m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.19 06:12
51
Дэлхий дахины онцлох үйл явдлууд

Дэлхий дахинд өдөр бүр сонин хачин үйл явдал олон зуун мянгаараа тохиож байна. Тоолж барашгүй мэдээлийн сувгаар цацагдаж буй тэрхүү мэдээллээс хоцрох тохиолдол цөөнгүй. Тиймээс манай сайтын хамт олон уншигчдад багц мэдээлэл хүргэх үүднээс долооо хоногийн дэлхийн мэдээнээс хамгийн сонирхолтой, олны анхаарал татсаныг багцлан хүргэж байх боллоо.

04.14

Нигерт 200 охиныг хулгайллаа

Энэ сарын 14-нд Нигерийн зүүн хойд хэсгийн нутагт орших Чибок дунд сургуулиас 200 орчим эмэгтэйчүүд, сургуулийн охиныг дотуур байрнаас Боко харам бүлэглэлийнхэн хүчээр авч явсан хэрэг гарсан. Тэд зэвсэглэн автобус, ачааны машин зэрэг унаатай ирж охидыг авч явсан бөгөөд хоёр хоногийн дараа Нигерийн цэргүүд тэдний ихэнхийг нь сулласан байна. Боко харам бүлэглэл нь 2009 оноос хойш удаа дараа сургуулиудад халдаж байгаа бөгөөд энэ нь охид эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хааж, харанхуй бүдүүлгээр боолчлох зорилготой аж.

04.14


Бээжин хотноо Юрий Гагарины дурсгалыг хүндэтгэн хөшөө босгожээ

БНХАУ-ын Бээжин хотноо Сансарын нисгэгчийн өдрийг тохиолдуулан Оросын домогт нисгэгч Юрий Гагарины хүндэт хөшөөг босгосон байна. Ёслолын ажиллагаа дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-ын Соёл Шинжлэх ухааны төв дээр болж өндөрлөлөө. Мөн энэ үйл ажиллагаа Ю.Гагарины төрсөний 80 жилийн ойтой давхцаж байгаа юм.

04.14

Эдвард Сноудений ачаар пулитцерийн шагнал хүртлээ

Сэтгүүлийн салбарын шилдгийн шилдгийг шалгаруулдаг пулитцерийн шагнал хүртэх ялагчдыг энэ сарын 14-нд Колумбийн их сургууль дээр зарлалаа. Шагнал авах мэдээллийн хэрэгслүүдээс хамгийн анхаарал татсан нь “Нийгмийн төлөө” төрөлд “Вашингтон пост”, “Гуардиан” сайтуудын сэтгүүлчид шалгарсан бөгөөд тэд Эдвард Сноуден “АНУ-ын аюулгүй байдлын алба хүмүүсийг хэрхэн тагнаж байсныг илрүүлсэн” талаар шуурхай мэдээлж байснаараа тус шагналыг хүртэхээр боллоо. Эдвард Сноуденийг энэхүү нөлөө бүхий улс төрчид, байгууллагуудыг тагнасан явдлыг илчилсэнд гэмт хэрэгтэн гээд байсан боловч олон улсын шинжээчид түүнийг хүний эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээж, сайтуудын 2013 оны шилдэг хүмүүсийн жагсаалтад нэр нь дэвшээд байсан билээ.

04.15

Америк тивд сар хиртлээ

Хойд, Өмнөд Америк тивд сар бүтэн хиртэж, тодорхой хугацааны турш улаан, улбар шар өнгөтэй болсон.  Энэхүү улаан өнгө тусгай шилээр харахад мэдэгдсэн байна. Улаан сарны хиртэлт энэ онд гурван удаа, 2015 онд нэг удаа буюу нийтдээ дөрвөн удаа тохиох гэнэ. Улаан өнгөний талаар олон таамаглал бичигдсэн юм. Эдгээр хиртэлтийн дараа ийм улаан хиртэлт дахин 2032 онд болох аж.

