m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.21 00:18
173
Энэ сарын 22-31-ний хооронд өдөрт 500 төгрөг төлөөд нийтийн тээвэрт хэдэн удаа ч зорчиж болно

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс энэ баасан гаригаас эхлэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Энэ ажилд нийслэлийн нөөц хөрөнгөөс 1 тэрбум 300 сая төгрөгийг гаргаж байгаа юм байна. Гэвч энэхүү арга хэмжээг авахад нэг тэрбум төгрөгний алдагдал хүлээж байгаа аж.

Энэхүү захирамжтай холбогдуулан нэгэн шинэ арга хэмжээ авах гэж буй талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийлээ.

Арван хоног автомашины тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарласан ч тав тухтай, түргэн шуурхай нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй байдаг гэх гомдол иргэдийн зүгээс их гардаг аж.  Тиймээс энэхүү захирамжтай зэрэгцүүлж нийтийн тээврийн үйл ажиллагааг арай өөр хэлбэрээр явуулах болсныг Нийслэлийн засаг дарга, хотын захирагч Э.Бат-Үүл хэлсэн юм.

Тодруулбал, энэ сарын 22-ноос 31-ний хооронд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх бөгөөд энэ хугацаанд иргэд 500 төгрөгөөр тасалбар худалдан аваад тухайн өдрөө нийтийн тээвэрт хэдэн ч удаа үйлчлүүлэх боломжийг олгож байгаа аж. Энэ нь таксинаас бусад бүхий л тээврийн хэрэгсэлд буюу автобус, асио, микроавтобус, рэйлбус, троллейбуст хамаарагдах юм. Ингэхдээ арван өөр өнгийн тасалбарыг борлуулах бөгөөд сонгосон өнгийн тасалбар тухайн өдрөө хүчинтэй байх гэнэ.

Зорчих тасалбарыг Улаанбаатар хотын бүх автобусны зогсоолуудаар худалдаалах бөгөөд билет борлуулах ажилтнаас билет аваагүй нийтийн тээврийн автобус болон "Рейлбус"-д гаднаас зорчих тасалбар аваагүй  иргэнд дахин дамжин  зорчих хүчингүй  тасалбарыг 500 төгрөгөөр олгогдоно. 

Мөн нийтийн тээврийн хэрэгслүүдийн үйлчилгээ хоорондын зай богино байх аж. Жишээ нь,

  • Баруунаас зүүн буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэл 80 автобус хоёр минутын зайтай,
  • Хойноосоо урд чиглэлд буюу Сэлбийн амнаас Зайсан хүртэл 40 автобус гурван минутын зайтай,
  • Чингэлтэйгээс ТЭЦ-3 хүртэл 30 автобус долоон минутын зайтай,
  • Нисэхээс Дүнжингарав хүртэл 20 автобус найман минутын зайтай гэх мэт явах аж.

Жишээ: Та Шар хад болон тэр хавьцаа амьдардаг бол танд хойгуураа буюу хуучин “М:34 3,4-р хороолол-Шар хадны эмнэлэг”  чиглэл тань “Ч:3 1-р хороолол-3-4-р хороолол-Шархад” болон өөрчлөгдсөн болно. Харин урдуураа буюу хуучнаар “М:13 Шар хад-3,4-р хороолол” чиглэл тань “Ч:33 Шар хад-ХӨСҮТ” болон өөрчлөгдлөө.

Энэ ажилд нийслэлийн нөөц хөрөнгөөс 1 тэрбум 300 сая төгрөгийг гаргаж байгаа юм байна. Гэвч энэхүү арга хэмжээг авахад нэг тэрбум төгрөгний алдагдал хүлээж байгаа аж. Учир нь нийтийн тээврийн хэрэгсэл нэг хүнтэй ч бай, хүнгүй ч байсан яг цагаар явах учир алдагдал хүлээх гэнэ.

Он гарсаар 36800 машин шинэ дугаартай болж авто замын хөдөлгөөнд мөн тооны машин нэмэгджээ. Мөн хөдөө орон нутаг хот хоорондыг холбох засмал замтай болсноос хойш хот руу чиглэх орон нутгийн тээврийн хэрэгслийн тоо 2-3 дахин өссөн байна.