодож байсан тус компани 40-50 хүн ажиллуулж, 150 гаруй нэр төрлийн гутал хийдэг юм байна. 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй тус компанийн захирлыг Магсаржав гэдэг. Биднийг очиход бараагаа татахаар явсан учир эзгүй байв. Тоосгон заводод олон жил мастераар ажилласан энэ хүн зах зээлийн үед орос бакал хийж зардаг болсноор өнөөдрийн үйлдвэрээ байгуулах сууриа тавьжээ. "Гутал бол дээшээ харсан сав, ямар ч байсан хүн хөл нүцгэн явахгүй" гэсэн бодол түүнийг эргэж буцалтгүй гутал үйлдвэрлэхээр шийдэхэд нь нөлөөлжээ. Орос бакал нь тухайн үед сайн ч зарагддаг байсан тухай түүний хүү дизайнер М.Баттулга хэллээ. Удалгүй бакал хийхийн хажуугаар ажлын гутал хийж эхэлсэн байна. Харин гоёлын гутал хараахан хийгээгүй ч ирээдүйд хийнэ гэсэн бодолтойгоор Магсаржав гуай хүүгээ “Урлах эрдэм” дээд сургуулийн дизайнерийн ангид оруулжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө М.Баттулга "Урлах эрдэм" сургуулиа төгсч, гоёлын гутал үйлдвэрлэх болжээ. Ийнхүү үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар өнөөдрийн түвшинд хүрсэн байна. Энэ компани одоогоос гурван жилийн өмнө анхны пүүзээ үйлдвэрлэсэн юм. “Баянцагаан нуур” компанийн дизайнер М.Баттулгатай ярилцлаа.

-Пүүз хийх санаа анх яаж төрсөн бэ. Монголд үйлдвэрлэсэн пүүз гэхээр хүмүүс хэр сонирхож авч байна вэ?

-"Урлах эрдэм" дээд сургуулийн III курст сурч байхдаа анх пүүз хийсэн. Нимгэн ултай, ерөнхийдөө кед. Үүнийг хийсний дараа ер нь ингээд хийвэл болох юм байна гэсэн бодол төрсөн. Сургуулийнхаа загварын шоунд оролцсоны дараа захиралдаа үзүүлсэн. Захирал маань миний аав. Ингээд урагшаа явж 2000 орчим ул авчирсан. Жордангийн хар, цагаан кетний ул зэргийг авчирсан. Ийнхүү гурван жилийн өмнөөс пүүз хийж эхэлсэн. Кедний улаар хийгдсэн пүүзнүүд бүгд зарагдсан. Манай пүүз зааланд хальтрахгүй, чийг татахгүй давуу талтай. Сүүлийн үед пүүзний загвар олон төрлөөр шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа. Манай пүүз загварын хувьд энгийн ч Монголд анх үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог. Пүүз үйлдвэрлээд дагнавал улсаас эдийн засгийн хөрөнгө оруулалт ирж, ард түмэн сайн дэмждэг, худалдан авдаг байх хэрэгтэй. Энэ жишгээр зөвхөн пүүз үйлдвэрлээд долоогоос найман жил болоход бид гаднын пүүзтэй өрсөлдөхүйц түвшинд хүрнэ. Гэхдээ дан ганц пүүз үйлдвэрлэвэл импортоор олон пүүз орж ирж байгаа учир борлуулалт тааруу байна.

-Гутал захиалж хийлгэхэд хэд хоногийн хугацаа шаардлагатай байдаг вэ. Танайх пүүз болон бусад гуталдаа баталгаа өгдөг гэсэн үү?  

-Хүссэн загвараа сонгож, захиалж хийлгэхэд 3-4 хоногт гарна. Зарим компани захиалга өгсөн л бол таалагдсан таалагдаагүй ав гэж захиалагчид тулгадаг. Харин манайх эсрэгээрээ. Бэлэн болсон гутал таалагдвал авч, таалагдахгүй бол өгсөн урьдчилгаа мөнгөө буцааж аваад гутлаа авахгүй байж болдог. Бид буцаалтын хэрээр илүү гоё гутал гаргахын тулд хичээдэг. Гэхдээ бидний буруугаас уу, тухайн хүний өөрийнх нь эдэлгээнээс үү гэдгээс шалтгаалан буцаах эсэхээ шийддэг. Ямартай ч манай гутлыг нэг удаа авч өмссөн хүн дахиад хятад гутал өмсч чадахаа больдог. Намган дунд яваа юм шиг ус татдаг гэж ярьдаг.  

-Пүүз хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байна. Ер нь танай компанийн үйлдвэрлэж буй гутал ямар үнэтэй вэ?

