m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 10:18
487
Сэтгүүлчид ба хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага

 

Ийн бичихийг сэтгүүлч бүхэн хүсч байгаа болов уу. Учир нь өнгөрсөн хоёр өдөр БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр сэтгүүлчид яг л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт байлаа. Монгол Улс тусгаар тогтносон тэр цагаас өнөөг хүртэл хэдэн төрийн тэргүүн ирсэн нь тоогоо алдсан байх. Айлчлал бүр өөрийн гэсэн дүрэм журамтай, төрийн өндөр зэрэглэлийн хамгаалалттай байдгийг айлчлалыг сурвалжилдаг сэтгүүлчид байтугай олон нийт андахгүй. Одоогоос бараг нэг сарын өмнө Харилцаа холбооны зохицуулах газраас албан бичиг ирж, айлчлалын үеэр Хятадын талаар таагүй мэдээлэл гаргахгүй байхыг онцгой анхааруулж, хэрвээ сануулгыг эс биелүүлвээс үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авах тухай дурьдсаныг хэвлэл мэдээллийн салбарынхан таатай хүлээж аваагүй.

Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон энэ аргаа хоёр улсын харилцаа, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хэмээн онцолж. Энэ албан тоот ирэхээс өмнө Хятадын хэсэг иргэн төв талбайд цалингаа аваагүйнхээ төлөө жагсах гэж бөөн асуудал үүсгэсэн. Энэ тухай сэтгүүлчид өөр өөрийн байр сууриа илэрхийлэн юу болсныг дэлгэрэнгүй мэдээлэв.

Харин албан тоот ирснээс хойш дахин жагссаныг мэдээлэх боломж бидэнд байсангүй. Үзэг нэгт нөхөд маань үзэл бодлоо илэрхийлж, үнэн бодит мэдээлэл дамжуулахаас айсан бус харин төрийн байгууллагын илгээсэн албан тоотыг хүндэтгэсэн, тэр дунд байгаа Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах гэсэн үгийг бодон ийн үг дуугараагүй болов уу. Айлчлал дөхөх тусам сэтгүүлчдийн ам барих ажил улам эрчимжсэн гэж хэлж болно. Зурагчин, сэтгүүлчийн нэр өгсөн байгууллагуудыг нэг л сэтгүүлчид эрх олгоно гэснийг бид хүлээн зөвшөөрөв. Зуун ямаанд жаран ухна гэгчээр манайд дэндүү олон хэвлэл мэдээллийн байгууллага бий учир ийн хязгаарлахаас өөр арга байгаагүй биз. Сүр бадруулан олгосон өнөөх хоёр улсын төрийн далбаа бүхий үнэмлэх нь ердөө ордонд орох эрх бүхий юм байж.

Айлчлалын эхний өдөр төв талбайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпинийг угтах ёслолд онцгой эрх олгосон  телевизийн хэдхэн зураглаачийг үлдээв. Нөгөө айлчлалыг сурвалжлах эрх бүхий үнэмлэхээ үзүүлээд ч олон сэтгүүлч тусыг эс олов. Төрийн ордны хамгаалалтын албаныхан “Одоо гарвал дахиж оруулахгүй. Дараагийн арга хэмжээнд оруулахгүй” хэмээн чангалав. Гадаа  ч үгүй дотор ч үгүй байснаас гэж бодсон сэтгүүлчид Төрийн ордны Г танхимд дараагийн арга хэмжээнд оролцох цагаа хүлээн суув. Гэтэл хэлэлцээр хийж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх арга хэмжээ бас л сэтгүүлчдэд хаалттай  болох нь тэр. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан сурвалжлага авах эрх хүссэн сэтгүүлчдийн нэрсээс ямар шалгуураар сонгосныг бүү мэд хэдхэн сэтгүүлчийг дуудаж оруулаад хаалттай хаалганы цаана бусдыг нь үлдээв. Монгол Улсад анх удаа төрийн тэргүүн айлчилж буй мэт хөл алдан, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилсон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхныг ойлгоход бэрх байна.

Хилийн цаана буй Хятадын сэтгүүлчид үйл явдал болсноос 10-20 минутын дараа зураг, мэдээллээ цахимаар дэлхийд цацаж байхад Монголын сэтгүүлчид өрөөний буланд шахагдан зураг ч үгүй, дэлгэцээр хараад суух гэж.

Нэг зүйлийг онцлоход БНХАУ төдийгүй ОХУ, АНУ, Япон, БНСУ гэх мэт дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга ирэхэд сэтгүүлчдийнх нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилсон, айлчлалын арын албанд зүтгэж буй хүмүүсийг утсаар ярихыг хүртэл хориглож байсан удаагүй гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Төрийн ордны Г танхимд хэдэн компьютер тавьж, дэлгэц байрлуулснаа ажлын нөхцлөөр хангасан гэж үзэж буй бол том эндүүрэл. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед тэдний байршуулсан төхөөрөмжөөр гэрээсээ ч мэдээлллийг дамжуулах боломж бараг хүн бүхэнд байна. Сэтгүүлч тухайн орчинд орж, өөрийн нүдээр харж юм бичих , зурагтаар харж ажлаа хийх хоёрт асар их зөрүү байдгийг тэд мэддэггүй бололтой юм. Түүнээс гадна үйл явдлын зураг нь олдохгүй, олон сонин, сайт, зарим нэг телевиз хуучин зураг эс бөгөөс Хятадын томоохон сайтуудаас зураг авч ашигласан.

