m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.26 05:00
1665
Улсын эх Дагина Дондогдулам (1874-1923)

"MASS.MN"сайтын хамт олон ШУА-ийн Түүхийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ удаа VIII Богд Жибзундамба хутагтын хааны хатан Эх дагина Дондогдуламын тухай түүхэн баримтыг сонирхуулж байна.

ХХ зууны Монголын түүхэнд хүндтэй байр эзлэх эмэгтэйчүүдий нэг бол VIII Богд Жибзундамба хутагтын хааны хатан Эх дагина Дондогдулам юм. Тэрээр Бүрэн Засагчийн сүүлчийн он намрын сүүл сарын 15-ны (1874 оны 10-р сарын 26) өдөр Сэцэн хан аймгийн Хөвчийн  жонон бэйс Цанлигдоржийн нутагт Цэндийн гэр бүлд мэндэлжээ.

Халхын VIII Жибзундамба хутагт 1896 онд анх Амарбаясгалант хийдэд очиж Өндөр гэгээний шарилд мөргөхөөр явж байх үедээ Дондогдуламтай танилцсан гэдэг. Амарбаясгалант хийдэд залрах аялалт  Богдыг дагалдан үйлчилхээр Хөвчийн жонон бэйс Цанлигдоржийн хатны аягачаар Дондогдулам хамт явах завшаан дохиожээ. Тэр цагаас хойш Богд Жибзундамба хутагт Дондогдуламтай ойртон нөхөрлөх болж, үе үе Амарбаясгалант хийдийг зорих болжээ. Богд түүнд сэтгэл татагдан ханьлан суухаар болж 1902 онд хатан болгож, Ачлалт ялгасан дагина, Эрх цагаан дара цол өргөмжилсөн байна.

 

Улмаар 1911 онд Богд Жибзундамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залрахад Дондогдулам хатныг Улсын эх дагина цол өргөмжил, “Шашин төрийг хослон өрнүүлэгч Улсын Эх дагины тамга”-г барих болжээ. Дондондулам  бол шашин номы хэрэгт зохих ёсоор боловсорсон, билиг ном ойлгодог, нийгмийн идэвх сайтай, олны хүндэтгэл хүлээсэн тухайн үедээ монголын тэргүүний эмэгтэйчүүдийн төлөөлөл болж байв. Монгол, түвэд ном уншиж чаддаг басхүү зэгсэн лүйжин тавьдаг байв. Их хүрээнд уран хатгамалчин, барималчин, дархан, гучилчин зэрэг 120 гаруй урчуудыг цуглуулан Богдын ордны дэргэд “Сангайн аймгийн байгуулан өөрөө удирдан уран сайн эдлэл, хэрэглэл, дээл хувцсыг хийлгэж байжээ.

Эх дагина Богд хаантай 21 жил ханилаад 1923 онд 49 (билгийн тооллоор 50) насандаа  таалал төгсжээ. Тэрээр хүүхэд төрүүлээгүй бөгөөд өөрийн дэргэдээ олон өнчин хүүхдийг үрчлэн авч тэжээн тэтгэж хүмүүжүүлж байсан юм. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Мөрдорж юм. Түүний шарилыг 8 шарга морь хөллөсөн тэргэнд залж, амьд ахуйдаа бууж, сууж байсан Рашаант уулын аманд шар тосонд хайлуулж чандарлаад оршуулсан ажээ. Найман шарга морийг нь онголж тавьснаас эдүгээ шарга морьтын ам хэмээн нэрлэсэн гэх домогтой.

Түүнийг нас барсны дараа Богд хаан их л ганцаардаж төрийн сайдуудын ихэнх нь нас барж хань болон хүн ховор болж, удалгүй 1924 онд таалал төгсөн байдаг.

 

Ц.Дондогдулам хатныг амьд ахуйд нь харсан, уулзсан олон гадаад хүмүүсийн тухай тэмдэглэгдэн үлдээжээ. Эдгээр нь тухайн цагийн түүхэн үйл явдлын талаар сонирхолтой мэдээ сэлтийг өгүүлэх боловч, соёлын том ялгаатайн улмаас буруу зөрүү ойлгон ташааран бичсэн нь бас олонтой байна. Тэдгээрийн заримаас дурдвал:

Оросын эрдэмтэн И.Майскийн тэмдэглэлд “Богд гэгээний дэргэд ч улс төрийн маш чухал үүрэг гүйцэтгэгч ордны зэс хошуутнууд (хувийн ашиг хичээсэн хутган үймүүлэгч бүлэг) байдаг аж. Эл бүлгийн амин сүнс нь Богд гэгээний хатан, гол оролцогчид нь төрийн үйл хэрэгт мэдэгдэм нөлөө үзүүлэгч дээд мяндагтан лам нар байж ажээ. Богд гэгээн шадар дотно эдгээр лам нарынхаа аль нэгний танилцуулгыг үндэслэн сайд нарын танхимдаа мэдэгдэлгүй чухал зарлиг, захирамж гаргах тохиолдол ч гардаг байжээ. Өөрөөр хэлбэл сайд нарын танхим тийм зарлиг, шийдвэрийг бүр нэгэнт гарчихсан хойно мэднэ гэсэн үг юм. тэдгээр хутган үймүүлэгчдийн далд явуулгаар төрийн  том түшмэдээс амиа алдсан нь нэг биш гэнэ: 1919 оны хавар тэр үеийн монголын ноёдын дотроос хамгийн ухаалаг, боловсролтой гэгдэж байсан сайд нарын зөвлөлийн дарга Сайн ноён ханыг хорлон хөнөөсөн байдаг. Зэс хошуутнууд түүнийг хоёр зүйлээр “гэмт хэрэгт” буруутгасан байна: 1) түүний оросыг талархах хандлага (энэ үед Өргөөгийн улс төрийн  удирдах хүрээнд хятадыг талархагчид олон байсан); 2) Тэрбээр улс орондоо нэрд гарч байснаараа Богд нас барах юм гэхэд Автономит Монголын тэргүүний сэнтийд залрах горьдлого байсан юм. Гэтэл Богдын хатан хүүгээ суулгах гэж мөрөөдөж байсан.

 

Шведийн иргэн Монгол оронд олон жил амьдарсан гүн Ларсон Дондогдулам хатан Богд хааны тухай сонирхолтой зүйлсийг тэмдэглэн бичжээ. “Буддын шашин Амьд бурхан [Богд гэгээн Ч.Б]-ыг гэрлэхийг хориглодог. Амьд бурханыг нэгэн гоё монгол охинд сэтгэл алдрахад Монголын ард түмэн нэгэн арга олжээ. Тэгээд нэгэн том баяр ёслол үйлдэн тэр бүсгүйг Дарь эхээр тодруулжээ. Тэр эмэгтэй бол ажилч хичээнгүй, сайхан сэтгэлтэй бүсгүй бөгөөд гэр ахуйн ажлыг гайхамшигтай сайхан хөтөлдөг нэгэн байв. Магадгүй ордонд бүгэж байсан байж болох дүнсгэр байдал тэр эмэгтэйг ирснээс хойш бүр мөсөн арилсан биз ээ. Тэр бол хөгжилтэй бөгөөд морь сайн унадаг, бас гайхамшигтай сайн харвадаг эмэгтэй байлаа. Амьд бурхан ч хатнаараа ихэд бахархдаг байв. Намайг ордонд байх хоёр долоо хоногийн хугацаанд хатан бид хоёр өглөө болгон Ариун дагшин овоон дээр гарч бай буудах дасгал хийдэг байв.  Нэгэн удаа Амьд бурхан [Богд гэгээн]: “Одоо бооцоотой харвана аа. Та хоёрын хэн нь сайн харвадагийг үзмээр байна”  гэлээ.  Тэр нэгэн байны самбар босголоо. Тэгээд бид хоёрт нэг нэг буу өглөө. Надад өгсөн нь Францаас ирсэн их үнтэй буу хэмээн тэр онцлон хэлсэн билээ. Амьд бурханы эхнэр гурвантаа буудав. Бүгд л хар дээр тусав. Би [Ларсон Ч.Б.] их мэрийсэн боловч гурван удаа оносонгүй. Амьд бурхан их л сэтгэл хангалуун байв.

 

Хутагт, Эх дагина хоёрын аль аль н ихэд эелдэг, чөлөөтэй хандаж байв.

И.Я.Коростовец 1912 оны 10-р сарын 4-нд Нийслэл Хүрээнд ирж 1913 оны 5-р сарын 31-нд Нийслэл Хүрээнээс мордох хүртэл 8 сар орчим хугацаанд Богд хаан, Их дагинад гурван удаа бараалхан ярилцаж, нэлээд сонирхолтой зүйлсийг тэмдэглэн үлдээжээ. Дондогдулам хатан Богд хааны хувьд хамгийн ойр дотны хүн учир Хааны бодлого шийдвэрт чухлаар нөлөөлж байв. Богд хааны хараа муутай, бие доройдуу байсан зэргээс шалтгаалж түүнд зөвлөж байх нь Эх дагины үүрэг болохыг илтгэсэн баримтыг Коростовец бичжээ. 1913 оны 5-р сарын 10-нд орой И.Я.Коростовец нь Богд гэгээн бараалахжээ. “Хутагт танхимын хойморт зассан сэнтий дээр алтан шаргал хоргой дээлтэй заларч, хажууд нь Эх дагина мөн ийм дээлтэй сэний дээрээ суусан байв.  Эх дагина язгууртан монгол авхай нарын өмсдөг сувдан хэлэхээ битүү шигтгэсэн үнэт малгайг толгой дээрээ тавьсан байв......., Бидний яриа дөнгөж эхэлж байхад Эх дагина инээмсэглэн дөхөж ирээд аягатай цай, чихэр өгсөн билээ. Хутагт, Эх дагина хоёрын аль аль н ихэд эелдэг, чөлөөтэй хандаж байв.