04.15

“Heartbleed” хакер баривчлагдлаа

Энэ сарын 15-нд “Heartbleed” Канадын татварын удирдлагын сайт болоод сард 4.8 сая хэрэглэгч зочилдог “Mumsnet” сайтуудыг хакердсан талаар мэдээлэл цацагдсан. “Mumsnet” сайт нь эцэг эхчүүдийн олон нийтийн сүлжээний сайт бөгөөд тус сайтын 1.5 сая хүний мэдээллийг авсан байна. Мөн Канадын татварын сайтыг хакердаж 900 гаруй мянган хүний мэдээллийг авсан аж. Харин маргааш нь 19 настай Канад залуу Стефен Артуро Солис-Рейсийг баривчилсан бөгөөд энэ нь “Heartbleed” тодотголтой анхны баривчилгаа боллоо. Тэрбээр өөрийн цахим хуудсан дээрээ энэхүү хакердалтын талаар бичсэн байсан аж. Мөн түүний компьютер, гэр зэрэг эд хөрөнгийг нь битүүмжлэн шалгажээ. “Heartbleed” алдаа нь OpenSSL нууцлалын дэд програм хангамж дээр тулгуурладаг. Үүнийг карт болон бусад нууц үгийг хамгаалах зэрэг интернэтээр илгээдэг мэдээллийг хамгаалах зэрэгт ашигладаг. Мөн буруугаар ашиглавал төхөөрөмж чагнаж, мэдээлэл хулгайлж, нууц үгийг тайлж чаддаг байна.

04.16

Өмнөд Солонгосын хөлөг онгоц живж, олон хүн амь насаа алдлаа

Энэ сарын 16-нд 475 хүнтэй Өмнөд Солонгосын усан онгоц Өмнөд Солонгосын баруун өмнөд эргээс Чежү арал явах замдаа осолдсон билээ. Өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо 61 болж өслөө. Онгоцон дээр байсан иргэдээс 174-ийг нь аварсан. Харин 230 гаруй хүн ор сураггүй сураггүй хэвээр байгаа. Тэднийг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Хөлөг онгоцны ахмад болон зарим ажилтнуудын шалгаж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар усан онгоц, нисдэг тэрэг нийлсэн 212 тээврийн хэрэгсэл, 556 хүнтэй баг хайлт хийж байгаа гэнэ.

04.17

Виктор Ан шинэ байрандаа орлоо 

Сочигийн Олимпийн зургаан удаагийн аварга Виктор Анн ОХУ-ыг төлөөлөн шорт-трекийн төрөлд оролцож амжилтын түүчээг таслаагүй. Эх орныхоо шигшээ багаас хасагдсан тэрбээр  энэ сарын 17-нд өөрийн сүйт бүсгүй Наригийн хамтаар Москва хотын хойд хэсэгт байрлах Новогорск дүүргийн Химка гол дагуу байрласан “Новогорск Олимпийн хотхонд” цэлгэр том зочны өрөө, хэд хэдэн унтлагын өрөө, пийшин, нарлах дэнж бүхий  хоёр давхар байшинд оржээ. Мөн түүний гэрийн ойролцоо Новогорск бааз байрладаг ажээ.

04.18

Владимир Путины шууд ярилцлагаар дамжуулан иргэдийн асуултанд хариуллаа

ОХУ-ын Ерөнийлөгч Владимир Путин улсдаа тулгамдаж байгаа асуудлаар иргэдтэйгээ жил бүр ярилцдаг уламжлалтай. Энэ удаагийн нээлттэй ярилцлага энэ сарын 17-нд болж өндөрлөлөө. Ихэнхи асуултууд Украин болон Крымтэй холбоотой байсан юм. Нийтдээ гурван цаг 54 минут үргэлжилсэн уг ярилцлагын үеэр Путин 70 асуултанд хариулт өгсөн юм. Үүний ихэнх нь орон сууц, хориг арга хэмжээ, АНУ ОХУ-ын хоорондын харилцаа болон Барак Обаматай ямар харьцаатай байдаг талаар ярилцжээ.

04.21

MH370 онгоцыг хайсаар байна

Малайзаас Бээжинг чиглэн явсан онгоц өнгөрсөн сарын 8-нд осолдсон. Хэдийгээр олдох найдвар тасарсан ч хайгуул үргэлжилсээр, зарцуулсан мөнгө нь хэдэн зуун мянган доллар болжээ. Энэ долоо хоногт АНУ-ын "Bluefin 21" шумбагчаар олон удаа далайн ёроолд хайлт хийлээ. Тэд далайн ёроолын мэдээллийг шумбагчаар дамжуулан авч байгаа бөгөөд одоогоор баттай мэдээлэл  ирээгүй байна. Мөн энэ долоо хоногт эрлийг зогсооно гэдгийг Малайзын Зам тээврийн яамны сайд Хишамуддин Хуссейн мэдэгдсэн билээ.

М.Марал

Г.Төгөлдөр