m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.20 02:19
93
Хамес Родригес: Уругвайн хаалганд хийсэн гоолынхоо бичлэгийг бараг 20 удаа үзсэн

Колумбын шигшээ 1998 оны ДАШТ-д оролцсоноос хойш чилийсэн 16 жилийг үдсэний эцэст Бразилийн ногоон талбайд дахин өрсөлдөх эрхээ авсан. Залуухан, эрч хүчтэй энэ баг зүгээр ч нэг оролцоод өнгөрсөнгүй, шөвгийн найм хүртэл явж, амаргүй өрсөлдөгч гэдгээ харуулсан билээ. Колумбчуудын энэ амжилтад Хамес Родригес хэмээх залуу довтлогчийн үүрэг их байлаа. “Өмнөд Америкийн Криштиану Роналду” хочоороо хөлбөмбөгийн ертөнцөд танил болсон тэрбээр ДАШТ-ий урьдчилсан шатанд анх шигшээдээ дуудагдсан байдаг. Дасгалжуулагч энэ үед түүнд нэр хүнд бүхий “10” дугаарыг өгсөн нь залуу тоглогчид ямар их итгэл хүлээлгэж байсныг гэрчлэх байх. Энэ хүндлэлийг Родригес нэр төртэй дааж, ДАШТ-д гялалзтал тоглосон билээ. Тэрбээр тэмцээний турш зургаан гоол оруулж, мэргэн буучаар тодорсон бол шигшээ баг нь оргил амжилтаа үзүүлж, шилдэг найман багийн нэг болсон юм. ДАШТ-ий гол баатар, колумб түмний бахархал, Мадридын “Реал” багийн залуу од Хамес Родригесийн нэгэн ярилцлагыг хүргэе.

-Хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ тэмцээнээс ямар дурсамж тээж үлдсэн бэ?

-Үнэхээр гайхалтай тэмцээн болсон. Колумбын шигшээ багийг шөвгийн наймд хүрэхэд тусалсандаа баяртай байгаа. Уг нь бид үүнээс ч том амжилтыг мөрөөдөж байсан. Гэвч Бразилийн шигшээ бидний мөрөөдлийг төгсгөл болгосон доо. Бразилд гайхалтай сайн хөлбөмбөгч олон байсан.

-Та тэмцээний турш зургаан гоол оруулж, мэргэн буучаар тодорсон. Эдгээрээс аль нь илүү дурсгалтай вэ?

-Би бүх л гоолондоо хайртай. Учир нь манай баг ялалт байгуулахад оруулсан гоол бүхэн чухал ач холбогдолтой байлаа. Том тэмцээнд оруулсан гоол бүр онцгой байдаг.

-FIFA.com уншигчдынхаа дунд санал асуулга явуулахад таны Уругвайн хаалганд хийсэн гоол ДАШТ-ий шилдгээр шалгарсан. Гоолынхоо бичлэгийг хэдэн удаа үзсэн бэ?

-Бараг 20 удаа байх аа (инээв). Би Японы багийн хаалганд үүнтэй төстэй гоол оруулж байсан. Иймэрхүү гоол ур чадвар шаардахаас гадна бага зэрэг аз хэрэгтэй байдаг юм. Үнэхээр сайхан гоол байсан шүү.

-Багийнхаа ихэнх гоолыг хийдэг Радамель Фалькао гэмтлийн улмаас тэмцээнийг өнжсөн. Ингэснээр таны довтолгоонд оролцох үүрэг улам нэмэгдсэн байх?

-Багт хэрэгтэй олон чухал гоолыг тэр оруулж, бидэнд тус болсоор ирсэн. Түүнийг маш их үгүйлж байлаа. Харин тэмцээний үеэр түүнд зориулан гоол хийхийг би их хичээсэн.

-Бразилтай хийсэн тоглолтын дараа Давид Луис тан дээр ирж, юм ярьж байгаа харагдсан. Юу гэж хэлсэн юм бэ?

-Би хагас шигшээ, цаашлаад шигшээ тоглолтыг мөрөөдөж байсан болохоор сэтгэлээр их унасан. Тухайн үед тэр намайг тайвшруулж, сэтгэл санаагаар дэмжихийг хичээсэн юм. Би тэр мөчийг хэзээ ч мартахгүй ээ.

-Бразилчууд дараагийн даваанд Германд 7:1-ээр хожигдоход ямар бодол төрөв?

-Энэ чинь хөлбөмбөг шүү дээ. Өдөр бүр л санаанд оромгүй явдал тохиолдоно.

-Германчууд алтан цомыг хүртэх гавьяатай гэж бодож байна уу?

-Тэд энэ алдрыг хүртэх бүрэн эрхтэй. Сүүлийн дөрвөн ДАШТ дараалан хагас шигшээд тоглосон баг шүү дээ. Ийм амжилтыг хүссэн бүхэн үзүүлээд байж чаддаггүй.

-Колумбын шигшээ 1998 онд хамгийн сүүлийн ДАШТ-дээ орох үед та дөнгөж зургаатай байж. Тэр тэмцээний талаар ямар нэг зүйл санадаг уу?

-Маш багаханыг. Тэр үеэс хойш урт хугацаа өнгөрсөн болохоор бүх л колумбчууд Бразилд болох ДАШТ-д оролцохыг хүсч байлаа. Энэ зорилгодоо ч хүрч чадсан.

-Колумбын шигшээ тэмцээнээс хасагдсаны дараа Германы Томас Мюллер, Аргентиний Лионель Месси нар мэргэн буучаар тодрох боломжтой болсон. Энэ үед юу бодогдож байв?

-Энэ талаар аль болох бодохгүй байхыг хичээж байв. Гэхдээ л “Алтан пүүз” шагнал авахыг маш их хүссэн. Энэ шагналыг хүртэх нь миний мөрөөдөл байлаа.

-“Алтан пүүз”-ээ хаана хадгалж байгаа вэ?

-Өдөр бүр харж байхын тулд гэртээ аваачсан. Миний амьдралын нэгэн сайхан дурсамж бол энэ шагнал.

Хамес Родригес: Том тэмцээнд оруулсан гоол бүхэн онцгой байдаг