m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 07:18
163
Ц.Лувсандорж: Бид нэг ч удаа шантарч, харийн түрэмгийлэгчдээс айж байгаагүй

Халх голын 75 жилийн ойд зориулав.

Энэ жил Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн баяр тохиож буй билээ. Уг түүхт ойн баярыг угтан "Mass.mn" сайтын хамт олон дайнд оролцож явсан ахмад дайчидтай уулзаж дайны хүнд хэцүү үеийн байдал, ялалт ямар их үнээр олдсон тэрхүү цаг үеийн талаар ярилцаж байгаа. Бид энэ удаагийн дугаарт 1941-1943 оны Халх голын Хулд уулын заставын дарга, 1943-1951 онд Баруун хязгаарт Ховдын отрядын даргын алба хашиж байсан ахмад дайчин Ц.Лувсандорж гуайг урьж оролцууллаа.

- Сайн байна уу. Дайн болохоос өмнө та хаана амьдарч байсан бэ. Цэрэгт татагдсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би Сэлэнгэ аймагт төрж өссөн хүн. Бага насандаа хүрээ хийдэд шавилан суудаг байлаа. 1939 онд анх цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод ирж байсан. Дайн гэж юу байдгийг ч мэдэхгүй хүүхэд анх цэргийн албанд очиж байлаа.

-Цэргийн сургуульд суралцсан уу. Аль заставд очиж байсан бэ?

-Цэрэгт татагдаж ирсний дараа хилийн ба дотоодын цэргийн сургуульд суралцаж 1941 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Халх голын Хулд уулын 24 дүгээр заставын даргаар очсон. Хулд уул гэдэг нь Халхын голын дайны зэргэлдээ байдаг газар.

-Тухайн үеийн байдал ямар байсан бэ?

-Цагийн үеийн байдал их л хэцүү байсан даа. Түгшүүрийн бэлэн байдалд тушаал ирсэн л бол шууд тулалдаанд орох бэлтгэлтэй байсан. Тэр үед ЗХУ-ын хилийн застав биднийг удирдан ерөнхий чиглэл өгдөг байсан.

-Хил рүү хэр олон удаа халдан довтолж байсан бэ?

-Юу, юугүй халдан довтолж байсан удаа бол надад тохиолдож байгаагүй. Гэхдээ Япончууд хилийн цаанаас л буудаад байдаг байсан. Хүчтэй ширүүн мөргөлдөөн бидний хамгаалж байсан хилийн бүсэд бага гардаг байсан.

-Халх голын дайны дараа та хаана хувиарлагдсан бэ?

-1945 онд Баруун хязгаар Ховдод отрядын даргаар томилогдож очсон. Тэгэхэд маш их хэцүү түгшүүртэй цаг үе байсан. Нэг удаа хилээр 100 гаруй хүн халдан довтолж орж ирсэн. Хил рүү орж ирээд манай нутгаас мал хуй дээрэмдэж, бидний ерөнхий байдлыг тандах зорилготой орж ирсэн юм байна лээ. Харин бид тэднийг түргэн, шуурхай илрүүлж аюулгүй болгож байсан.

-ЗХУ-ын цэргүүдтэй их дотно байдаг байсан уу?

-Зөвлөлтийн заставтай хамт байхад их түшигтэй сайхан байдаг байлаа. Манай зэргэлдээх заставын дарга Миша гэдэг хүн байсан. Оросын заставынхан хилийн шөнө хилийн дотор хамгаалалтын бэлэн байдалд ажилладаг. Харин бид хил рүү дөхөж суудаг байсан. Япончууд хийн буу их хэрэглэдэг. Яг тэр үед хилийг айхтар тогтоодог байсан. Завсарт нь таван метрийн өргөнтэй дэлбэрэх бөмбөг тавьчихсан тэрэнд орж үхчих гээд их л хүндрэлтэй байдаг.

-Галын шугам дээр ямар байдаг байсан бэ?

-Хил дээр Монголын биш ЗХУ-ын цэргүүдийг илүү их хороодог байсан. Цэргүүд гарч ирээд үзэгдээд эхлэнгүүт л гал нээдэг байсан. Өндөрлөг газрыг эзэлдэг байсан учраас хил рүү  өнгийгөөд л хардаг.

-Тухайн үед эр цэрэг хүний дотны анд бол адуу байсан байх тийм үү?

-Тэгэлгүй яахав. Морьгүйгээр хил хамгаалж чадахгүй шүү дээ. Адуу гэдэг амьтан хүнд их дасдаг. Цэргийн эрдэм, морины эрдэм сайтай бол баргийн тулалдаанд шарх авахгүй дээ.

-Хилчин хүний чадварын тухай ярихгүй юу?

