m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 07:29
215
Анастасия Цэдэнбал: “Би монгол хүн шүү” гэж омогшсондоо аз жаргалтай байна

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны ач охин Анастасия Цэдэнбал манай улсад ирээд байгаа билээ. Бид түүнийг буцахаас  нь өмнө “Масс зочин”-доо урьж ярилцлаа.

-Сайн байна уу, сайн явж байна уу?

-Сайн, сайн байна уу. Сайн явж байна.

-Та энэ удаагийн айлчлалаа эртнээс төлөвлөсөн үү?

-Энэ айлчлал  гэнэтийнх байсан. Хоёрхон долоон хоногийн дотор хөтөлбөрөө гаргасан. Богино хугацаанд очихыг хүссэн газартаа амжиж очсондоо их баяртай байна. Хэдийгээр асуудал их байсан ч уулзахыг зорьсон хүмүүстэйгээ уулзаж чадлаа. Тиймээс зохион байгуулсан бүх хүмүүст баярлалаа. Сүүлийн хэдэн өдөр их ажил амжууллаа. "Цэдэнбал академи", "Цэдэнбал сан" гээд өвөөгийн минь ажил үйлсийг мэддэг, холбоотой байгууллагын журмаар ирсэн. Академийн үйл ажиллагаатай танилцах зорилготой байсан юм. Би эртнээс тэдний үйл ажиллагааг их сонирхсоор ирсэн. Өмнө нь надад ямар ч мэдээлэл байгаагүй. Тиймээс академи ямар үйл ажиллагаа явуулдаг талаар судалж, миний оруулж болох хувь нэмрийн талаар сонирхон, цаашдаа хэрхэн хамтарч болохыг ойлгосон. Тиймээс би өөрийнхөө хувь нэмрийг оруулж чадна гэж бодож байна.

-Та 2005 онд Монголд ирж байсан?

-Тиймээ би тод санаж байна.

-Энэ хугацаанд Монгол хэр өөрчлөгдсөн байна бэ?

-Улаанбаатар  их өөрчлөгдсөн байна. Монгол танигдахааргүй болж. Европын нэг оронд ирсэн юм шиг л сэтгэгдэл төрсөн шүү. Үүнийг тодорхойлох өндөр барилгууд болон дээд зэрэглэлийн ресторан бизнес төвүүд, зочид буудал гээд хүнд хэрэгтэй бүх зүйлс энд байна. Жуулчдын зорьж ирдэг малчны амьдрал мэдрэгдэхээ больсон байна. Хөдөө явж байж л мэдрэх нь. Улаанбаатар европжсон хот болжээ. Хөгжиж байгааг нь харах сайхан байна.

-Таныг анх ирснээс хойш есөн жил өнгөрч. Таны амьдралд хэр өөрчлөлт оров?

-Би их сургуулиа дүүргээд ирлээ.

-Та ямар сургууль төгссөн  бэ. Ямар мэргэжил эзэмшив?

-Москвагийн их сургуулийг Ази, Африкийн сургуулийг дорно дахины судлаачаар төгссөн. Дорнын орнуудын түүх, соёл судлаач мэргэжилтэй. Зөвхөн түүх судлаад зогсохгүй улс төр гэх мэт өргөн хүрээг хамарсан мэргэжил юм. Түүнчлэн би зургаан жилийн туршид аялал жуулчлалын салбарт ажилласаар ирсэн. Надад их таалагдаж байгаа. Их сургуульд зөвхөн онол судалдаг бол ажилд практик дадлага олж авч байгаа нь их сонирхолтой. Тийм учраас мэргэжлийнхээ дагуу ажиллаж, түншүүдтэйгээ өдөр тутам харилцахад мэргэжлээ зөв сонгосноо мэдэрдэг. Мэдээж Монголтой ойр байх хүсэл минь ийм мэргэжил сонгоход нөлөөлсөн. Би хоёр орны аялал жуулчлалын салбарын хөгжил хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Мэдээж визний асуудал, хоёр орны хооронд зорчиход өртөг өндөр, үйлчилгээ үнэтэй гээд олон асуудал бий.

-Та сая өвөөгийнхөө төрсөн нутгаар яваад ирлээ. Их зүйл амжуулав уу?

"Монголтой ойр байх хүсэл минь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн" Ансатасия Цэдэнбал

-Би саяхан Увс аймаг ороод ирсэн. Тэнд хичнээн олон зүйл хийж болохыг ойлгосон. Миний бодлоор аль ч аймагт аялал жуулчлал хөгжих боломжтой. Тэнд үнэхээр аялал жуулчлалд тохирсон гайхалтай байгаль болон бусад  нөхцөл бүрдсэн байгааг үзлээ. Миний бодож байснаас ч илүү сайхан юм. Цаашид ч энэ салбарт үргэлжлүүлэн ажиллахыг бодож байна.

Аялал жуулчлалын салбарт ажиллах хугацаандаа би олон орноор тэр дундаа Монгол орноор жуулчин авч явдаг байсан. Би ер нь Азийн орнуудад дуртай. Энэ мэргэжил сонгосныхоо дүнд дэлхийн түүх соёлыг  хооронд нь харьцуулан судлах нь жинхэнэ үнэнийг мэдэж болохыг мэдэрсэн юм. Би дэлхийн олон оронд очиж үзсэн. Энэ нь надад дэлхийн түүхийг илүү гүнзгий ойлгоход нөлөөлсөн.

