m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.26 11:23
114
Манай улсын дөрвөн тамирчин шөвгийн 16 -д шалгарсан амжилтаар өнөөдрийн тэмцээнээ өндөрлөлөө

Энэ сарын 25-нд нээлтээ хийсэн, Жүдо бөхийн ДАШТ  ОХУ-ын Челябинск хотын Трактор  Аренад   хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хуваарь  ёсоор эрэгтэйчүүдийн 66кг, эмэгтэйчүүдийн 52кг-н жингийн барилдаанууд явагдаж аваргууд тодорно.

 Эмэгтэйчүүдийн 52 кг-н жинд Манай улсын жүдоч, 2010 оны дэлхийн аваргын  хүрэл медальт Мөнхбаатарын Бундмаа эхний тойрогт гоц мөргөж, 2-р тойрогт Израйлын Рони Шварцтай барилдан юко үнэлгээгээр ялснаар шөвгийн 16-д шалгарсан.

Бундмаагийн дараагийн шатны өрсөлдөгч нь Косово улсын жүдоч 2014 оны европын аварга, 2013 оны дэлхийн аварга Майлинда Келменди байлаа. Тэрхүү барилдаанд Бундмаа хоёр  торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Тэгвэл энэ жинд хүч үзэж буй Монголын жүдоч Адъяасамбуугийн Цолмон эхний тойрогт Унгарын Барбара Маростой барилдан торгуулиар ялалт байгуулсан бол дараагийн шатанд 2014 оны европын аваргын хүрэл медальт Израйлын Жили Коэнтэй өрсөлдөөн вакари үнэлгээгээр ялалт авсан юм. Шөвгийн наймд  шалгарахын төлөө Цолмон БНХАУ-н Ма Яннантай барилдсан ч торгуулиар ялагдлаа. Манай тамирчин Цолмонг ялсан Ма Яннан дараагийн шатанд өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт Бразилын Эрика Мирандаад цэвэр ялагдсан юм.

Эрэгтэйчүүдийн 66 кг-н жинд дэлхийн аваргад анх удаагаа оролцож буй манай улсын жүдоч Адъяагийн Батсуурь эхний тойрогт Перу улсын жүдоч Алонсо Вонтой барилдан даралтаар цэвэр ялсан. Дараагийн шатанд Шинэ Зеландын Александр Бишоптой өрсөлдөн вазари үнэлгээ алдсан ч эгзэгтэй байдлаас Бишопийг даралтаар цэвэр ялснаар шөвгийн 16-д шалгарсан. Батсуурийн дараагийн шатны өрсөлдөгч нь жингийн чансааны 5-д эрэмблэгдсэн 2011 оны европийн аварга, 2009 оны дэлхийн аварга Украйны Георгий Зантариа бөгөөд барилдаан өндөрлөхөөс хоёр минут 43 секунд дутуу байхад Батсуурь өрсөлдөгчдөө цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Харин жинд зодоглосон Манай улсын тамирчин Даваадоржийн Төмөрхүлэг эхний тойрогт Канадын Антоние Боучардтай барилдсан. Дэлхийн аваргад дөрөв  дэх удаагаа зодоглож буй Төмөрхүлэг Канадын жүдочийг вазари үнэлгээгээр ялсан бол дараагийн шатанд Германы Себастьян Сейдлтэй оноолт таар ч торгуулиар ялан шөвгийн 16-д шалгарсан юм. Төмөрхүлэг шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө 2013 оны Чиндаогийн гран прийн хүрэл медальт БНХАУ-н жүдоч Ма Дуанбинтэй барилдан вазари үнэлгээгээр хошуучилж байсан ч даралтаар цэвэр ялагдан тэмцээнэээ дуусгалаа. Манай жүдоч Төмөрхүлэгийг ялсан Хятадын Ма Дуанбин дараагийн шатанд энэ жилийн бүх Японы АШТ-д түрүүлсэн Такайчи Кенгод цэвэр ялагдан дагах барилдаан хийхээр болсон юм.

Ийнхүү Трактор Аренад явагдаж буй дэлхийн аваргын 2 дахь өдөр манай дөрвөн жүдоч барилдан бүгд шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ. Маргааш эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-н жингийн барилдаан болно. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдана.