m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.19 05:48
371
Шинэ бүтээн байгуулалтын ажлын эхлэлийг “Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлж байна

Нийслэлийн 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөлөөний дагуу нэг төвт хот бус дагуул хотуудыг байгуулахаар тусгасан. Энэ нь хотын төвийг нүүлгэн нийслэлийн зүүн баруун тийш тэлэх бодлого барьж ажиллаж байгаа юм. Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр хэдхэн жилийн дотор олны хөлд дарагдсан газар нь болох аж. Учир нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй  Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Яармаг хороолол, Ирээдүй, Солонго,  Баянголын ам гээд долоон хорооллыг барьж байгуулахаар ажиллаж байна. Харин хороолол барих эх үүсвэр болох ус дулаан хангамж, бохир цэвэр ус, цэвэрлэх байгууламжийн ажлыг урьтал болгон хийх нь чухал юм. Тэгвэл энэ ажлыг Барилга хот байгуулалтын яамны  “Дэд бүтэц” төслөөс хийж байгаа юм. “Дэд бүтэц” төслийн хүрээнд 26 ажлыг хариуцан хийхээс 2013 онд 14, 2014 онд 12 ажлыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.

Яармаг хороолол, Ирээдүй, Солонго,  Баянголын ам гээд долоон хорооллыг барьж байгуулахаар ажиллаж байна

Нэг үгээр хэлэхэд нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа шинэ хорооллуудыг ус, цахилгаан, дулаанд холбох нийслэлийн 2020 хүртэл ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ хорооллууд сүндэрлэн босоход үндэс суурь болох дэд бүтцийг нь барьж байгуулахад “Дэд бүтэц” төслийн гол зорилго оршиж байгаа аж.

“Дэд бүтэц” төслийн хэрэгжүүлж байгаа ажлууд:

1. Баянгол дүүргийн 11-р хороо, Чингэлтэй дүүргийн VII, VIII дугаар хорооны нийт 35 газрыг хамарч байгаа юм. Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөний дагуу 4200 айлын орон сууц баригдаж, 17700 хүн амтай болохоор тооцоолсон ба 4250 сурагчтай сургууль, 1060 хүүхдийн цэцэрлэг, 620 хүн үзэх өрхийн эмнэлэг, 850 ажлын байр бүхий оффисын барилга, 1600 орчим хүн ажиллах соёл ахуй үйлчилгээний барилга, байгууламжууд баригдах ажээ. Баянголын орон сууцны хорооллын 10 ш УДДТ-ийн барилга угсралтын ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд тоног төхөөрөмжийн угсралт, дулаалга, цахилгааны ажлууд болон гадна тохижилтын ажлууд хийгдэж бүрэн дууссан. 

“Дэд бүтэц” төслийн хүрээнд 26 ажлыг хариуцан хийхээс 2013 онд 14, 2014 онд 12 ажлыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.

2. Баянголын ам буюу Найрамдал зуслан явах зам эл хуль байгаа нь зөвхөн одоогийн дүр зураг юм. Харин “Дэд бүтэц” төслийн хүрээнд Баянголын аманд ус дулаан дамжуулах төв, цахилгааны дэд станцийг барьжээ. Ингэснээр шинээр баригдах орон сууцны хорооллуудыг инженерийн шугам сүлжээнд холбогдох үндсийг бүрдүүлж өгч байгаа юм. Уг аманд 450 га газрын ерөнхий төлөвлөгөө хийсэн бөгөөд энэхүү төлөвлөгөөгөөр Баянголын аманд 18435 өрхийн 70055 хүн амьдрахаар тооцсон байна. Үүнээс эхний ээлжинд Москва комплексийг барьж 42 га талбайд 2000 айлын орон сууц, 90 га тадбайд 6000 айлын орон сууц, бага орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууц болон ШУТИС кампус цогцолбор барихаар төлөвлөсөн байна.