Хутагт миний яриаг тун анхааралтай сонсож,  хааяа сайшаах маягийн авиа гаргах буюу За за хэмээж байлаа. Эх дагина ч бас хааяа үг хэлж, бидний яриаг ихэд сонирхохын хамт Хутагтын ханцуйнаас дугтран хариулт өгөхийг шавдуулна.  Эх дагина илүү чөлөөтэй, эелдэг зантай байж ярилцах үеэр инээмсэглэн ширээ рүү минь дөхөж ирж байлаа. Салах ёс гүйцэтгэх үед хатан хаш, шүр хэлхсэн хүзүүний зүүлт надад бэлэглэв. Эх дагина маш ухаантай, бас Богд өөрөө хараа муутайн улмаас сул  дорой болоод байсан учир хатан нь түүнд үлэмж нөлөөтэй байсан гэдэг хэмээжээ.

Мөн И.Я.Коростовец 1913 оны 4-р сарын 17-нд.  “Өнөөдөр Их Хүрээнд Майдар эргэх ёслол болов. Нүд булаах гол зүйл нь ямба ёслолын хоргой торгон өмсгөлөө өвч өмсөн титмээ залсан Хутагт, Эх дагина хоёр морилж яваа дээд тал нь шилтэй, шар торгоор битүү бүрсэн хоёр сүйх тэрэг байлаа. Хоёр сүйхийн дээр олон өнгө хослуулан бүтээж  тогосын өдөөр чимэглэсэн том том шүхэр зоосон байлаа.  Хаан, Эх дагина  хоёрын сүйхүүдэд морьд хөллөөгүй бөгөөд торгон оосор уяанд нь лам хуврагууд орсон байлаа. Худалдаачны ахлах Юшин аппарат гарган 3 хөлтэй суурин дээр зоож, энэхүү өвөрмөц үйл явдлын зургийг авч байлаа”.

Эх дагина Хааны ордонд төдийгүй улс оронд нөлөөтэй нэгэн байсан ч 1923 онд Богд хааныг амьд сэрүүн бүхийд таалал төгсжээ.

“Монголчууд Хутагт [Богд хаан]-ыг биелсэн бурхан, амьд хувилгаан хэмээн мухар сохроор итгэн биширдэг байна. Хатан, өөрөөр хэлбэл эхнэртэй байгаад нь хэн ч үл ундууцна. Хутагт амилсан бурхан мөн юм бол яагаад эхнэр авсан юм бэ гэж нэг ноёноос намайг асуухад Эх дагина зүгээр л байгаа юм шиг харагддаг, эгэл жирийн усан нүд цусан зүрхтэй хүнд л тэрээр үзэгддэг болохоор үнэн хэрэгтээ байхгүй гэж тэрээр тайлбарлалаа. Хутагт хоёр хүүтэй гэдэг, тэднийг нь бодит хүмүүс гэж үздэг үү, эсвэл сүнс сүүдэр гэж үздэг үү гэдэг нь тодорхой биш үлдэв. Ойр дотны нь хүмүүсийн ярьдгаар, Богд ялангуяа Эх дагина ууган хүүдээ хаан суудлаа өвлүүлэн, үе залгамжлуулахыг хүсдэг ч Түвэдэд төрөх хойд дүрийг нь тодруулах замаар үе залгамжилагчийг нь сонгодог шашны уламжлал үүнд нь сайд болж буй” хэмээжээ.

 

Эх дагина Хааны ордонд төдийгүй улс оронд нөлөөтэй нэгэн байсан ч 1923 онд Богд хааныг амьд сэрүүн бүхийд таалал төгсжээ. Түүнийг нас барсны дараа Богд хааны бие доройтож сэтгэл санаагаар унасан бололтой. Энэ тухай Герман улсаас Хятадын Бээжинд сууж байсан Элчингийн газарт дэд консулаар 1920-иод оны үед ажиллаж байсан Херман Гиппэрич ..., Эх дагина Дондогдуламын талаар хожим “Уран ухаантай, арга зальтай, зоригтой энэ эмэгтэй нас барснаас хойш Богд хааны ордны эрч хүч ихээхэн суларсан  байна”

Улсын Эх дагина Дондогдуламын талаарх судалгаа өдгөө эхлэл төдий байгаа бөгөөд эл сэдвийг тусгайлан гүнзгийрүүлэн судлах шаардлагатай юм. Түүний ухаан билиг, эрдэм чадал нь монголын төрийн тулгуур болж, тусгаар улс болон замнахад нөлөөлсөн нь дамжиггүй.

 

ШУА-ын Түүхийн хүрээлэн Монголын Орчин үеийн түүхийн салбар