-Нэг пүүзийг 65 мянган төгрөгөөр худалдаалдаг. Монголчуудын дундаж цалин 500-600 мянган төгрөг байхад 200 мянгын пүүз хийж зарвал авах хүн ховор. Тиймээс бид өнөөдрийн зах зээлтэй уялдуулж ийм үнийг тогтоосон. Оюутнууд 70 мянган төгрөгөө буухад авч болохоос эхлээд дундаж цалинтай хүнд ч нэг их үнэтэй санагдахгүй болов уу. Олон зуун жилийн турш спорт гутлаар дагнасан Adidas /адидас/, Nike /найк/-ийг гүйцэх хаа ч байсан юм. Бид пүүз үйлдвэрлээд удаагүй учраас алдаа дутагдал мэдээж гарна. Манай хамгийн хямд гутал охид, эмэгтэйчүүдийн зонхилон өмсдөг углаашийг 35 мянган төгрөгөөр дэлгүүрүүдэд зардаг. Манай ажилчдын хамгийн бага цалинтай нь сард 600 мянган төгрөг авдаг. Дээд тал нь сая төгрөгийн цалинтай. Ажлын, гоёлын, улалгааны, өнгөлгөөний гээд бүгд өөр өөрсдийн хийдэг ажилтай. Нэг хүн өдөрт 10 гутал гаргадаг. Гоёлын гутал дээр дөрвөн хүн ажилладаг гээд бодохоор өдөрт 40 гутал гарна. Тиймээс гутал өөрөө боломжийн хямд үнэтэй байж сайн зарагдана. Ажилчдын цалин, материал татах зэргээс шалтгаалж мөнгөний эргэлт хурдан байх шаардлагатай учир гутлаа харьцангуй хямд зардаг. Тиймээс бид богино хугацаанд чанартай, хямд үнэтэй гутлыг хийж зэх зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.

-Олон төрлийн өнгө загвартай гутал хийх арьс, ул зэргийг хаанаас, ямар хугацааны давтамжтай оруулж ирдэг вэ?

-Манай улс маш хараат учраас пүүз хийх бүх материалаа гаднаас оруулж ирдэг. Арьс гэхэд л зөвхөн нэг өнгө нь 4000-5000 төрөл байдаг. Энэ бол ойролцоогоор авсан тоо, нарийвчилбал үүнээс их тоо гарна. Нэг удаа ирсэн өнгийн арьс дахин давтагдаж ирдэггүй болохоор нийтлэг болохгүй давуу талтай. Гэвч тэр арьс, материалаар дахин гутал хийе гэхээр олддоггүй нь сул тал. Арьсаа хойд урд хөршөөсөө авчирдаг. Хром, ажлын гутлын материалыг Оросоос авна. “Бөхийн өргөө”-ний ойролцоо Оросоос арьс авчирч зардаг нэг хүн байдаг. Тэндээс арьсаа татдаг. Гоёлын гутлын зөөлөн арьсыг урд хөршид хамгийн сайн хийдэг. Материалаа ихэвчлэн 15 хоног тутам татдаг юм. Дэлхийд гутал үйлдвэрлэж буй бүх улс гоёлын гутлын арьсыг Хятадаас импортолдог. Монголд байгаа арьс бакал, хром, ялуу хийхэд л тохиромжтой. Харин пүүз болон бусад гуталд зориулсан ул огт хийдэггүй. Тиймээс нэг удаад 1000 ул захиалж авчруулдаг. Нэг ул 3000 төгрөг гээд бодохоор энэ нь 30 сая төгрөг болно. Улсаас зээл авч үйл ажиллагаа явуулдаг компанид ийм хэмжээний мөнгөөр зөвхөн пүүзний ул авна гэдэг хэцүү. Тиймээс сүүлийн үед пүүзээ хийхгүй байгаа. Харин өнөөдөр эрэлттэй байгаа гутлыг түлхүү хийж байна. Ажилчдынхаа цалинг өгч, тасралтгүй үйл ажиллагаа явуулахын тулд борлуулалт сайтай бүтээгдэхүүнээ түлхүү үйлдвэрлэхээс өөр арга алга.

-Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгардаг хамгийн гол бэрхшээл нь борлуулалтын асуудал. Харин танай компанийн хувьд нэлээд олон дэлгүүр, худалдааны төвд гутлаа борлуулах лангуу ажиллуулдаг юм байна. Борлуулалт хэр байна вэ?