3. Хан-Уул дүүргийн 8,9,10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 170 га талбайд “Буянт –Ухаа” хороолол баригдсан. Тэгвэл “Дэд бүтэц” төслийн нэгжээс 200 га талбайг хамарсан тус хороололд инженерийн дэд бүтцийн есөн багц ажлыг 59.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын 20 000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2015 онд бүрэн ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Баянголын аманд ус дулаан дамжуулах төв, цахилгааны дэд станцийг барьжээ

4. Хотын төвөөс 10 орчим км буюу бидний хэлж заншсанаар Гурвалжингийн гүүрнээс гурван км зайд байрлах Хан-Уул дүүргийн 4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт тун удахгүй “Ирээдүй” орон сууцны томоохон хороолол босно. Энэ хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг “Дэд бүтэц” төсөл гүйцэтгэж байна. Тус хороолол нийт 60 га талбайд баригдах бөгөөд 10500 өрхийн 40000 хүн амьдрахаар тооцсон байна. Төслийнхөн өнгөрөгч онд “Ирээдүй” цогцолбор хорооллын бохир усны Ф150-500 мм-ийн 4230 м гол шугамын угсралтын ажлыг бүрэн хийж дуусгасан. Одоо бохир усны насосны станц барих ажил хийгдэж байна. Харин энэ оны сүүлээр цэвэр усны шугамыг хийж ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна.

 5. Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд таван багц ажлыг хэрэгжүүлж байна. Эдгээр ажлуудад дулаан хангамжийн эх үүсвэрийг өргөтгөн шинэчлэх барилгын ажил хийгдэж байна. Уг ажлыг гүйцэтгэснээр Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны 700 гаруй айл өрхтэй тохиролцон тэдний хашааны оронд 10 000 гаруй айлын орон сууцны орчин үеийн тохилог хороолол босох юм.

 

Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж буй энэ ажлуудын үр дүнд  хүн амын орон сууцны хангамж, хүртээмж нэмэгдэн, Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдол багасан, нийслэлийн хүн амын 30 хувь нь хотын цэвэр орчинд, шинэ тохилог, орчин үеийн иж бүрэн орон сууцны хороололд амьдрах боломж бүрдэх юм. Засгийн газрын "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа орон сууцны хороолол болон инженерийн шугам сүлжээг байгуулах ажлын явцын талаар “Дэд бүтэц” төслийн ерөнхий инженер М.Доржпаламтай ярилцлаа.

-Төслийн ажлын явц ямар шатандаа явж байна вэ?

- “Дэд бүтэц” төслийн нэгж 26 багц ажлыг хэрэгжүүлэхээс 14 ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлаас улсын комисс хүлээж авсан  найман ажил байна. Түүнчлэн “Буянт-Ухаа” орон сууцны хороололд найман багц ажлыг хүлээлгэж өгсөн. Түүнчлэн Баянголын аманд гурван багц ажлыг хийж дуусган Улсын комисст хүлээлгэн өгөх ажил үлдсэн.

2006 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө цаасан дээр байсныг хэрэгжүүлж байгаа

-Засгийн газар, нийслэлтэй хамтран уг төслийг хэрэгжүүлж байгаа нь юугаараа онцлогтой вэ?

-Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Тухайн газруудад 2006-2008 онд ерөнхий төлөвлөгөөг нь УИХ-аас баталсан юм. Уг газруудад манай төсөл дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж байгаа. Дээрх төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газраас инженерийн шугам сүлжээний ажлуудыг үе шаттайгаар хийх нь зүйтэй хэмээн үзсэн. 2006 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө цаасан дээр байсныг хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Уг газруудад ямар ч хувь хүн, барилгын компаниуд орон сууцны хороолол барьж чадахгүй байсан юм. Учир нь дэд бүтцэд холбогдоогүй учраас аж. Өөрсдөө дэд бүтцээ хийнэ гэхлээр асар их өртөг гарахаас гадна барилгын үнэд нөлөөлдөг тал бий. Үүнийг Шинэчлэлийн Засгийн газар урьдчилан харж, нэгдсэн байдлаар инженерийн шугам сүлжээг тавьсан байхад барилгын компаниуд орон сууц барих бүрэн боломжтой болж байгаа юм. Ингэснээр барилгын үнийг тодорхой хувиар барих юм.

-Төслийн нэгж учир туслан гүйцэтгэгчээр ажлаа гүйцэтгүүлэх үү?

-Зураг төсөл, барилга угсралтын гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулдаг. “Дэд бүтэц” төслийн хувьд гүйцтгэгч нарыг шалгаруулахдаа хооронд нь хоршуулж ажилуулсан. Энэ маань хэд хэдэн давуу тал ажиглагдсан. Нэгдүгээрт хөрөнгө мөнгөний хувьд компаниуд хоршин ажилласан. Манай төслийн хувьд гүйцэтгэгч нарын гүйцэтгэлээр санхүүжүүлдэг. Компаниуд тодорхой хэмжээний хөрөнгө гарган ажлаа хийж хэрэгжүүлэх зуурт гүйцэтгэлийг нь харан санхүүлж байгаа юм. Хоёрдугаарт нэг нэгэндээ ажлын туршлагаа солилцсон нь давуу тал болсон.

