m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.27 07:45
26
Авто худалдааны цогцолборын шавыг тавилаа

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар  хорооны нутаг дэвсгэрт баригдах “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлжийн барилгын ажлын шавыг тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх энэ томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, эхний ээлжийн авто зогсоолуудыг ашиглалтад оруулах ажил эрхлэлт. Нийслэлийн доторх 34 цэгт явагдаж буй авто машины ил задгай худалдааг хориглосноор хотын агаар, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурах юм.

Авто машин болон сэлбэг, дугуй, тос тосолгооны материалын худалдаа, авто тээврийн хэрэгслийн бүх төрлийн даатгал, оношлогоо, дугаар олголт, татвар, лизингийн үйлчилгээ, түүнчлэн авто засвар, авто угаалга, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт дамжаа, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг цогцолборт багтаахаар төлөвлөсөн байна.

Нэг цэгийн худалдаа, үйлчилгээний төвлөрлийг бий болгосноор иргэдийн хувьд цаг заваа хэмнэх, худалдан авах гэж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг нэг дороос харьцуулах зэрэг давуу тал бий болгож байгааг онцолж байв.

 Цогцолборын хажууд 10000 орчим хүн суурьших “Хотын шинэ төв”-ийг шинээр төлөвлөж байгаа аж.

Авто зогсоол, зам талбайн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан “Эко Тогтол” ХХК, “Анандын зам” ХХК, “Бат кубик” ХХК, “Тэгш Плант” ХХК нь барилгын ажлыг шав тавьсан өдрөөс шууд эхлүүлж, энэ оны аравдугаар сарын 1 нь гэхэд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ. 

“Авто худалдааны цогцолбор”-оос авто машинтай холбоотой бизнес эрхлэгчид болон нийт иргэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд зогсоол худалдан авахад банкны уян хатан хүү, хамгийн бага урьдчилгаатай нөхцөл бүхий зээлд хамрагдах боломжтой. Зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байх тохиолдолд “Зээлийн батлан даалтын сан”-гаар батлан даалт хийлгэх нь нээлттэй байгаа юм байна.

Нийслэлийн менежментээр иргэдийн хөрөнгө оруулалтанд тулгуурлан эхлүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулах ажил амжилттай явагдаж байна.