m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 09:37
161
Тагнуулын ерөнхий газрын шинэ цогцолборыг худалдан авах этгээд олдохгүй байна

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны энэ сарын 05-өдрийн 439 дүгээр тогтоолоор “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн билээ.
“Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийн зургаа дахь удаагийн нээлттэй дуудлагын худалдаа өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд 10:00 цагт явагдлаа. Дуудлагын худалдаанд хоёр оролцогч материал ирүүлснээс нэг оролцогчийн материалын бүрдүүлбэр дутуу, мөн тухайн оролцогч өөрийн биеэр ирээгүй бөгөөд дуудлагын худалдаанд нэг оролцогч, гурван ажиглагч оролцсон ажээ.
Өөрөөр хэлбэл нэг оролцогч ирсэн тул дуудлагын худалдааг явагдаагүйд тооцож, дуудлагын худалдааг хуулийн дагуу дахин зарлахаар шийдвэрлэжээ.

 “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийн зургаа дахь удаагийн нээлттэй дуудлагын худалдаа боллоо 


Иймд Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу дуудлагын худалдааг өдөр тутмын сонин, хэвлэлээр зарласнаас хойш 14 хоногийн дараа нээлттэй дуудлагын худалдаа болох юм байна.
Дашрамд дурдахад, “Тагнуулын ерөнхий газрын  төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийн анхны үнэ 13.5 тэрбум төгрөг байсан бөгөөд гурав дахь дуудлагын худалдааны үеэр доод үнийг 10.8 тэрбум төгрөг болгон бууруулсан ажээ.

Нэг оролцогч ирсэн тул дуудлага худалдааг явагдаагүйд тооцож, дуудлага худалдааг хуулийн дагуу дахин зарлахаар шийдвэрлэжээ.