Увс аймгийн Хяргас нууранд очиж үзсэн. Мөн Хэцүү хадны жуулчны баазад хоносон юм. Өвөөгийн минь нутаг үнэхээр гайхалтай байгальтай юм билээ. Энэ үеэр бид Наранбулаг сумын Засаг даргатай уулзсан. Би ууланд авирах их дуртай. Тэгээд тэндхийн уул хадаар авирч үзсэн. Иймээс энэ төрлийн аяллыг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Аялал жуулчлалын салбар бол улсын эдийн засагт ямар ч хохирол учруулалгүйгээр том хувь нэмэр оруулдаг салбар гэж би боддог.

Харин энэ удаа  өвөөгийнхөө төрсөн нутгийн гүн рүү шумбасан мэт санагдаж байна.  

-Та дараа дахиж хэзээ ирэх бодолтой байгаа бэ?

-Ойрын үед ирнэ гэж найдаж байна. Тодорхой хугацаа хэлж мэдэхгүй байна.

-Таны тухай Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр их бичиж байна. Та монголоор уншиж чаддаг уу. Монгол хэл ойлгох уу?

-Зарим нэг үгийг ойлгоно. Ер нь бол утгыг сайн ойлгоно шүү.

Одоогоос есөн жилийн өмнө би Монголд ирж байсан. Ирэх болсон учир шалтгаан их сонин. “Масс эженси” группийн Ерөнхий захирал Ц.Энхбат Итар-Тасс агентлагийн сэтгүүлч И.Шинкарев гэдэг хүний бичсэн "Эрх мэдэл ба эмгэнэл" гэдэг номыг уншсан юм билээ. Манай өвөөгийн тухай баримтат энэ номонд тэр хүн миний тухай дурссан. Ц.Энхбат захирал уншаад надтай уулзах хүсэлт гаргаснаар бид Москвад уулзсан. Монголд очихыг их хүсч буйг минь дуулаад "Air trans" компанийн захирал н.Чулуунхүү гэдэг хүнтэй холбоо барьж тэр хүн зөвшөөрснөөр ТВ-9” телевизийн урилгаар ирж байлаа. Би түүнд их баярлаж явдаг. Ц.Энхбат захирлын ачаар би Монгол оронтойгоо танилцсан гэж боддог. Анхны айлчлалын үеэр Монголтой гүнзгий танилцах боломж байгаагүй. Харин энэ удаа  өвөөгийнхөө төрсөн нутгийн гүн рүү шумбасан мэт санагдаж байна.  

Анх Улаанбаатар, Хархоринд очоод наадам үзээд л явсан. Түүнчлэн Их тэнгэрт болсон ёслолын хүлээн авалтад оролцсон юм. Маш их хүнтэй байсан шүү.

Бүх зүйл бодож байснаас минь ч илүү сайхан байсан.

Би БНХАУ-ын  даргыг хүлээж авах ёслолыг үзсэн. Энэ айлчлалын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч ирнэ.  Энэ нь Монгол дэлхийд танигдахад ойртсоныг харуулж буй хэрэг.

-Та өвөөгийнхөө төрсөн нутгаар аялаж, эмээгийнхээ үүсгэн байгуулсан  “Найрамдал” төвд зочилсон. Таньд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Би эмээ, өвөөтэй минь холбоотой олон газраар очиж үзсэн. Энэ удаагийн айлчлалаар би эмээ, өвөөгийнхөө Монгол Улсад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, хийсэн ажлын ач холбогдлыг илүү ухаарч, ойлгосон. Бүх зүйл миний бодож байснаас ч илүү сайхан байсан. Төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд энгийн иргэд гээд олон хүнтэй уулзсан юм.   

-Энэ удаагийн аяллын зорилго юу байсан бэ?

-Хамгийн чухал зорилго нь өвөөгийн төрсөн нутаг болох Увс аймагт зочилох байсан. Түүнчлэн энэ аялал бол сэтгэлийн дуудлага байсан гэж хэлж болно. Мэдээж хэрэг би мэргэжлийнхээ дагуу байгалийн үзэсгэлэн  гээд бүхий л зүйлийг тэмдэглэж авч цаашдын ажилдаа тусгах болно.

Өөрийн удам судар, үндэс угсаатайгаа ойртож би монгол хүн гэх энэ сэтгэлийг бүрэн мэдэрч чадаж байгаадаа баяртай байна

-Манай MASS.mn сайтаар дамжуулан Монголын ард түмэнд зориулж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Танай сайтаар дамжуулан Монголын ард түмэнд аз жаргал хүсье. Миний төрсөн нутаг, Монголын ард түмэн маань дотоод аз жаргалыг мэдрээсэй гэж хүсэж байна. Би хувьдаа аяллынхаа туршид аз жаргалтай мэдрэмжийг мэдэрсэн, үүнийг үгээр илэрхийлэх аргагүй. Би үнэхээр их аз жаргалтай байгаагаа мэдэрч байна. Өөрийн удам судар, үндэс угсаатайгаа ойртож би монгол хүн гэх энэ сэтгэлийг бүрэн мэдэрч чадаж байгаадаа баяртай байна. Тийм учраас хүн бүр монгол хүн болж төрсөндөө бахдаж, аз жаргалыг мэдрээсэй гэж хүсэж байна. Энэ мэдрэмжээр амьдарч улсдаа өөрийн хувь нэмрээ оруулж, ямар нэгэн сайхан үйл хийгээсэй гэж хүсье.

-Чин сэтгэлээсээ ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Эх орондоо дахин дахин ирж байгаарай.

-Үнэхээр их баярлалаа.