Өнгөрөгч амралтын өдөр хөдөлмөр аюулгүйн ажиллагаа хангаагүйн улмаас хэд хэдэн хэрэг гарсан байна. Тодруулбал Баянгол дүүргийн гуравдугаар хороо хуучин Төмөрлөгийн үйлдвэрт хөлөө гэмтээсэн хүн байна гэсэн мэдээллээр очиж шалгахад “Баялаг Коллект” ХХК-ийн хуванцар үйлдвэрт туслах ажилтан 27 настай эрэгтэй А гэгч нь хуванцарын бутлага машиныг давж гарах гэж байгаад хальтирч унан баруун хөлөө хугалжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хуруугаа гэмтээсэн хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгахад ”Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрт технологийн ажил эрхэлдэг СХД-ийн 10 дугаар хороонд оршин суух 26 настай эмэгтэй Т гэгч нь зуурмагийн машин гацхаар нь засах гэж оролдож байгаад тасддаг тахир төмрөнд нь баруун гараа хүндээр гэмтээжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Тиймээс иргэд, аж, ахуй нэгж байгууллага ямарваа нэг ажил үйлчилгээ явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн урд 76 настай эмэгтэй С гэгчийг 175 см өндөр, 40 орчим насны үл таних хүн "гурил, будаа өгнө" хэмээн алтан ээмэг, бөгжийг нь залилан авсан тухай цагдаагийн байгууллагад өргөдөл гарган иржээ.Уг хэргийг СХД-ийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.