m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 03:11
38
Шинэ үндсэн хууль батлалцсан Засаг даргаа эргэн дурсана

Баян-Өлгий аймгийн 1990-1998 онд Засаг даргын албыг хашиж байсан К.Мизамхан агсаны мэндэлсний 70 жилийн ойг төрсөн нутаг  Баяннуур суманд энэ сарын зургаанд тэмдэглэхээр болжээ.

БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдон шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон төрийн зүтгэлтэн тэр эрхэмийн ойгоор ард түмний зан заншлын дагуу шашны ном хурж, хурдан морь уралдуулан, бөх барилдаж, яруу найргийн болон харилцаа дууны уралдаан зохиох аж.

Мөн түүний хөшөөг Баян-Өлгий аймгийн төвд босгон, дурдатгалын ном гаргах болсон тухай ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх комиссын ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбек хэлсэн байна.

К.Мизамхан 1967 онд ХААДС төгсөөд Архустын САА-д ерөнхий инженерээр ажил хөдөлмөрийнхөө анхны гараагаа эхлээд, Өлгийд авто баазын ерөнхий инженер, Ногооннуурын тэжээлийн аж ахуй болон Баяннуурын САА-н даргаар үр бүтээлтэй ажиллаж байгаад аймгийн даргын сонгуульт үүргийг хүлээсэн байна. Тэрбээр 2007 онд таалал төгссөн юм. Тэрбээр өндөр мэдлэг боловсролтой, удирдан зохион байгуулах авъяас чадвар, уян хатан сэтгэлтэй, бусдыг үлгэрлэн дагуулагч байсан төдийгүй орон нутагт шилжилтийн бэрхшээлийг даван туулах, олон намын нөхөдтэй хамтран ажиллах, хөрш орнуудтай сайн харилцаа тогтооход нэн их санаачлагатай ажилласан ажээ.