m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.21 06:00
44
Цуврал-20 Дайны хүнд жилүүд онц ноцтой хэрэг гарахад нөлөөлсөн нь

 

Нийслэл хүрээнд 1940-1942 онд онц ноцтой хэрэг удаа дараа гарч, илрүүлэхэд хүндрэл учирч цагдаагийн байгууллагыг сандаргаж байв. 1942 оны тэр нэгэн үдэш цагдаагийн газарт Паньджунай гэх хүний эхнэрийг онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл ирэв. Хэргийн газар цагдаагийнхан ирж үзлэг хийх ажлаа эхлэв. Үүрэг авч ажиллаж буй мөрдөн байцаагч нөхөр Паньджунайгийн ханцуй цустай байхыг хараад сэжиглэж эхлэв. Тэрбээр аймшигт хэргийн гэрч болж буйдаа их сандран байн байн босон суух нь мөрдөн байцаагчийн анхаарлыг бүр ч их татав. Гэмт хэрэгтэн хөөрхий бүсгүй Должингийн аманд нь алчуур чихэн хоолойг нь хэрчээд, гэдсийг нь хүүлж орхижээ. Түүүгээр зогсохгүй нугасалж, нурууг нь хугалах шахсан байв. Панвджунайгийнх бэлтэй айл аж. Алт мөнгөн эдлэл, үнэд зүйлс гээд олон зүйл алдагдсанаас үүдэн санаатайгаар, өс хонзон авах гэж үйлдсэн байж болох тул мөрдөн байцаах ажлаа эхлэв. Хэргийн газраас гэмт хэрэгтний талаар бодитой баримт, ул мөр олдоогүй болохоор сэжигтэй байсан нөхөр Паньджунайг байцаав.

-Та яагаад тэр өдөр гэртээ орой ирсэн юм бэ?

-Зүүн дамнуурчны дэлгүүр ороод.

-Яах гэж?

-Наймаа ярилцсан.

-Хоёр цаг гаруй юу. Битгий худал хэл. Та ажлаа тараад шууд ирсэн биз дээ?

-Үгүй үгүй. Би хоёр цагийн дараа ирсэн.

-Тэгээд яагаад ханцуй чинь цус болсон юм бэ?

-Гэртээ иртэл харанхуй байсан. Эхнэрээ ойр хавийн айлд орсон байж болзошгүй гээд лаа асаахаар шүдэнз хайсан ч хөлөнд нэг нялцгай зүйл зүйл байхыг мэдрээд хөлөөрөө өшиглөж холдуулаад шүдэнз хайсаар асаатал аймшигт зүйл харагдсан. Ингээд би сандарч хүнд хэлэхээр гүйсэн. Манай эхнэр бид хоёр эв түнжинтэй, муудддаггүй. Эхнэр маань гоёж гоодох дуртай ч би уурладаггүй.

-Та яагаад цагдаад хэлээгүй хамаатных руугаа гүйсэн юм бэ?

-Тухайн үед сандраад хэнд, хаана хэлдгийг ухаарах сөхөөгүй байсан. Тиймээс хамаатандаа дуулгахаар явсан. Ах нь эхнэрээ хөнөөх хүн биш хэмээн айн сандарч байв. Үүнийг анзаарсан мөрдөн байцаагч нэг зүйлд эргэлзэж байв. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө ажлаа тараад шууд ирсэн үү гэх асуултад тээнэгэлзэн, бодож хариулаад байсан юм. Ингээд түүнийг саатуулан шалгах шийдвэр гаргав.

Тухайн жилүүдэд өртөөчнийг хөнөөн эд зүйлийг нь дээрэмдсэн, 81 настай эмээг онц хэрцгий аргаар хөнөөн эд зүйлийг авсан гээд онц ноцтой хэргүүд шил шилээ даран гарсаар байв. Гэтэл нэгэн гэр бүлийн хүн болох Цэнд-Аюуш, Төмөрбаатар  нарыг Должинг хөнөөсөнтэй адил аргаар цааш харуулж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг бас гарах нь тэр. Алуурчинг хайх ажлаа сая гарсан хэрэгтэй холбох ёстойг гадарласан цагдаагийнхан ажлаа эхлэв. Хэргийн материалтай танилцан анзаараад байхад Должин , гэр бүлийн хоёрыг хөнөөсөн хэргийг нэг хүн үйлдсэн байх магадлалтай байв. Шаардлагатай мэдээлэл, сэжүүр бүрийг мухарлан явтал Хүрээний хүүхэн Норжин гэгчид  их хэмжэнэний торго дурдан, мөнгөн эдлэл өгсөн гэх мэдээлэл олов. Энэ их зүйлийг хаанаас олов, хэнийх вэ гэсэн асуултыг мухарлах үүднээс шалгаж эхлэв. Эд зүйл өгсөн Дүлзэн гэгч шоронгоос суллагдсан, хийсэн тодорхой ажилгүй нэгэн болохыг тогтоов.

