m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.21 05:33
120
Шилжин суурьших хөдөлгөөнийг хороо бүртгэнэ

Сүхбаатар дүүргийн 1-12 дугаар хороог иргэний улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай холбосон талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл иргэд хорооноосоо гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт сэргээсний бүртгэл, шүүхийн журмаар гэрлэлт цуцалсны бүртгэл, төрсний гэрчилгээний дахин олголт, гэрлэлтийн баталгааны дахин олголт зэрэг бүртгэлийн үйлчилгээ авдаг болоод гурван сар болж байна. 

Энэ хугацаанд дээрх хороодын улсын бүртгэгч нар нийт 21 хосын гэрлэлтийг бүртгэсэн ба шүүхийн журмаар гэрлэлт цуцлуулсан гурван иргэний бүртгэлийг тус тус хөтөлсөн бөгөөд 110 иргэнд төрсний гэрчилгээг дахин олгож нийт 136 иргэнд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлжээ.

Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхээр төрийн үйлчилгээний автомат машин ТҮЦ машинд иргэд иргэний үнэмлэхээ захиалах болсноор дүүргийн хэмжээнд 126 иргэн ТҮЦ машинд захиалга өгч иргэний үнэмлэхийг эзэнд нь олгожээ. Мөн аймгаас нийслэлд, нийслэлээс аймаг руу шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлэн хорооны улсын бүртгэгч нар хөтлөх болсон байна. Иймд Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт хандахгүйгээр харъяа дүүргийн хорооны улсын бүртгэгчид хандаж шилжин ирсэн, явсан бүртгэлийг хийлгэх болсноор иргэдэд төрийн үйлчилгээ илүү ойртож байгаа юм.