m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:48
86
Р.Бурмаа: Бүлгийн шийдвэрээс зөрлөө гэж байгаа бол уучлаарай

УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа. Тэрээр сайд нарын “давхар дээл”-ийг тайлах хугацааг 2016 он биш 2014 гэсэнд санал өгсөн, намынхаа эсэргүү дөрвөн гишүүний нэг нь байлаа.

-“Давхар дээл” тайлах хугацааг 2014 оноос гэдэгт та санал нэгдлээ. Намынхаа олонхиор байгуулсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдгаас ийм сонголт хийв үү?

- УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж ажиллах ёстой. Гэвч УИХ-ын гишүүд өөрсдөө Засгийн газрын гишүүд болчихоор өнөөх УИХ-ын хяналт тавих чиг үүрэг суларчихаж байгаа юм. Миний хувьд Ерөнхий сайд нь зөвхөн УИХ-ын гишүүнийг давхар хийе. Бусад нь гаднаас байя гэдэгтэй анхнаасаа санал нэг байгаагүй. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд ч гэсэн үүнийгээ хэлж байсан. 50:50 хувиар байлгая гэж. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй байлгахын тулд нэлэнхүйд нь гаднаас оруулах нь оновчгүй гэж.  Гэвч тэр санал маань дэмжигдээгүй. Харин өнгөрсөн пүрэв гаригт санал хураах явцад чиг үүргийн яамдын сайд УИХ-ын гишүүн байж болно гэсэн санал гарахад нь дэмжсэн маань тэр.  Чиг үүргийн сайд нар нь УИХ-ын гишүүнийн албаа давхар хаших юм бол 2016 оныг хүлээх  шаардлага байхгүй. Харин Ерөнхий сайдаас бусад нь парламентын гаднаас байна гэсэн бол би 2016 оноос гэж санал өгөх байсан юм. Нэгдүгээрт, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах гэж. Хоёрдугаарт, энэ байдлыг дагаад олон сөрөг үр дагавар үүсч болох учраас.  Чиг үүргийн яамдын сайд нар нь давхар хашиж болно гэсэн нь хамгийн оновчтой шийдвэр. Харин бусад салбарын сайдыг хашаад явчих боловсон хүчин АН болоод “Шударга ёс” эвсэлд хангалттай байгаа. Энэ утгаараа Засгийн газраа огцруулж эвсэл өөрчлөөд байх шаардлагагүй. Ингэж УИХ болоод Засгийн газрын гишүүдээ ялгаж заагласнаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавих боломжтой болж байгаа юм. Дээрээс нь УИХ-д Засгийн газраа шахаж ажиллах боломж нь бүрдэж байна.  Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байна. Вальютын ханшийн зөрүү, ард иргэдийн худалдан авах чадвараас ямархуу байгааг харж болно. Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд хэлэхэд иргэдээс ирэх өргөдөлд ард иргэдийн амьдрал ямар байна, ямар бэрхшээл тулгарч байгаа нь мэдрэгдэж байна. Ийм байхад УИХ-ын гишүүд өөрсдөө  Засгийн газартаа тавих хяналтаа чангатгах хэрэг гарч байгаа юм. Түүнээс биш Засгийн газрынхаа оруулж ирсэн төсөл бүрийн алдаа дутагдлыг нь хэлж шүүмжлэхгүйгээр баталж, толгойг илээд байж болохгүй.  Зөвхөн хуулийн хүрээнд шахаж шаардаж, хянаж ажиллах учиртай.

-Бүлгийн шийдвэрээс зөрсөн танд намынхан чинь гомдолтой байгаа байх?

