m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 09:27
74
Г.Батхүү: Аж ахуйн нэгж заасан хугацаанд үнийн саналаа байршуулахгүй бол хасагдана

Ашигт малтмалын газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болсоныг мэдэгдлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн шүүх өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолд “...сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгох талбай гэж үзэн ашигт малтмалын хайгуулын 106 тусгай зөвшөөрлийн талбайд түрүүлж өгсөн өргөдлүүдэд тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус” гэж тэмдэглэн дээрхи тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтууд нь цуцлагдсан, дуусгавар болсон, талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцааж өгсөн бол хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохгүй сонгон шалгаруулалтын журмаар олгохоор зохицуулсан байдаг аж. Тэгвэл  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнуудад сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангах, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс Засгийн газрын энэ оны долдугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан аж. Тэгвэл энэ сарын 22-ноос эхэлж сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийн саналыг бүртгэж авах юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс тодрууллаа.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгж заасан хугацаанд үнийн саналаа байршуулахгүй бол хасагдана

-Нийт 14 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах вэ?

-Эхний ээлжинд нийт 163.565.05 га газар бүхий 14 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулна. Тухайн талбайд зарлах сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох, сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс томилох, сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зохицуулалтыг “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-аар журамлаж өгсөн.

-Босго үнийг хэрхэн тогтоож байгаа вэ?

-Сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоохдоо ашигт малтмалын хайгуулын талбайг эзэмшиж эхэлсэн үеэс хүчингүй болох хүртэл хугацаанд зарцуулсан зардлыг жил бүрийн хайгуулын ажлын тайлан, санхүүгийн болон татварын тайланд тусгасан зардлаар тооцон тогтоож байна. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах ёстой.

Энэ сарын 22-ноос эхэлж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийн саналыг бүртгэж авах юм байна.

-Сонгон шалгаруулалт хэдэн өдөр үргэлжлэх вэ?

-Сонгон шалгаруулалтын материалыг 30 хоногийн хугацаанд авна. Хамгийн сүүлийн материалыг ирэх есдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авна.

-Урьд нь сонгон шалгаруулалтад оролцоод цуцлагдсан аж ахуйн нэгжүүд дахин оролцох боломжтой юу?

-Урьд нь дээрх 14 талбайд гаргасан зардлаа баталгаажуулсан тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгж, хайгуулын компаниуд дахин оролцох бүрэн эрх нь нээлттэй. Харин дахин оролцохдоо босго үнэ төлөхгүй байх давуу эрхтэй байгаа.

-Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлага байгаа юу?

-Нэгдүгээрт, аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадамжтай байх ёстой. Хоёрдугаарт, ашигт малтмалын эрэл хайгуул хийж байсан туршлагатай, боловсон хүчинтэй мөн тоног төхөөрөмжтэй байх хэрэгтэй. Түүнчлэн сонгон шалгаруулалтын босго үнийн 30 ба түүнээс дээш хувийг төвлөрүүлсэн байх хэрэгтэй. Мөн оролцогч аж ахуйн нэгжүүд санал болгосон үнийн дүнгийнхээ 70 буюу түүнээс дээш хувийг 10 хоногийн дотор тусгай дансанд байршуулах ёстой. Хэрвээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгж заасан хугацаанд үнийн саналаа байршуулаагүй тохиолдолд дараагийн компанид олгогдох болно.

-Урьд нь хайгуул хийж байсан компаниудын зардал ойролцоогоор хэдэн төгрөг болж байсан бэ?

-Зардал нь бол хайгуул хийж байсан талбайгаасаа шалтгаалан янз бүр байгаа. Гэхдээ ойролцоогоор 20-400 гаруй сая төгрөгийн зардал гарсан байгаа.