m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 05:41
44
Германы охид гурав дахь цомоо гардах уу

Канадад болж буй 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөх шатандаа ороод буй. Лхагва гаригт болсон хагас шигшээ тоглолтын дараа Герман, Нигерийн гэзэгтэй хөлбөмбөгчид аваргын төлөө өрсөлдөхөөр тунан үлдсэн юм. Энэ хоёр баг дөрвөн жилийн өмнө хоорондоо аваргын цом булаалдаж байв. Тэрхүү тоглолтод немцүүд 2:0-ээр ялалт байгуулж, дэлхийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртсэн билээ.

Нигерийн охидын хувьд энэ жил хэсэгтээ Англи, Өмнөд Солонгосыг хожиж, Мексиктэй тэнцэн нэгээр гарч ирсэн. Улмаар шөвгийн наймд Шинэ Зеландыг 4:1, хагас шигшээд Хойд Солонгосыг 6:2-оор илүүрхэн хожсон билээ. Тэгвэл немц бүсгүйчүүд ч бас өнгөлөг байгаа. Тэд хэсэгтээ Америкийг 2:0-ээр хожоод дараа нь Хятадтай “алалцаж” 5:5-аар тэнцсэн. Сүүлийн тулаанд Бразилийн хүчирхэг багийг 5:1-ээр бут ниргэсэн билээ. Бразилийн томчууд нь ДАШТ-д Германд 7:1-ээр гутамшигтай хожигдсон бол охид нь бас дээрэлхүүлсэн нь энэ. Тэд дараа нь Канадыг 2:0, Францыг 2:1-ээр ялж, ДАШТ-ий финалд дөрөв дэх удаагаа шалгарсан юм.

Одоо хоёр баг ирэх ням гаригт аваргын төлөө үзэлцэх болно. Хэрэв Нигери хожвол шинэ аварга тодрох учиртай. Харин хүрэл медалийг БНАСАУ, Францын багууд булаалдахаар болжээ.  

Канадад болж буй 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын дараа Герман, Нигерийн гэзэгтэй хөлбөмбөгчид аваргын төлөө өрсөлдөхөөр тунан үлдээд байна.