m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 05:56
84
Манай хамт олон цусаа өгч иргэнийхээ үүргийг биелүүллээ

Манай улсад цусны нөөц хангалтгүй байгаагаас зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдийг цус болон цусны сийвэнгээр хангаж чадахгүйд хүрэхэд ойр байгаа энэ цаг үед “MASS.MN” сайтынхан Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сайн дураараа цусаа өглөө.

Манай хамт олон цусаа өгч иргэнийхээ үүргийг биелүүллээ

 

“MASS.MN” сайтын сэтгүүлчид цус бэлэглэх арга хэмжээнд идэвхитэй оролцсон юм. Манайхан цусаа өгөх гэж сэтгэл, цаг гарган ирсэн боловч тодорхой шалтгаанаар зарим нэг нь эмчийн зөвлөсөнөөр хасагдсан.

 Х.Оюунсүрэн (MASS.MN сайтын Ерөнхий редактор)


-Манай хамт олон цусны хомсдолд орж болзошгүй байгааг мэдээд цусаа өгөхөөр шийдсэн. Сэтгүүлч бидний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг учир бид хамт олноороо ийм арга хэмжээ зохион байгууллаа.

Бидний өгсөн цус үхэл амьдралын заагт буй хүмүүсийг амийг аварч, буян болно гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүлчид болон бусад бүх хүмүүсийг цусаа өгөхийг манай хамт олон уриалж байна.

 

 

 

Нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амийг аврах боломжтой байдаг талаар эмч нар ярьж байв. Түүнээс гадна  манай улсын хэмжээнд III, IV бүлгийн цус нөөцгүй байгаа аж. Цус өгсөн хүмүүс дунд дутагдалтай байгаа бүлгийн цустай хүн цөөнгүй байсан юм. Нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амийг аврах боломжтой.

MASS.MN сайтын “Улс төр эдийн засгийн алба”-ны сэтгүүлч Н.Азжаргал  цус, цусан бүтээгдэхүүний донор бөгөөд 2012 оноос хойш сайн дураараа нийт зургаан удаа өгсөн гэнэ. 

 

 

 

Биднийг цусаа өгч байх үеэр жүжигчин Б.Батзаяа цусаа өгч байхтай таарсан юм.

Тэрээр “Миний хувьд анх удаагаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ирч цусаа өгч байна. Английн хөлбөмбөгийн “Челси” клубийн Монгол дахь дэмжигчдийн клубийн залуус өнөөдөр нэгдэн  цусаа өгч донор боллоо.

Тус төвийн үүдээр орж ирэхэд л олон сайхан үгстэй сэтгэгдлийг уншаад өөрийн эрхгүй огшиж байлаа. Магадгүй хэзээ нэгэн цагт миний цус хэн нэгэн хүний амь насыг аварна гэж бодох сайхан байна. Залуучуудаа цусаа өгч иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна" гэв.

Цусны донор нь 24-48 цагийн дотор согтууруулах ундаа хэрэглээгүй, сүүлийн  зургаан сарын дотор шивээс хийлгээгүй, жирэмсэн болоод хөхүүл биш, шар өвчнөөр өвдөж байгаагүй байх шаардлагатай байдаг аж. Донор цусаа хоёр сар тутамд, сийвэнгээ 14 хоног тутамд өгч болдог гэнэ.