 

 

БНХАУ-ын сэтгүүлчид мэдээллийг хятад, англиар шуурхай ийн дамжуулж байв

Хилийн цаана буй Хятадын сэтгүүлчид үйл явдал болсноос 10-20 минутын дараа зураг, мэдээллээ цахимаар дэлхийд цацаж байхад Монголын сэтгүүлчид өрөөний буланд шахагдан зураг ч үгүй, дэлгэцээр хараад суух гэж. Боомилсон эрх мэдэлтнүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудаснаа гарч буй мэдээлэлд нь ямар ч зураг оруулахгүй байсныг гайхаад барашгүй. Яагаад тэр вэ.

Энэ үеэр бас л ард түмний мэдээлэл авах эрхийг боомилон, хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дуулгавартай, дуулгаваргүй гэж ангилж, ялгах уу. Бас алхаа мартах уу..

“Нэрээ өг, сурвалжлах эрх олгоно” хэмээн сүржигнэж байхаар анхнаасаа онцгой эрх олгоод байгаа тав, зургаахан газартаа эрх өгөхгүй яасан юм бол гэж Төрийн ордонд байсан сэтгүүлчид дуу дуугаа авалцан ярьж эхэлсэн. Энэ үйл явдал ардчилсан Монгол Улсад байж боломгүй үйл явдлыг дагууллаа. Төр засаг маань телевизүүдээ дуулгавартай, дуугаваргүй гэж ангилж дугаарласныг хөндлөнгийн байгууллагууд судлаад аль эрт судалгаагаа гаргачихаж. Энэ талаар ETV телевиз  цаг хугацаа алдалгүй баримттай мэдээлсэн. Тэдний дугаарласнаар хамгийн дуулгавартай телевизэд Eagle жагсаж араас нь МҮОНТ, UBS, Bloomberg, Шинэ Монгол HD телевизүүдшил шилээ даран орсон байх юм. Харин тэдний үзэж буйгаар орон даяар цацагддаг, бие даасан 25 дугаар суваг телевиз, ETV, TV-5, TV-9, NTV, C1, SBN гэх мэт хэд хэдэн телевиз, сонин сайтууд дуулгаваргүйд багтан,  олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх эрхээ хасууллаа.

 

Онцгой эрх олгосон телевиз нь ингэж мэдээлэл дамжуулав

Онцгой эрх бүхий таван телевизийн 2-3 нь л Монгол Улс даяар нэвтрүүлгээ цацдаг байхад ийн онцолж буйг ашиг сонирхлын зөрчилтэй холбож ойлгохоос өөр арга алга. Түүнээс гадна БНХАУ-ын даргынхаа нэрийг бичиж чадахгүй хэдэн янзаар бичиж  байх юм. Сонгосон хэдэн телевиз нь ингэж л ажиллалаа.

16.00 цагт болох арга хэмжээнд 14.00 цагт ир хэмээн үүрэгдээд, арга хэмжээндээ оруулахгүй гэдгийг дуулаад гарах хүсэлт гаргасан сэтгүүлчдийг хөл хорионд оруулсан нь цаг нартай уралдан ажилладаг сэтгүүлчдийг доромжилсон хэрэг биш үү. Зөвхөн сэтгүүлчид биш Монгол даяар хоёр өдрийн онц байдал тогтоосонтой өөрцгүй айлчлал боллоо гэдгийг тоймчид онцолж байна. Сүүлийн өдөр шившигтэй, уучилж боломгүй алдааг УИХ-ын Тамгын газрынхан гаргалаа. Хүндэтгэлийн чуулган болно гэдгийг хоёр сарын өмнө шахуу мэдэж байсан атлаа чухал цаг үед УИХ-ын даргын хурлаа эхлүүлэхээр цохидог алхыг ширээн дээр нь тавихаа мартчихаад сандралдав. УИХ-ын дарга З.Энхболдыг алхаа бариад орж ирнэ гэж андуурсан бололтой юм. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдахдаа хошуу холбон гүйлдэх төрийн албан хаагчид үндсэн ажилдээ ингэж л ханддаг аж. Төрийн айлчлал нэгээр дуусахгүй. Хэдхэн хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирнэ. Энэ үеэр бас л ард түмний мэдээлэл авах эрхийг боомилон, хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дуулгавартай, дуулгаваргүй гэж ангилж, ялгах уу. Бас алхаа мартах уу...