m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 04:40
39
Бид түүнийг мартах учиргүй

Ардчилалын алтан хараацай, Монголын ард түмний хайртай хүү С.Зориг агсны төрсөн өдөр боллоо. Чив чимээгүй, олны анхаарал таталгүй, нам жимхэн өнгөрсөн энэ өдөр нэгийг болож, хоёрыг тунгаахад хүргэв. Энэ хүн хэн байсан юм бэ. Яагаад Монголын ард түмэн түүнд хайртай, одоо ч сэтгэл зүрхэндээ хүндэлж явдаг юм бол. Түүний үзэл санаа, алсыг харсан ухаан юугаар ч үл солих эрх чөлөөг олгосон гэдгийг бид хэзээ ч мартах учиргүй. Ам бардам ярьж, ардчилал хэмээн цээжээ дэлдэгсэд энэ тухай эргэцүүлэхэд илүүдэхгүй болов уу.

Улстөрч, улс төрийн тэмцэгч гэж хэнийг хэлдэг талаар “А”ч үгүй байсан монголчуудад дүр төрхөө тодхон үлдээж, сэтгэл зүрхний түүчээ нь болсон С.Зориг намуухан ярьж, аливаа бэрх асуудлыг эвийн, хамтын хүчээр шийдэж, оготны хамраас ч цус гаргалгүй хувьсгал хийж чадсан хүн. Хар дарсан зүүд мэт тэр өдөр түүний яльгүй инээмсэглэсэн зурагны үзүүрт  гашуудлын тууз харагдах нь тэр. Онц хэрцгий аргаар амь насыг хөнөөсөн гэх мэдээ олны сэтгэлийн зулыг бөхөөж, зуун цэцэг дэлбээгээ хумьсан юм. Аймшигт аллага үйлдсэн этгээдийг олно, илрүүлнэ, амьд гэрчтэй гэх мэдээлэл ар араасаа хөвөрсөн хэдий ч одоо хэр нь таг чиг. Жил бүрийн хоёр өдөр хотын төв гудманд байрлах түүний хөшөөнд цэцэг өргөхөөс өөр хийж буй ажил үнэндээ алга. Монголын ард түмэн юу хүсэж байгаа юм бэ. Гагцхүү тэрхүү аймшигт хэргийг үйлдэхийг санаачлагч, гүйцэтгэгчдийг ил болгохыг хүсэн, хүлээсээр. Тагнуул, цагдлаагийнхны хамтарсан ажлын хэсэг байдаг гэдэг ч юу хийдэг, ямар ахиц гаргаж буйг хэн ч хэлж мэддэггүй. “Би ийм ардчилал хүсээгүй, хийгээгүй юмсан” хэмээн халаглан суусан түүний үг, үйлдэл нь “харх”-нуудын эгдүүцлийг хүргэж амиа алдахад хүргэсэн байж болзошгүй юм. “Монголын ард түмнээс” гэх бичигтэй хөшөөний өмнө төрийн түшээдээс эхлээд УИХ-ын эрхэм гишүүд, сөрөг хүчнийхэн хүртэл толгой бөхийлгөн түүнийг дурсан, гашуудан зогсдог байсан цаг саяхан. Гэтэл өчигдрийн арга хэмжээнд ахан дүүс, ”Зориг” сангийнхан, зарим нэг ахмадуудаас өөр хүн харагдсангүй. Алсран алсарсаар түүнийг гэх хүн бараг үгүй болох нь. Улс орон гэж байгаа бол бидний  бахархал, үл мартагдах хүмүүс гэж байх учиртай. Тэдний нэг нь яах аргагүй Санжаасүрэнгийн Зориг мөнөөс мөн. Бид түүнийг мартах учиргүй. Хэрэг хуучирдаггүй л гэдэг. Гэхдээ .... хэзээ илрэх юм бэ, энэ хэрэг. Эргэлзэж байна.