- 2016 оноос хэрэгжих ёстой гэсэн бүлгийн шийдвэрээс зөрж өгсөн нь өөрөө сайд болох гэсэн хувийн санаархал биш. Санал хураалтаас ажиглахад сайд хийж байгаа хүн хүртэл өөрөө 2014 оноос гэж байгаа нь хувийн эрх ашиг байхгүйг хэлэх байх. Ер нь хувийн эрх ашиг, бүлгийн эрх ашиг гэхээс илүү ард иргэд, улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. “Ард түмэн, улс орноо бод”  гэж  сонгогчид биднийг  сонгосон шүү дээ. Өнөөдөр намайг намын жагсаалтаар гарч ирчихээд бүлгийн шийдвэрээс зөрлөө гэж хэлэх хүн байна. Зарим нь тийм утга агуулгатай мессеж хүртэл бичсэн байна дээ.  Тэгвэл ууч­лаарай.  Үндсэн хуулиараа УИХ-ын гишүүн гэдэг нь ард түмний элч төлөөлөгч шүү дээ. Улс орны эрх ашгийг дээдэлнэ гэж тангараг өргөж УИХ-ын гишүүн болчихоод дараа нь бүлгийн эрх ашиг болоод намын эрх ашгийг дээдэлнэ гэж яваад байж болохгүй. Хоёрдугаарт, АН-ын бүлэг өөрөө шийдвэр гаргах субьект биш.  Зөвхөн зөвшилцөн ойлголцож, төсөлтэй холбоотой мэдээлэл авч үйл ажиллагаагаа уялдуулдаг болохоос биш “Байнгын хорооны тогтоол гарлаа. Үүнийг заавал дага” гэдэг албадлагын газар биш. Бүлэг дээрээ аль болох сайн, муу талаа ярьж ажиллах ёстой. Үүнийгээ ч би бүлгийнхээ хурал дээр тодорхой хэлсэн.  Ерөнхийлөгчөөс энэ хуулийн төслийг өргөн барьсан нь Засгийн газрыг үр дүнтэй ажиллахыг шаардсан сануулга. УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдаар давхар ажиллаад үр дүн муутай байна гэж үзсэний илэрхийлэл юм. Бүлгийн хурал дээр Засгийн газарт байгаа сайд нартаа ажлаа яаж идэвхжүүлэх, санаачлагатай ажиллахыг байнга сануулж байсан.

-Муу ажиллаж байна гэж үү?

-Эдийн засгийн хүндрэлээс яаж гарах уу. Хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлж болох вэ. Ард иргэдийн худалдан авах чадвар доройтлоо. Одоо яаж ажиллах уу гээд тулгамдсан асуудлыг гаргаад өгсөн байхад ажил хэрэг болгохгүй яваад байх юм. Энэ утгаараа ирэх долдугаар сараас зарим сайд  дан дээлтэй болох шийдвэр Засгийн газрыг сайн ажиллах шаардлагатай гэж УИХ-аас өгсөн сануулга гэж ойлгох хэрэгтэй. Ер нь нэг зүйлийг сэтгүүлчид та бүхэн ч гэсэн ойлгох ёстой. Та бүхэн ирэх долдугаар сар гэхэд Н.Алтанхуягийн тэргүүлж байгаа Шинэчлэлийн Засгийн газар огцрох юм шиг ойлгоод байх юм.Тийм зүйл огтхон ч байхгүй. Хуулийн хугацааг наашлуулсан нь АН болон “Шударга ёс” эвслийн Засгийн газрыг татан унагаах шийдвэр огтхон ч биш. Шинэчлэлийн Засгийн газар залгамж чанар нь үргэлжилнэ. Зөвхөн салбарын зарим сайд өөрчлөгдөх тухай асуудал байгаа юм.

-Хэрэв энэ хууль эцэслэгдэн батлагдвал Үндсэн хууль зөрчинө гэж улстөр судлаачид хэлж байна?

-Үндсэн хуульд Ерөнхий сайд УИХ-ын гишүүнээр давхар ажиллаж болно гэж заасан байгаа. Харин Засгийн газрын хэдэн сайд УИХ-ын гишүүнээр давхар ажиллаж болох вэ гэдгийг  тогтоох эрх нь УИХ-д бий. Тэр бүрэн эрхийнхээ хэмжээнд УИХ шийдвэрээ гаргалаа. УИХ зөвхөн хуульд нийцүүлэн батлах үүрэгтэй. Нэгэнт  Үндсэн хуульдаа Ерөнхий сайд нь  УИХ-ын гишүүн  байж болно гэж  заасан учраас маргаж мэтгэлцэх асуудал биш юм.

-Танай АН-ынхан өөрсдөө ардчилал ярих дуртай. Тэгвэл нам болоод бүлгийн хурал хэр ардчилалтай байх юм. Бүлгийн шийдвэрийг ягштал дага гэх шийдвэр байнга гардаг юм биш үү?

