m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.19 06:41
42
Ерөнхийлөгч удахгүй эх орондоо ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Токиогийн их сургуулийн харьяа эмнэлэгт хэвтэж мэс засал хийлгэсэн нь амжилттай болж, эдгэрэлт нь хурдан байгаа талаар Монгол Улсаас Японд суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар ярьжээ.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад "Ерөнхийлөгчийн бие сайн байгааг эмч нар нь хэлсэн. Хэд хоногоос эх орондоо буцаж болно гэж эмч нар нь хэлсэн байна лээ.  Эмнэлгээс гарсныхаа дараа хэд хэдэн албан уулзалт хийлээ. Хамгийн түрүүнд Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан өргөөндөө урьж үдийн зоог барьж, тодорхой асуудлуудаар санал солилцлоо. Японы талын албаны бусад хүмүүс ч Ерөнхийлөгчийг эргэж очсон. Эрх баригч Либерал ардчилсан намын Улс төрийн зөвлөлдөх хорооны дэд дарга Яши Шиозаки, тус намын Япон-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга Хаяаши, олон нийт, эдийн засагчдын төлөөлөл гэх мэт албаны хүмүүс эргэж уулзацгаалаа. Ерөнхий сайд Ш.Абэ хэд хэдэн тодорхой зүйлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид амласан. Монголын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд тус болохуйц томоохон төслийг хэрэгжүүлэхэд Япон улс дэмжиж туслахаа амлалаа. Төслийг хэрэгжүүлэх ажлыг хийх боловсон хүчнийг бэлтгэхэд туслана гэлээ. Өнгөрсөн жил Монголд айлчлахдаа амласан ёсоор Монголоос мянган залууг инженер, техникийн мэргэжлээр сургахад зориулж 7.5 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл өгөхөөр шийдсэн байна. Монголын ард түмэнд зориулж Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хамгийн орчин үеийн оношлогоо, эмчилгээний 200 ортой эмнэлгийг байгуулах ажлыг эцэслэн шийдсэн гэдгээ хэлсэн. Монголд олон улсын нисэх буудал барих ажил амжилтай үргэлжилж байгаад Японы тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, зөвхөн зорчигч тээвэр төдийгүй, Евро-Азийг холбосон ачаа тээврийн төв байгуулах ажлыг судалж үзье гэсэн" гэв.