-Манай улсад гутлын үйлдвэрлэл эрхэлдэг 10 мянган цех бүртгэлтэй байдаг. Эдгээрээс тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь 40-50 орчим. Тиймээс энэ асуудалд төр засаг анхаарах шаардлагатай юм. Гаднын орнууд хилээр орох хүнийг гурван гуталтай оруулдаг. Бэлэг дурсгалын болон бусад зориулалт гэж үздэг. Энэ нь гаднаас гутал оруулахгүй, дотооддоо үйдвэрлэж хүмүүсийнхээ хэрэгцээг хангана гэсэн үг. Ийм маягаар үйлдвэрлэлийг хөгжүүлж, төрөөс эдийн засгийн дэмжлэг үзүүлэх боломжтой. Харин манай улсын зах зээлийн 90-95 хувьд гаднын гутал орж ирдэг. Нэг таваг хоол идэх гээд булаацалдаж байгаа юм шиг. 5-10 хувьд үндэсний үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлддөг. Магадгүй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гутлыг Монголын үйлдвэрлэгч нар хийж эхэлбэл маш том хөрөнгө оруулалт болно. Бид үүнийг яаж зарна аа гэж санаа зовохгүй зөвхөн чанартай гутал илүү олныг үйлдвэрлэхэд анхаарна.

Манай компани гоёлын гутлаа томоохон худалдааны төв, дэлгүүрүүдэд борлуулдаг. Харин ажлын гутлаа Нарантуул, Хархорин зах дээр худалдаалдаг. Баян-Өлгий аймагт хоёр салбар дэлгүүр бий. Зарим дэлгүүр худалдааны төвийн лангууг өөрсдөө худалдаад авсан. Заримд нь түрээс өгч гутлаа зарж борлуулдаг. Үнийн хувьд 30-250 мянган төгрөгөөр борлуулдаг. Үнэ харьцангуй боломжийн учир борлуулалт гайгүй байдаг. Гаднын брэнд гэдэг зүйлд хүмүүсийн тархи угаагдчихсан учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмждэггүй нь харамсалтай. Сурагчдад өглөө бүр Төрийн дуулал сонсгож, дуулуулдаг шиг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, Монгол брэнд гэдэг зүйлийн үнэ цэнийг бага байхад хичээлээр дамжуулж ойлгуулдаг байх нь зүгээр юм шиг надад санагддаг. Манай их дээд сургууль, коллежийн оюутнууд, сурагчид, ажилладаг хэсэг гээд хүн бүр гадаадаас орж ирсэн хувцас, гутал өмсч, гадаадаас орж ирсэн хүнсний бүтээгдэхүүн идэж хэрэглэж байна. Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгардаг асуудал, шалтгаан болгон адил байдаг. Тэднийг дэмжих хамгийн гол гарц бол гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг багасгах явдал.

-Гутлынхаа загварын санааг хэрхэн олдог талаараа сонирхуулбал ямар вэ?

-Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа учраас интернет, сэтгүүлээс харна. Ер нь хамгийн сайн загвар зохион бүтээгч бол хамгийн сайн хуулагч гэдэг дээ. Тухайн загварыг тэр чигт нь дуурайж хийж болно, эсвэл ерөнхий загварыг дуурайгаад өөрийн дотор байгаа яавал илүү гоё болох вэ гэсэн санаагаа нэмж урлаад хийж болдог. Гутал гэдэг одоо үйлдвэрлээд цоо шинээр бий болж байгаа зүйл биш. Хүн бүр мэддэг. Тиймээс загварыг өөрчилж хүний санаанд нийцэж, хэрэгцээг нь хангах түвшинд хийсэн нь хамгийн сайн гутал болдог. Загвар зохион бүтээгч бэлтгэдэг сургуулиуд сургалтын хөтөлбөрөө сайжруулж байх хэрэгтэй. Жишээ нь, гутлын загвар зохион бүтээгчийн суурийг тавьж өгөхдөө Оросын бакал зохион бүтээж байсан школоор заадаг. Загвар зохион бүтээгч бүр өөр өөрийн гэсэн арга барилтай учир загвартаа түүнийгээ ашигладаг. Тэгэхээр орчин үед гадаадын их дээд сургуулиуд юу зааж байна, хөтөлбөрийг нь судалж тэр түвшинд ойртохуйц аргаар заадаг болох нь илүү сайн загвар зохион бүтээгчид төрөн гарахад нөлөөлнө. Ингэснээр мундаг загвар зохион бүтээгчдийн зохион бүтээсэн гутал, хувцас гадныхантай өрсөлдөж, зах зээлд нь гарах боломж нээгдэнэ.

-Монголд пүүз үйлдвэрлэж байна гэсэн мэдээллийг сонссон иргэдийн зарим нь итгэхгүй байх юм. Танай үйлдвэр хэзээнээс пүүз хийж эхэлсэн бэ?

-Манайх пүүз үйлдвэрлэж эхлээд хоёр жил гаруй болж байна. Манайх пүүз хийсэн гэхээр хүмүүс итгэхгүй байгаа юм. Харин манай үйлдвэрт хийсэн пүүзийг хятад, солонгос хүмүүс их авна. Тэд цэвэр арьс гэдгийг мэдээд байхгүй юу. Манай пүүзийг худалдаж авсан гаднынхан эрхий хуруугаа гозойлгоод “янзтай” гэж хэлдэг. Зарим нь шууд өмсөөд явдаг.