-Бүлгийн хурал дээр бид байнга мэтгэлцдэг. Асуудлыг тал талаас нь харж ярьдаг. Тухайлбал, бүлгийнхээ хурал дээр би “Итгэл үнэмшилтэй болмоор байна. Шинэчлэлийн Засгийн газарт улс орныг эдийн засгийн хүндрэлээс гаргах бодлого хэрэгтэй. Үр дүнтэй,  санаачлагатай ажиллахад туслах санал надад байна. Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэхээр юу хийх юм. Богино хугацаанд үр өгөөжтэй юу хийх вэ. Үүнийг тодорхой баримт жишээгээр хариулаач” гэж хүссэн. Хэрэв итгэл үнэмшлийг маань авч чадахгүй бол санал хураалтад оролцохгүй. Дээрээс нь бүлгийн шийдвэрийг дагахгүй” гэдгээ мэдэгдэж байсан юм шүү. Ер нь асуудлыг олон талаас яриад бүлгийн шийдвэрээр  дагах бол өөр хэрэг. Өнөөдөр улс орны одоогийн нөхцөл байдалд үндэслээд УИХ нь Засгийн газраа шахаж шаардаж, хянаж ажиллах шаардлага нэн тулгарч байна. Засгийн газар нь ч гэсэн дан, давхар дээл яриад суулгүйгээр гүйцэтгэх ажилдаа түлхүү анхаарч ажиллах шаардлагатай. Ингэснээр эдийн засгийн хүндрэл, ард түмний аж амьдралд тулгарч буй олон асуудлыг шийдэх боломжтой.

-Та Шинэчлэлийн Засгийн газрын хоёр жилийн ажилд ямар дүн тавих вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын хийх ажил тодорхойгүй байна. Ойрын хугацаанд юу шийдэх вэ. Хэтдээ юуг шийдэж гаргах вэ гэдэг дүр зураг нь тод гарч ирэхгүй байна. Зөвхөн өнөө, маргаашийн асуудлыг ярьсан,  аргалсан маягтай.  Дээрээс нь УИХ-д оруулж ирүүлж байгаа бичиг баримтын боловсруулалт, өөр хоорондын уялдаа маш муу. Үүнийг ярьж шүүмжлэх гэхээр өнөө хяналт тавих үүрэгтэй УИХ-ын гишүүд өөрсдөө сайд болчихоод байгаа юм. Тэдэнд шүүмжлэлтэй болоод байна. Ер нь Засгийн газраас орж ирж байгаа хуулийн төсөл, бичиг баримтууд нь сайн боловсруулагдсан, өөгүй байгаад “Та нар дэмжих ёстой” гээд бүлгээс хэлэхэд дэмжвэл өөр хэрэг. Гэтэл оруулж ирж байгаа бичиг баримтын боловсруулалт, төсөл бүхэн нь маш түүхий. Ийм байхад Засгийн газрыг дэмжих ёстой гээд нүдээ аниад суувал учир дутагдалтай биз дээ. Дээрээс нь кабинетийн зарчим гэж бий. Гэхдээ алдаатай, зөрчилтэй бүхнийг дэмжээд суу гэж Засгийн газрын сайд нарыг томилоогүй. Сайд нар өөрсдөө УИХ-ын гишүүнийн сандал дээр суухаараа Засгийн газрын оруулж ирүүлсэн юу ч хамаагүй бүгдийг нь дэмжинэ. Санал шүүмжлэлээ өрнүүлнэ, асууж тодруулна ч гэж бараг байхгүй. Дээрээс нь оруулж ирүүлэх төсөл бүр нь түүхий гэж хэлсэн дээ. Соёлын өвийн тухай хуулийн төсөл гэхэд бөөн заалт нэмчихсэн байх жишээтэй. Сайн боловсруулагдсан хуулийн төсөл бол цөөхөн нэмэлт өөрчлөлт орох хэмжээнд байдаг.  Гэвч нэдэр дээрээ оруулж ирсэн  хуулийн төсөл, бичиг баримтаас илүү олон заалтыг нэмж оруулсан байна билээ. Эрдэс баялгийн бодлого болоод ногоон хөгжлийн бичиг баримтад ч гэсэн тийм зүйл харагдаж байсан. Хяналт тавих үүргээ мартаад сууж таарахгүй. Ийм алдаа дутагдал байгааг УИХ-ын гишүүний хувиар харчихаад дуугүй суугаад байж чадахгүй.  Өнөөдөр Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаан дээр гэхэд алданги сууж байна.

-Хэрэв зарим сайдыг парламентын гаднаас оруулъя гэвэл хэн байж болох уу?

-Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тохиолдолд энэ тухай ярих ёстой. Хэрэв энэ хууль эцэслэн батлагдлаа гэхэд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар огцрох асуудал байхгүй. Зөвхөн хэдхэн сайд нар нь өөрчлөгдөнө. Тэгээд ч АН болоод “Шударга ёс” эвсэлд сайд хийгээд явчих боловсон хүчин хангалттай байгаа гэж бодож байна. Үүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах мэтээр ойлгож болохгүй шүү.