m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:42
44
Б.Цэрэн: Гол зарчмыг УИХ гишүүн-сайд нар зөрчиж байна

УИХ-ын хаврын чуулган эхлээд удаагүй байгаа. Энэ чуулганаар яригдаж эхэлсэн хамгийн чухал сэдэв  бол давхар дээлний асуудал байсан. Гарсан цагаасаа эхлэн хэл ам, жагсаал цуглаан дагуулсан энэ гишүүдийн талаар хэсэг иргэд нэгдэн  14 сайдын Үндсэн хууль зөрчсөн маргаан үүсгүүлэн дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

УИХ  2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх үед зарим УИХ-ын гишүүд “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг зөрчин санал өгсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тус хуулийг УИХ, Засгийн газрын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Л.Болд, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Оюун, Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав, М.Сономпил, Х.Тэмүүжин, Ч.Улаан, С.Эрдэнэ, Ц.Баярсайхан нарыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэрэн хэлэхдээ “Өөрсдийн баталсан хуулиа зөрчин хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж асуудалд хандаж байна. Хуулийг хамгийн сайн мөрдөх ёстой хүмүүс маань өөрсдөө баталсан хуулиа зөрчөөд байгаа нь хуульд нийцэхгүй байна.  Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг Монгол Улсын бүрэн эрхт байдлын хуулийн нэгдүгээр зүйлийн 1,2 дугаар зүйлийг зөрчсөн хэмээн үзэж байна.

Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх үед гишүүн-сайдын хувьд Үндсэн хууль, бусад хуулиар бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрөө өөрийнхөө талаар шийдвэр гаргах нь хуульд заасан ашиг сонирхлын зөрчил болсон.

УИХ-ын 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр баталсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг зөрчсөн. Тус хуулийн 8.2-т “Албан тушаалтан албан үүрээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй тохиолдолд албан үүргээсээ татгалзана”. 3.1.1-д “Нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид хэрэгжүүлнэ. 3.1.2-т “Хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө нөлөөлж болохуйц эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ. 3.1.3-т “Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдлыг хэлнэ” гэж заасан байдаг.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзана” гэж заасан байдаг гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна” гэв.

Тэрээр Үндсэн хуулийн гол зарчим хууль дээдлэх зарчмыг зөрчин, хууль бус үйлдлийг 14 УИХ гишүүн-сайд гаргасан гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-т зааснаар Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн үндсэн хууль зөрчсөн эсэх болон эргүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэдэг байгууллага юм. Хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнийг татан буулгаж дараагийн нэр дэвшигч УИХ-ын гишүүн болох, түүнчлэн нөхөн сонгууль зайлшгүй явагдах нөхцөл байдал Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх ёстой юм.