m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 07:45
49
Чингис бондын 281 сая ам.долларыг төслүүдэд олгожээ

Монголын Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Тэрээр Хөгжлийн банк, Чингис бондын эх үүсвэрийн санхүүжилт, зарцуулалт зэргийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Тодруулбал Чингис бондын санхүүжилтээр хэрэгжиж буй 10 төслийн явцаас дурдлаа. Үүнд:

"Аймгийн төвүүдийг холбох авто зам"-ын төсөлд 570 тэрбум төгрөг төсөвлөснөөс одоогийн байдлаар 369 тэрбум төгрөгийг олгоод байгаа гэнэ. Уг төслөөр нийт мянга 800 км зам тавихаас 930 км-ийг бүрэн хучиж. ажлын гүйцэтгэлийг 68 хувьтай явуулаад байгаа аж.

"Гудамж" төсөлд нийт 200 сая доллар зарцуулахаас 190 сая долларыг олгоод байна. Үүнээс хамгийн том төсөл болох Богд уулын араар тавигдах хоёр хурдны замын техник эдийн засгийн үндэслэл хийгдэж, инженерийн нарийвчилсан зураг, төслийн ажлын эхний санхүүжилт олгогдсон аж. Нийт ажлын гүйцэтгэл нь 92.6 хувь байна.

"Шинэ төмөр зам-Таван толгойгоос Гашуун сухайт чиглэл" тус төсөлд Чингис бондоос 200 сая долларын хөрөнгө зарцуулахаас 164 сая долларыг олгоод байгаа. Нийт 267 км төмөр замын ажил үүнд багтаж байна. Урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр 700 сая доллар шаардлагатайгаас Чингис бондын хөрөнгөөр 200 сая долларыг нь шийдээд байгаа аж.

"Бойнг 767 онгоц" Монгол Улсын анхны өөрийн өмчлөлийн иргэний тээврийн хөлгийг 84 сая долларааар худалдан авсан. Одоогийн байдлаар Чингис бондод эргүүлэн төлөх өр 2.9 сая доллар буюу нийт өрийн 98 хувийг буцаан олгосон байна.

"Таван толгойн цахилгаан станц" төсөлд 16 сая долларын хөрөнгө оруулалт хийхээс 3.8 сая долларыг олгоод байна. Одоогоор байгаль орчин, геологи, инженерийн судалгаа дуусах шатандаа явж байна.

"Эгийн голын усан цахилгаан станц" төсөлд 34 сая доллар төсөвлөгдсөнөөс Чингис бондын санхүүжилтээр 2.3 сая долларыг олгоод байна.

"Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн төслүүд"-д 200 сая төгрөг зарцуулахаас 102 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн аж. Уг төсөлд багтсан нийт 33 ажлын гүйцэтгэл 72.2 хувьтай байна.

"Ноолуур, ноос, оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй" төсөлд ҮХААЯ, Голомт банктай хамтран ажиллаж байна. Нийт 189 компани материалаа ирүүлж, 53 компанид 53.7 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

 

"Төрийн орон сууцны корпораци" төсөлд "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын 1764 айлын 28 барилгын ажлыг Чингис бонд санхүүжүүлж байна. Эхний ээлжийн 567 айлын 9 барилга ашиглалтад ороход бэлэн болжээ. Үлдсэн барилгуудыг 2014 II улиралд багтаан дуусгах аж. Энэ ажилд одоогоор 72 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

"Дотоодод барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх 4 төсөл"-д Төмрийн хүдрийн гурван баяжуулах болон нэг барилгын арматурын үйлдвэрийг барина. Үүнд зориулж 50 сая хүртэлх доллартай тэнцэх төгрөгийг Чингис бондоос гаргахаар шийдвэрлэсэн аж. Төсөл судалгааны шатандаа явж байгаа гэнэ.

"Байшин үйлдвэрлэх комбинат төсөл"-ийн 30 хувийн урьдчилгаа төлбөр хийгдэж, тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлүүлж эхэлжээ. Жилд 150.000 метр.куб барилгын хавтан үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр 2014 онд ашиглалтад орохоор байна. Төслийн нийт санхүүжилт 42 сая доллар ажээ.

Түүнчлэн дараагийн санхүүжилтээ хүлээгээд байж байгаа Чингис бондын нийт төсвөөс зарцуулагдаагүй 1.8 их наяд төгрөг байгаа аж. Хөгжлийн банк тус хөрөнгийг арилжааны банкуудад байршуулан эргэлтэд оруулж, эдийн засгаа тэтгэх бодлого барьж байна. Төсөл, хөтөлбөрүүд тухайн цаг үедээ батлагдвал Хөгжлийн банк эргүүлэн эдийн засгаас энэ хөрөнгийг татна. Ямартай ч Н.Мөнбатын ярьж буйгаар Чингис бонд Монгол Улс болоод эдийн засгийн хөгжилд томоохон "сэргээш" болоод байна. 

Оюу Толгой төслийн эхний шат дуусч, баяжуулах үйлдвэр, гүний уурхай бүрэн ашиглалтад орсон. Төсөл хэрэгжих явцдаа Монгол Улсын эдийн засаг руу жил бүр хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт цутгагддаг байсан. Энэ байдал төсөл дууссанаар үгүй болж, манай улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Эдийн засагт учирч болох байсан энэ том савалгааг бондын санхүүжилтээр бууруулж чадлаа хэмээн Хөгжлийн банкнаас үзэж байна.  

Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын 281 сая ам.доллар нь төслүүддээ олгогдоод байна. 81.3 тэрбум төгрөг нь эргэн төлөгджээ.