m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.29 01:55
50
Ахмад дайчиддаа хүндэтгэл Говьсүмбэрийхэн үзүүллээ

Халх голын ялалтын түүхт 75 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга, ЗДТГ, Цэргийн штабаас дайнд оролцсон ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэн зоог барьж, гарын бэлэг гардууллаа. 1939 оны Халх голын дайнд оролцсон ахмад дайчид улсын хэмжээнд одоо 36 хүн энх тунх байгаагаас тус аймагт ганцхан Дондогийн Лувсанзундуй гуай байгаа аж. Харин 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 6 хүн байдаг ажээ. Д.Лувсанзундуй гуай одоо Баянтал суманд амьдарч байгаа ба 94 насыг зооглосон ч ануухан сайхнаараа, дайны үеийн түүхээ тод томруунаар санан, дурсамж өгүүлэн сууна. Тэрбээр бэлтгэл дэд хурандаа цолтой.

Монгол улсын засгийн газраас Халх голын дайны ахмадууддаа тус бүр хоёр сая төгрөг олгосныг аймгийн засаг дарга Л.Одсэр Д.Лувсанзундуй гуайд гардуулан өглөө. Мөн 1945 оны чөлөөлөх дайны ахмадууддаа засаг даргын нөөцөөс тус бүр 300 мянган төг олгов. Халхын голын болон чөлөөлөх дайны ахмадуудад засгийн газрын шагнал Халх голын ялалтын 75 жилийн ойн медалиар шагнажээ.

Манай зургаан ахмад дайчид болох Дондогийн Лувсанзундуй 94, Хайдавын Сугир 93, Ширнэнгийн Дашбалжир 92, Мунын Хасбаатар 92, Ёндонгийн Ням 89, Бухын зундуй гуай 89 насыг тус тус зооглоод байна. Эдгээрээс 1939 оны Халх голын дайны ахмад дайчин Дондогийн Лувсанзундуй сая төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдсаныг тун удахгүй засгийн газрын бие төлөөлөгч ирж гардуулах юм байна. Д.Лувсанзундуй гуай одоо түүхт ялалтын 75 жилийн ойд оролцон, нисдэг тэрэг хөлөглөн Дорнод аймаг, зүүн хязгаар нутгаар аялжээ.