m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.19 06:11
72
Нийслэл хотоо цэвэрлэлээ

Улаанбаатар хотын төв гудамжаар улаан, ягаан өнгийн бээлий, савтай ус барьсан залуучууд нийслэл хотоо угааж байгаатай та тааралдсан байх. Өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээг бүх дүүрэг, хороодод хийж байгаа нь энэ юм. Урьд их цэвэрлэгээ болдог байсан ч энэ удаагийх шиг хотоо угааж байгаагүй. Биднийг Чингисийн талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд очих үеэр цэргийн дүйцүүлэх албаны залуус замын хашлага, гэрэлтүүлэг, хогийн савийг чин сэтгэлээсээ угааж байлаа. Цэвэрлэгээ хийж байгаа залуус хотоо угааж байгаадаа баяртай байна хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Тэд зүгээр ч нэг усаар угаах бус хөөстэй усаар угааж, дараа нь цэвэр усаар дахин арчиж, зүлгэж харагдав. Нийслэл даяар өрнөж буй их цэвэрлэгээнд нийслэлийн төр захиргааны албан хаагчид оролцож байгаагаас гадна их, дээд сургуулийн оюутнууд хамгийн идэвхтэй оролцож байв. Тэд сургуулийн ойр орчмын цэцэрлэгт хүрээлэн, автобусны буудлын сандал болон ойр орчмыг угааж, цэвэрлэсэн юм. Улаанбаатар хотынхоо төв гудамж, талбайг цэвэрлэхээс гадна нийслэлийн ойр орчимд байрлах ногоон бүс болох Хийморийн овооны хогийг Хууль, сахиулахын их сургуулийн оюутнууд цэвэрлэсэн гэнэ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалсны дагуу нийслэлчүүд өнөөдөр их хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахаар их цэвэрлэгээ хийсний үр дүнд хот маань бага ч болов тоосноосоо саллаа. Тэдний цэвэрлэсэн энэ сайхан гудамж, талбайд иргэн та хог тарихгүй байхыг бас хүсэж байна. Та хогоо ил задгай хаяхгүй байснаар их хотынхоо өнгө үзэмжид нэмэр болно гэдгийг ойлгоорой.

Цаашид бүх нийтийн их цэвэрлэгээ зургадугаар сарын 28, аравдугаар сарын 18, арванхоёрдугаар сарын 13-нд нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд, харин тавдугаар сарын 24-нд зуслан, ногоон бүсийн чиглэлд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах ажээ.