m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.30 06:03
37
Өвөрхангай: Сумдын засаг дарга нарын хурал боллоо

2014-2015 оны мал аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын  долдугаар сарын 28-ны өдрийн 241 дүгээр тогтоол гарсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аймгийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг сумдад хэрэгжүүлэх, аймаг орон нутгийн болон сумдын цаг үеийн ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай хэлэлцэх зорилгоор өнөөдөр сумдын Засаг дарга нарын семинарыг зохион байгууллаа.

Энэ жилийн хувьд нийт нутгаар бороо, хур эрт орж зуншлага сайхан болсон ч баяр наадмаас хойш ихэнх нутгаар тэр дундаа  Баянгол, Сант, Төгрөг Гучин-Ус Богд зэрэг сумдад бороо ороогүй улмаас бусад сумдаас илүү гандуу байгаа аж. Эдгээр гандуу байгаа сумдад өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй байна. Мөн аймаг, сумдын удирдлагууд, малчдын санааг зовоож байгаа нэг зүйл бол бэлчээрийн ургацанд сөргөөр нөлөөлдөг үлийн цагаан оготно юм. Есөнзүйл, Өлзийт, Хужирт, Зүүнбаян-Улаан, Тарагт, Уянга, Хайрхандулаан сумдын нутгаар үлийн цагаан оготно элбэг байгаа бөгөөд механик буюу гар аргаар устгаад үр дүнд хүрэхгүй байгааг сумдын дарга нар танилцуулсан аж.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэд хэдэн чиг үүргийг сумдын удирдлагуудад өгчээ. 

Мөн улсын төсвийн орлого тасалдаж, эдийн засгийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан Сангийн яамнаас аймгуудад өгдөг татаасын хэмжээг эрс бууруулсан, Орон нутгийн хөгжлийн санг 3 тэр бум төгрөгөөр санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдэгдэл ирүүлжээ. Иймд жилийн эцсээр аймаг, орон нутгийн төсөв хүндэрч болзошгүй байгаа учир урсгал зардлыг хэмнэх, нөгөө талаас орлого олох боломжтой зүйлд онцгой анхаарахыг санууллаа.