Тэр өдөр ажил тараад залуухан бүсгүйтэй амраглаж байгаад ирснээ хэлэхээс ичиж мөрдөн байцаагчийн анхаарлыг татсан нь тэр байж.

Эд зүйлээ аваад Төв аймаг руу явна гэснийг Норжин хэлсэн учир мөрөөр нь түүнийг саатуулж чадлаа. Тэрбээр мөрдөн байцаагчийн баталгаатай мэдэж буй мэт өнгө аястай асуултад бүдрэн Цэнд-Аюуш, Төмөрбаатар  нарыг хөнөөснөө хүлээв. Үйлдсэн арга, хэрэглэсэн зэвсгээс харахад тэр мөн болохыг мөрдөн байцаагч мэдсэн ч өөрөөр нь хүлээлгэх нь хамгийн чухал байв. Дүлзэн шоронгоос гараад хийх ажил хайсан боловч олдоогүй гэнэ. Эртний танил Төмөрбаатартай уулзахад арилжаа наймаа хийгээд их хөлжсөн бололтой байж. Гэрт нь очиж дайлуулахдаа авдарт их хэмжээний эд зүйл, торго байхыг хараад яаж авах тухай бодол тархинаас нь салахгүй байж. Тавин төгрөг зээлсэн Төмөрбаатар тав хоногийн дараа өгөөрэй гэсэнд тэр их уур нь хүрч. Гэхдээ л сайхан сэтгэл гарган архи, хоол өгсөнд тэгсхийгээд мартахыг хичээв. Мөнгө хэрэгтэй байсан учир шоронд хамт байсан Дамбийтай тохиролцон мөнгөтэй хужааг дээрэмдэхээр шийджээ. Хэнийг вэ гэдгээ товлох боломж байхгүй хий дэмий цаг өнгөрөөсөөр орой нь Төмөрбаатарынд ирэв. Эхнэр нь цай хоол болон хөл алдав. Төмөрбаатар ч ажлаасаа ирээд баярлан угтав. Үүнд баярласан Дүлзэн дээрэмдэхээ больё гэж бодоод гарах гэтэл архи уусан Төмөрбаатар мөнгөө нэхэхэд ширээн дээр байсан хутгыг нь авч зүрхэнд хутгалж, эхнэрийг нь мөн хөнөөсөн аж.

-Чи яагаад Цэнд-Аюушийн аманд алчуур чихсэн юм бэ?

-Амь тавихдаа муухай орлоод байсан юм. Хүнд сонсгохгүй л гэж.

-Должин бас яг тэгж орилоод байсан уу гэж асуухад сандарсан Дүлзэн муухай харж , нэг ч үг дуугарсангүй.

-Чи хэргээ нуугаад нэмэргүй. Хөнөөсөн гэдэг нь баримтаар нотлогдсон гэхэд тэрбээр үнэнээ хэлж эхлэв. Ганган дэгжин Должин арван хуруундаа алт, мөнгөн эдлэл зүүж захаар явж байгааг харсан Дүлзэн гэрт нь очиж цай ууя гэхэд дургүйцсэнгүй.

Гэмт хэрэгтэн гэдгийг эс мэдэх Должин эд зүйлээсээ болж бусдын гарт ийн амь насаа алдсан болохыг цагдаагийнхан тогтоожээ. Эцсийн шатанд амь гуйсан Дүлзэнг өршөөлгүй цаазаар авсан аж. Харин Должингийн нөхөр Паньджунай яагаад асуултад хариулж чадахгүй ээрч муураад байсныг тогтооосон гэнэ. Тэрбээр хүрээний сайхан хүүхний нэг Дулмаатай янаг амрагийн холбоотой байсан аж. Тэр өдөр ажил тараад залуухан бүсгүйтэй амраглаж байгаад ирснээ хэлэхээс ичиж мөрдөн байцаагчийн анхаарлыг татсан нь тэр байж. Дайны жилүүдэд онц ноцтой гэмт хэрэг удаа дараа гарч, гэмгүй олон хүнд дайны хажуугаар дажин гэгчээр зовлон нэмэгдсээр байсныг цагдаагийн ахмад ажилтнууд тэмдэглэн үлдээжээ.