-Хилчин хүн гэдэг бол эх орон хаанаас эхэлж хаана дуусдагийг мэддэг хүн. Хилчдийн амь нас хутганы ирэн дээр л тогтож байдаг. Бид нэг ч удаа шантарч харийн түрэмгийлэгчдээс айж байсан удаагүй. Байнгын сонор соргог, ажигч, унтах амрах гэдэг бол хэцүү дээ. Дайсан гэдэг чинь мэргэжлийн улсууд ирдэг юм байна лээ. Тэднээс илүү чадвартай байж л дайсныг дардаг.

-Хилчид газрын чимээг их сайн чагнадаг. Ширхэг чулуу хөдөлсөн ч мэддэг мундаг хүмүүс байдаг тухай сонсож байсан?

-Тэр үед одоогийнх шиг техник хэрэгсэл гэж юу байхав.  Тэгээд байнга л газар чагнадаг. Холын чимээг тэгж л чагнана шүү дээ. Чимээ ойртвол аяндаа л мэдэгддэг юм. Газар доргих чимээ их холоос мэдэгддэг. Ямарваа нэг юм хил рүү ойртвол аяндаа л газрын чимээ тодроод ирдэг. Манай заставд газар сайн чагнадаг мундаг хилчид олон байсан даа.

-Цэргүүдийн зэр зэвсэгийн хүрэлцээ хэр зэрэг байсан бэ?

-Тэгэлгүй яахав. Би цэргүүдийнхээ буу, техник хэрэгслийг шалгаж хил рүү гаргадаг байсан. 120 ширхэг сумтай бинтоб, хорт утааны баг, тэсрэх бөмбөг, сэлэм  зэргийг авч гардаг.

-Япончууд хэр их халдан довтолдог байв?

-Яг эгзэгтэй цаг үеүдэд их халдан довтолдог байсан. Япончууд үргэлж л өндөлзөж тэр хавьдаа их гүйлдэж, хөдөлгөөн ихтэй  байдаг.

-Тэр үед бэлтгэл сургуулилт  хийх боломж хэр байдаг байсан бэ?

-Би  цэргийн эрдмийг их сонирхож шамдан суралцсан. Ялангуяа буудах урлагийн хичээлд түлхүү анхаардаг байсан. Зав л гарвал бэлтгэл сургуулилалт хийж цэргийн эрдмээ сайжруулдаг байлаа.

-Цэргийн хүнээс энэ асуултыг заавал асуух ёстой болов уу. Эх орон гэж таны бодлоор юу вэ?

-Эх орон гэдэг бол хүний алтан өлгий л байхгүй юу. Эх орныхоо чулуу бүрээс адис авч, Халх голын уснаас магнайдаа хүргэж амсдаг байлаа.

-Цэргийн албанд зүтгэж байсан энэ амьдралын туршид сэтгэлд хадаастай байдаг дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ховдын отрядад байхдаа цэргийн хоол хүнс бэлдэх зорилгоор 12 өртөө газар явсан. Нэг өртөө газар гэдэг чинь одоогийнхоор 30  орчим км гэсэн үг. Тэгээд морьтойгоо давхиж явтал хэдэн машин зөрөөд өнгөрсөн. Яарч байсан учраас машинд нь сууна гээд давхиад очлоо. Би Ж.Лхагвасүрэн жанжин танихгүй шүү дээ. Тэгтэл Ж.Лхагвасүрэн жанжин  “Та төрийн мориор хурдан давхиж байна. Та өөрийнхөө унаагаар яв. Би өөрийнхөө унаагаар явья” гэж надад хэлсэн. Тэгээд л би төв дээр давхиад очлоо. Тэгтэл намайг Лхагвасүрэн генералтай таарсан байна. Жанжин хүнтэй хамаагүй харьцсан гээд сахилгад нэг хоног суулгаж байсан даа.

 

Цэргийн жанжин Ж.Лхагвасүрэн

-Залуу хойч үедээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Залуучууд та бүхэнд эх орноос чинь илүү үнэтэй зүйл гэж байхгүй. Эр хүн бүр цэрэгт явж тэр албанд дурлаасай гэж хүсэж байна. Цэргийн хүн гэдэг их ёс жудагтай, эр зоригтой, эх орноо хайрлах түүний төлөө цохилох зүрхтэй байж чаддаг. Цэрэг гэдэг бол хүн шиг хүн болон төлөвшүүлэх хамгийн шилдэг арга гэдгийг ухаарах хэрэгтэй.

Шагнагдаж байсан шагналууд:

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Байлдааны гавъяаны улаан тугийн одон

Байлдааны медаль

Онц хилчин

Алтангадас одон

Онц буудагч

Алтангадас одон

Хүндэт төмөр замчин

Жуковын медаль

Бусад ойн медалиуд