m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 05:00
118
Хоёр настнууд хэцүүхэн даваагаа хөгжилтэй давлаа

Хичээлийн шинэ жилийн нээлт сургууль, цэцэрлэг бүрийн үүдэнд эхэлж баяр хөөртэй шинэ өдөр эхэллээ.

“...Хүүхэд бидний нас

Хөгжилтэйхөн нас

Баясал дүүрэн

Багачууд бидний нас...” хэмээн дуулж бүжих бяцхан хүүхдүүд цэцэрлэгийнхээ өнгө төрхийг сонжин, сонирхон байлаа. Улсын тэргүүний 89 дүгээр цэцэрлэгийнхэн 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтээ хийж бяцхан хүүхдүүдээ хүлээн авлаа. Юу сурч мэдсэнээ дүү нартаа сонирхуулах охид, төрийн дууллаа дуулах багш нараа хамгийн их сонирхон, юу болж буйг ухаарахгүй байгаа хоёр настнууд хамгийн өхөөрдөм харагдав.

Аав, ээжийнхээ хүзүүнээс чанга гэгч нь тэвэрсэн тэд дуу дуулахаар алгаа таших хэрнээ чанга яригчаар хүн ярихаар цочин чихээ таглаж буй харагдав. Эрдэм номын анхны босгыг алхаж буй хоёр настнуудад юм бүхэн сонин сайхан бас айдастай байгаа бололтой. Улсын тэргүүний 89 дүгээр цэцэрлэгийн хамт олны ихэнх нь боловсролын магистр зэрэгтэй аж.

Юу болж буйг ухаарахгүй байгаа хоёр настнууд хамгийн өхөөрдөм харагдав

Цэцэрлэгийн захирал Б.Цолмонхүүтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Юуны өмнө танд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе?

-Баярлалаа.

-Танай цэцэрлэг хэдэн хүүхэд хүлээн авч байна. Ачаалал хэр байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Манайд ч мөн адил ачаалал нэмэгдсэн. Стандартаар нэг багш 25-30 хүүхэдтэй ажиллах ёстой ч манай багш нар 35-40 хүүхэдтэй байна. Манайх энэ жил 12 бүлэгтээ 510 орчим хүүхэд хүлээн авлаа.

-Зөвхөн харьяаллын хүүхдүүдээ авахад ийм болж байна уу?

-Тэгэлгүй яахав. Төрөлт нэмэгдэж, сургуулийн өмнөх боловсролд хүүхдээ хамруулах нь нэмэгдсэн. Харамсалтай нь түүнийгээ дагаад  цэцэрлэг нь нэмэгдэхгүй байна.

-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

 

 

Эхэр татан уйлж, ээж ааваасаа салахгүй зүүгдэх хүүхэд нэг ангид хуруу дарам цөөн байгаа нь эцэг эхчүүдэд төдийгүй багш нарт нь амар байгаа нь илт

Бяцхан хүүхдүүдэд баяр хүргэн ёодолчин Б.Баярцэнгэл ая дуугаа өргөлөө. Түүнийг дуулахад хүүхдүүд даган бүжиж байв. Хичээлийн шинэ жилийн нээлт дуусаад хүүхдүүд анги ангидаа орж эхэллээ. Жинхэнэ уйлаан майлаан одоо л эхлэх нь. Хүүхэд сониуч, бас амархан хууртдаг учир ангийнхаа тоглоомоо хараад уйлахаа мартаж, нүдэнд нь эрээлжлэн харагдах юм бүхнийг авахыг хүсэж байв. Эхэр татан уйлж, ээж ааваасаа салахгүй зүүгдэх хүүхэд нэг ангид хуруу дарам цөөн байгаа нь эцэг, эхчүүдэд төдийгүй багш нарт нь амар байгаа нь илт.

Тоглоом нь олон биш ч хүүхдийн нүдэнд сонин содон байгаа бололтой. Өөртөө тохиолдсон зүйлээ /баах, шээх/ бусдад ойлгуулах чадвартай болсныг нь эцэг, эхчүүд багшид нь хэлж байв. Харин тэдний унтдаг цаг нь өөр, өөр гэнэ. Таван өдрийн дараа тэс өөр болон, багшийнхаа үгийг сайн ойлгодог болохыг аав, ээжид нь хэлээд “Санаа зоволтгүй” хэмээн үүдээ хаав. “Хүүхдүүд ээ багшийгаа хараарай” хэмээн алга таших  нь дуулдав. Хүүхэдтэй тэр дундаа бага насныхантай ажиллах чадвар цэцэрлэгийн багш нарт илүү байдаг юм билээ. Хоёр настнууд өмнөө тулгарсан хэцүүхэн даваагаа тэд хөгжилтэйхөн давж чадлаа.