m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.15 07:28
426
Нийтийн тээврийн маргааш

Улаанбаатар хот нэг сая гаруй хүн амтай болсноор дэлхийн томоохон хотуудын эгнээнд нэгдсэн хэдий ч метрополис хотын жишигт хараахан хүрээгүй явна. Тэгвэл энэ жишигт хүрэхэд саад болж байсан нийтийн тээврийн бодлого тодорхой болж байна.

Нийслэлд 2007 оны байдлаар 97 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байсныг Азийн хөгжлийн банкныхан судлан гаргасан байна. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллын ирээдүйн чигээр энэ тоо 2030 онд нэг сая орчим болж нэмэгдэх хандлагатай байгаа аж. Дэлхий нийтийн жишгээс харахад замаа өргөсгөснөөр бус, харин нийтийн тээврийн асуудлаа оновчтой болгосноор замын бөглөрөл, ачааллыг бууруулдаг байна.

нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, цагийн хуваарь, тухайн чиглэлийн автобусны байршлыг гар утас, интернэт, автобусны зогсоолын электрон самбараас мэдэх боломжтой 

Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний дагуу 2030 онд иргэдийн 80 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг болох юм. Үүний тулд нийтийн тээврийн хэрэгслийн маршрутын тоог нэмж, парк шинэчлэл хийж, зургаан парк байгуулан 2000 автобус, троллейбус үйлчилгээнд гаргах хүчин чадалтай болох аж.

Нийтийн тээврийн газраас нийтийн тээврийг шинэчлэх хэд хэдэн төслийг хэрэгжүүлээд эхэлж, зарим нь ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхлэх юм. Нийтийн тээврийн хөгжил “маргааш” ямар байх талаар тольдъё.

Замаа өргөсгөснөөр бус, харин нийтийн тээврийн асуудлаа оновчтой болгосноор замын бөглөрөл, ачааллыг бууруулдаг 

Ирэх жилээс нийтийн тээврийн төлбөрийн систем цахим хэлбэрт шилжинэ

Карт, гар утсаар автобусанд зорчсон төлбөрөө төлж болох бөгөөд автобусанд суусан, буусан зорчигчдын тоог зогсоол бүрээр гаргаж, судалгаа хийх боломжтой болох гэнэ. Ухаалаг тээврийн систем гэдэг нь тээврийн хэрэгслийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, тав тухтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийг хангахад чиглэгдсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг хэрэглэх замаар эрчим хүчний хэрэглээг багасгах тээврийн систем юм байна. Мөн дамжин суухад хөнгөлөлт олгох зарчмаар төлбөрийн системийг боловсруулж, зорчигч нийтийн тээврийн үйлчилгээний  чиглэл, цагийн хуваарь, тухайн чиглэлийн автобусны байршлын мэдээллүүдийг гар утас, интернэт, автобусны зогсоолд байрлах электрон самбараас авах боломжтой байхаар болох юм. Цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхэд нийслэл болон улсын төсвөөс хөрөнгө гарахгүй юм.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 900 гаруй автобус явж байгаа


Нийтийн тээврийн гурван компанийг нэгтгэв

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл,  сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниудыг нэгтгэж “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” байгуулахаар болов. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 900 гаруй автобус явж байгаагаас нийт зорчигчдын 25 орчим хувийг  төрийн өмчит “Автобуснэг”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниуд тээвэрлэдэг байна.

"Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулснаар үйл ажиллагаа, үйлчилгээний хувьд хэд хэдэн давуу тал бий болох юм байна. Тухайлбал, салбаруудын тээвэрлэлт, үйлчилгээний хэсгийн бүтэц, орон тоог өөрчлөн зохион байгуулснаар зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар сайжран, ажиллагсдын тоо өөрчлөгдөхгүй, Бүтцийн шинэ зохион байгуулалтын дүнд нэгтгэлийн хөдөлмөр зохион байгуулалт оновчтой болж, байгууллагын чадавхийг нэгдсэн бодлого удирдлагаар хангаж, жигд хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Мөн үйлчлэх чиглэлүүдийг дахин төлөвлөснөөр тээврийн хэрэгслийн сул гүйлт жилд дунджаар 127 000  км-ээр багасч, эдийн засгийн үр ашиг дээшилэхээс гадна автобусны хүлээгдлийн хугацаа 2-4 минутаар багасана гэж тооцсон байна. Цаашлаад нийтийн зорчигч тээвэрт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх, чиглэлүүдийг өөрчлөх, нэгтгэн зохион байгуулах, тээврийн хэрэгслийн сул гүйлтийг багасгахад хялбар болно гэж албаныхан онцолж байв.
“Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг энэ оны аравдугаар сард байгуулах ажээ.

