m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 09:10
242
Цэцэрлэгт хүүхдээ оруулна гэдэг тэсвэр тэвчээр шаардсан ажил болжээ

Өнгөрсөн жил хүүгээ цэцэрлэгт оруулах гэж багахан дайны хэмжээний юм болж билээ. Эцэг, эхчүүд хонон өнжин дугаарладаг гэсэн сураг сонсоод бүртгэл эхлэхээс хоёр хоногийн өмнө яваад очлоо. Гэтэл над шиг ингэж оройтож ирдэг хүн байдаггүй юм байна. Яваад очтол бөөн хүн тухлах сандал, уух цайгаа аваад ирчихсэн оочерлож байна. Тэд намайг ирэхээс хоёр хоногийн өмнө дугаарлаж эхэлжээ. Цэцэрлэгийн эрхлэгчтэй нь уулзвал асуудлыг шийдэж магадгүй гэж бодоод өрөөнд нь орвол өөдөөс “Гурван литрийн саванд таван литр ус хийж болохгүй биз дээ. Яах ч арга алга” гээд намайг хэлэх үггүй болгочихсон юм. Ингээд хүүгээ цэцэрлэгт оруулах гэсэн миний оролдлого бүтэлгүйтсэн удаатай.

 

Гурван литрийн саванд таван литр ус хийж болохгүй биз дээ 

 

Тэгвэл ноднингийн энэ асуудал өнөө жил бүр дэнджээ. Бүртгэл 25-нд эхлэх ёстой ч зарим нь 16-наас цэцэрлэгийн гадна оочерлож эхэлсэн гэнэ. Баянгол дүүргийн 5-р хороонд орших 120-р цэцэрлэг дээр нөхцөл байдал ийм байна гэдгийг сонсоод очив. Хүмүүс байна аа. Гэхдээ тийм олуулаа биш. Хоорондоо ярилцаж байгаад хуваарь гарган ээлжээр жижүүрлэж байгаа юм байна. Телевизээр цэцэрлэгийн бүртгэл 20-нд эхэлнэ гэсэн ташаа мэдээ гарснаас болж ийм эрт ирсэн гэдгээ учирлаж байлаа. Тэд хүмүүсээ ирсэн дарааллаар нь бүртгэж, дугаартай тасалбар тараан өгч байна. Ингээд ээлжээрээ хонон өнжин оочерлож байгаад 25-ны өглөө тэрхүү дарааллаараа орох аж. Энэ жил тус цэцэрлэг 75 хүүхэд шинээр авах гэнэ. Одоогоор бүртгүүлсэн хүний тоо 80 гараад явчихаж. Өнгөрсөн жил эцэг, эхчүүд мөн л ийм байдалтайгаар хэд хоносон юм байна. Гэтэл яг бүртгэл эхэлдэг өглөө баахан залуучууд хашаа даван дайрч урдуур нь ороод тэдний хэд хоногийн хөдөлмөрийг нь баллаж орхисон тухай ярьж байлаа. Харин энэ жил хороо, цэцэрлэгийн удирдлагууд дээрх асуудлыг анхааралдаа авч, цагдаагийн хамгаалалт гаргах байх гэв.  

5-р хорооны тухайд угаас хүн ам ихтэй газар. Сүүлийн үед орон сууцны тоо борооны дараах мөөг шиг нэмэгдэж, үүнийгээ дагаад хүн амын тоо гэрлийн хурдаар өссөн. Гэвч хүүхэд хүлээж авах цэцэрлэг нь ганц хэвээр. Оршин суугчид энэ асуудлаа тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд удаа дараа учирлан хэлжээ. Эрхэм түшээд үүний хариуд цэцэрлэг барих газар олдохгүй байна гэдэг ганцхан шалтгаан хэлдэг аж. Тэгсэн хэрнээ орон сууц барихад газар олдоод байдагт иргэд бухимдаж байлаа.

Цэцэрлэг барих газаргүй ч орон сууц барих газартай 

 

Үүний яг ард байрлах 114-р цэцэрлэгийн хувьд байдал арай намжмал байна. Энэ цэцэрлэгийн харьяалагддаг 6-р хороо нь хоёр цэцэрлэгтэй аж. Тиймээс 120-ийг бодвол ачаалал харьцангуй бага байдаг бололтой. Тус цэцэрлэгийн аргазүйч Б.Энхцэцэгтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Манай цэцэрлэг нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмжийг үндэслэн наймдугаар сарын 25-29-ний өдрүүдэд хүүхдээ бүртгэж авна. Өмнө нь явж байсан хүүхдүүдээ бүртгэж авахаас гадна шинэ хүүхдүүдийг хоёр настны бүлэгт бүртгэх юм. Энэ жил манай цэцэрлэг хүчин чадлаасаа хамаараад 30 хүүхэд шинээр авахаар болсон. Сүүлийн үед шинэ орон сууц маш их нэмэгдэж байна. Гэвч цэцэрлэгийн асуудлаа огт шийдээгүй. Өмнөх жилүүдийг харж байхад цэцэрлэгийн нэг бүлэгт 40-45 хүүхэд явж байна.

-Танай цэцэрлэгийн хувьд хэдэн бүлэгт, хэчнээн хүүхэд явдаг вэ?

