m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.20 02:01
143
Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр

Ардчилалын алтан хараацай, нэрт улстөрч, Монголын ард түмний хайртай хүү С.Зориг 1962 оны энэ өдөр мэндэлсэн. Цаг бусаар энэ хорвоог орхисон түүнийг Монголын ард түмэн сэтгэл зүрхэндээ байнга дурсан, гавьяат үйлсийг нь мөнхөд санан явдаг билээ.

 

Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны гуравдугаар сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны зургадугаар сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон байдаг.

Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан юм.

Хар өдөр гэгдэх 1998 оны аравдугаар сарын 2-нд түүнийг гэрт нь удаа дараа хутгалан, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг одоо хэр нь илрэхгүй байгаад олон нийт бухимдан, хэзээ илрэхийг хүлээсээр байна. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний хөшөөнд өнөөдөр 11.00 цагаас цэцэг өргөх юм.