Автобусны хүлээлтийн хугацаа  2-4  минутаар багасана гэж тооцсон байна

Автобус хүлээхээ болино

Автобусанд GPS байршуулах төсөл ирэх жилээс хэрэгжинэ. Ингэснээр 2015 он гэхэд иргэд автобус хүлээхээ болих юм. Өөрөөр хэлбэл, GPS систем автобусанд байршуулж, автобусны буудлуудад мэдээлэх самбар тавьснаар иргэд хүлээж байгаа автобус нь хэдэн минутын дараа ирэхийг мэдэх боломжтой.

2015 он гэхэд иргэд автобус хүлээхээ болих юм

Тухайлбал, Хайлаастын эцэст автобус хүлээж байя гэж бодъё. Тэгвэл буудал дээр байрласан самбар тийм чиглэлийн, тэд дугаарын автобус тэдэн минутын дараа ирнэ, одоо тэнд явж байна хэмээн мэдээлнэ. Хэрэв ажил, сургууль дээрээ байгаа бол интернэт ашиглан ямар шугамын автобус хэдэн минутын дараа аль зогсоолд хүрэхийг мэдэх боломжтой.

Замын түгжрэлийг мартана

Нийслэлийн босоо тэнхлэг буюу Долоон буудлаас Нисэх хүртэлх чиглэлд 2016 оноос эхлэн иргэд тусгай замын автобусаар зорчино. Тусгай замын автобус гэж юу вэ? Энэ нь тусгаарлагдсан эгнээгээр зорчиж буй цуваа цахилгаан автобус юм. Өөрөөр хэлбэл, хоёр урсгалтай, гурван эгнээ зам байлаа гэж бодоход голын хоёр эгнээг нь тусгаарлан нийтийн тээврийн хэрэгсэл зорчино. Үүний эхлэл тавигдсан  гэж болно. Нисэх-Яармагийн чиглэлд тавьсан автозамын голд тусгай замын автобус зорчих зайг гарган автозам тавьсан юм.

Долоон буудлаас Нисэх хүртэлх чиглэлд 2016 оноос эхлэн иргэд тусгай замын автобусаар зорчино

Одоогоор нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгслийнх болгосон ч машинууд нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа. Тэгвэл тусгай замын автобусны эгнээг хашлагаар тусгаарлана. Өөрөөр хэлбэл, давж, сүлжих боломжгүй. Тэгэхээр голын хоёр эгнээгээр зөвхөн автобус л зорчино. Ингэснээр автобус ямар нэгэн саадгүйгээр тогтоосон цагийн хуваарийн дагуу явах боломжтой.

Тухайлбал, 08.00 цагт ирэх ёстой автобус 30 минутын дараа бус яг тухайн цагтаа ирэх юм. Тусгай замаар явах автобус нь цахилгаан хөдөлгүүртэй, байгальд ээлтэй, дулаахан, тохилог, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглолтой байх аж.

Метрогоор 2020 оноос эхлэн зорчино

Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км газрыг 2020 оноос эхлэн 30 минутад туулна. Өнөөдөр Толгойтоос Сүхбаатарын талбай хүртэл дунджаар 45 минут явж буй. Тэгвэл метро байгуулагдсанаар эл замыг ердөө 15 минутад туулах юм. Уг метро нь баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл газар доогуур, харин бусад хэсэгт газраас өргөгдсөн гүүрэн хэлбэрээр баригдах аж. Метрог дагаад газар доогуур үйлчилгээний төвүүд байгуулагдах юм байна.

ЖАЙКА-гийн тооцоогоор 2020 онд метрогоор өдөрт 300 мянган хүн үйлчлүүлэх гэнэ. Тасалбарын тухайд зорчсон км-ээсээ шалтгаалаад өөр өөр байх аж. Тухайлбал, аль нэг эцсээс Сүхбаатарын талбай хүртэл 500 төгрөг, харин эцсээс эцэс хүртэл 1000 төгрөг төлнө. 2020 он гэхэд манайхан нийслэлийнхээ босоо тэнхлэгт тусгай замын автобустай, хэвтээ тэнхлэгт метротой, түгжрэл, бөглөрөл, автобус хүлээнэ гэдгийг мартаж, цахим картаар мөнгөө төлж, жинхэнэ утгаар метрополис хотынхон болохоор байна.