-“Буянт-Ухаа” хорооллын долоон багц ажилд юу юу багтсан бэ?

-Үүнд 20 ширхэг цэвэр усны гүний худаг, усан сан, дамжуулах шугам,  ус дулаан дамжуулах арван ширхэг шугам ажлыг хийсэн. “Буянт-Ухаа” 1,2 хорооллоос гадна ийм дайны өөр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох боломжтой.

-Нэлээд олон хорооллын цахилгаан хангамжийн ажлыг гүйцэтгэж байна. Гэвч өнөөдрийн нөхцөл байдлаас харахад цахилгаан түгээлт Монгол Улсын хэмжээнд хүрэлцэхгүй байгаа. Энэ байдлыг хэрхэн шийдэж байгаа бол?

-Холбогдох яам, тамгын газрууд Улаанбаатар хотыг холбох 110 гольцой шугамуудыг  нийслэл, Эрчим хүчний яам хамтран хэрэгжүүлж байгаа. Ямар ч байсан үе шаттайгаар ажлуудыг гүйцэтгэж байна.

-Ажил хийгээд явж байхад гарсан хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Шугам сүлжээ явсан трассын хувьд 2006 онд ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан байсан. Зураг төслийг 2007 онд баталсан. Ийм зургаар бид уг ажлыг гүйцэтгэж байх үед айл өрх газар дээр нь буусан тохиолдол гарсан. Тухайн үед нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон холбогдох газруудтай зөвшилцөн тухайн бүрт нь шийдсэн. Харьцангуйгаар бидний ажлыг байгууллага, иргэд нааштай хүлээн аван газар чөлөөлөх зэрэгт хурдан тусалсан.

Цэвэр, бохир шугамын хувьд БНХАУ-ын улсын үйлдвэрийн стандартыг хангасан газруудаас бараа материалыг нийлүүлсэн

-Инженерийн шугам сүлжээний бараа материалын хувьд хэр чанартай вэ?

-Ер нь бол бараа материалын хувд хаанахыг ч байж болно. Хамгийн гол нь олон улсын стандартын шаардлагыг хангасан тоног төхөөрөмжөөр хийлгэж байгаа. Цэвэр, бохир шугамын хувьд БНХАУ-ын улсын үйлдвэрийн стандартыг хангасан газруудаас бараа материалыг нийлүүлсэн. Цахилгаан тоног төхөөрөмжийн хувьд чанарын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Шугам сүлжээний тоног төхөөрөмжийн хувьд нэг улс дагнан хийдэггүй.

тоног төхөөрөмж 15-20 жил найдвартай ажиллана

-Тэгвэл баталгаат хугацааны хувьд?

-Шугам хоолойны хувьд үйлдвэрлэгчид ямар баталгаа өгдөг вэ гэхлээр. Горим ажиллагаа чигд сайн, засвар үйлчилгээг тухайн цаг үед нь хийгээд явах юм бол тоног төхөөрөмж 15-20 жил найдвартай ажиллана гэдэг. Дэлхий нийтэд үйлдвэрлэл хурцтай хөгжиж байна. Магадгүй бидний тавьсан тоноглолын дараагийн загвар 15-20 жилийн дараа гараад ирчихнэ. Иймд технологийн хувьд хуучраад ирэх магадлалтай.

-Энэ өвлийн улиралд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-2014-2015 онд хийх зураг төсөл, судалгааны ажлаа гүйцэтгэнэ. Одоо бол дөрвөн ажлаас нэг ажлыг гүйцэтгэж байна. Үлдсэн гурван ажлыг Улсын комисст хүлээлгэн өгөх ажил үлдсэн. “Ирээдүй” цогцолборын бохир усны ажлыг хийгээд дууссан. Ирэх жил тус цогцолборын цэвэр усны шугам татах, Радио телевизийн орчимд ус, дулаан дамжуулах төв, Шинэ яармаг хорооллын цэвэр, бохир ус, цахилгаан хамгамжийн ажлыг гүйцэтгэх юм. “Буянт-Ухаа” хороололд хоногт 20 мянган куб бохир ус цэвэрлэх байгууламж барихаар зураг төслийн ажил хийж байна. Эдгээр инженерийн шугам сүлжээний ажлууд Чингис бондын хөрөнгөөр хийгдэж байгаа бөгөөд Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжиж байгаа юм.

“Буянт-Ухаа” хороололд хоногт 20 мянган куб бохир ус цэвэрлэх байгууламж барихаар зураг төслийн ажил хийж байна.