Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигыг хэрэгжүүлэх хүрээнд 2008 оноос эхлэн Морин хуурын олон улсын наадам-уралдааныг зохион байгуулж ирсэн. Энэ жил дөрөв дэх удаагаа тус наадмыг ССАЖЯ, Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ сарын 26-аас тавдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар боллоо. Тус наадамд дэлхийн морин хуур сонирхогч, суралцагч, урлаач нар оролцдог юм. Энэ жил найман орны 100 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн аж.
Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн тэргүүн Н.Жанцанноров “Энэ наадмын цар хүрээ өргөжин тэлж буй нь их таатай юм. Монгол үндэсний морин хуур дэлхий олон орон иргэдийн шимтэн суралцдаг, судлан шинжилдэг хөгжим болсоор байгаа нь улс орныхоо соёлын нэр хүндийг дэлхйи дахинд таниулахад чухал хувь нэмэр болж байна. Жил бүр морин хуурыг сонирхон суралцагч гадаадын иргэд ихэсч байна. Энэ бол монголын өв соёлыг дэлхийд сурталчилан таниулах нэг том завшаан юм. Манай наадамд оролцогчдын тоо өссөөр байна. Бид бүхэн энэ их өв соёлоороо бахархаж цаашид түгээн дэлгэрүүлэх нь хамгийн чухал юм” гэв.