-Манай цэцэрлэг бэлтгэлийн гурав, ахлахын гурав, дунд гурав, бага гурав гэсэн 12 бүлэгтэй. Уг нь 260 хүүхэд авах хүчин чадалтай. Гэхдээ аль болох олон хүүхдийг хамруулж, эцэг эхчүүдийг ажлаа хийх боломжоор хангахын тулд нэлээн ачаалалтай ажилладаг. Одоо бараг 400 гаруй хүүхэд байгаа шүү.

-Засварын ажил хийгдэж байгаа харагдана. Ямар хөрөнгөөр хэдий хугацаанд засвар хийж байна вэ. Шинэ улирал эхлэхээс өмнө дуусгаж амжих уу?

-Манайх энэ жил АНУ-ын Цэргийн атташегийн 180 мянган долларын хүмүүнлэгийн тусламжаар цэцэрлэгтээ иж бүрэн засвар хийж байна. Шалны доорх сантехникийн асуудлаа бүрэн шийдлээ. Доошоо цөмөрчихсөн шалнуудаа паркетан болголоо. Салхи сийгдэг хуучин цонхнуудаа сольж, вакум болгосон. Засварын ажил бараг 90 хувьтай болоод байна. Одоо цэвэрлэгээ, үйлчилгээ л дутуу. Есдүгээр сарын 1 гэхэд бүх ажлаа дуусгаж амжина.

-Хүмүүс хүүхдээ бүртгүүлэхийн тулд хэдэн өдөр хонон өнжин оочерлож байна. Танай цэцэрлэгийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Даваа гаригт биднийг ажилдаа ирэхэд эцэг эхчүүд үүдэнд жижүүрлэсэн байсан л даа. Гэхдээ бид 25-29-нд бүртгэсэн гэсэн цаанаас ирсэн зөвлөмжийн дагуу л бүртгэнэ гэдгийг ирсэн эцэг эхчүүдэд тайлбарлаж, зарлал хадсаны дараа дугаарлахаа больсон.

-Өмнөх жилүүдэд байдал ямархуу байв?

-Ер нь жил болгон л ийм байдаг. Бид болж өгвөл харьяаллын хүүхдүүдээ хамруулахыг бодно. Гэвч энэ жижигхэн байшинд чинь авах хүүхдийн тоо хязгаартай. Орон сууц нэмэгдээд байгаа хэрнээ цэцэрлэгийн тоо нь яг хэвээрээ. Ийм л нөхцөл байдалтай байна шүү дээ.

Тэрбээр ийн ярив. Энэ бол зөвхөн 114, 120-р цэцэрлэгт тулгамдаад байгаа асуудал биш. Аль ч дүүрэг, аль ч хороонд байдал иймэрхүү гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

Уг нь энэ жил тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ. Гэвч энэ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг яахин гүйцэх билээ. Өдгөө нийслэлд цэцэрлэгийн насны 243 мянган хүүхэд байгаа тооцоо гарчээ. Харин тэднийг хүлээж авах цэцэрлэгийн хүчин чадал 197 мянгад хүрэлцэх аж. Ингэснээр есдүгээр сарын 1-нд 46 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх нь тодорхой байна. Ийм байдалд орсон эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ хувийн цэцэрлэгт оруулах, эсвэл хэн нэгнээр харуулж гэртээ үлдээх гэсэн хоёр л сонголттой. Гэтэл сар бүр 200-гаад мянган төгрөг төлж, хувийн цэцэрлэгт хүүхдээ явуулах аав ээж хэр олон билээ.

Социализмын үед эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлээд хоёр, гурван сарын дараа яслид өгч, ажилдаа ордог байсан тухай ээж минь ярьдаг. Тэр үед хотод ийм олон хүн төвлөрөөгүй байсан болохоор ясли, цэцэрлэгийн хүртээмж элбэг байж. Харин одоо улсынхаа хүн амын тал нь нийслэл хотдоо бөөгнөрч, багтаж шингэхээ байсан. Гэвч нэмэгдсэн цэцэрлэгийн тоо дэндүү чамлалттай. УИХ-ын гишүүд, эрхэм сайд нар цэцэрлэг, сургууль нэмж барих тухай байнга л ярьдаг ч энэ олон ярианаас бодит байдалд хэрэгжсэн нь маш цөөхөн. Цэцэрлэг барихад олдохгүй байгаа газар хувийн компаниудад олдоод байдаг нь дургүй хүргэж байгаа биз.

Би энд хонон өнжин дугаарлаж байгаа эцэг, эхчүүдийг буруутгах гэсэнгүй. Өөрөө ийм зовлонг туулсан болохоор тэднийг маш сайн ойлгож байна. Цэцэрлэгийн удирдлагууд ч гэсэн багтаамждаа тааруулан хүүхдээ авахаас өөр яах билээ. Иргэдээ хэдэн өдрөөр гадаа хонуулж байгаа энэ утгагүй явдалд нэг л буруутан бий. Энэ нь төр засгийг удирдсан нэр зүүж, өөрсдийнхөө хэтэвчийг зузаатгаж буй эрхэм түшээд, сайд, дарга нар. Эцэст нь эрхэм дарга нарт хандан хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд аргаа барж буй эцэг, эхчүүдийн өмнөөс нэг зүйл хэлье. Би хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд халуунд халж, хүйтэнд хөрч, хэдэн өдөр гадаа хономооргүй байна шүү.