m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 07:49
85
Дэлхийн аварга Г.Болдбаатарын аав ээжид хүндэтгэл үзүүлэв


ОХУ-ын Челябинск хотод болж буй жудо бөхийн ДАШТ-ний эхний өдрийн барилдааны салхийг хагалан барилдсан Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин, ОУХМ Г.Болдбаатар дэлхийн аваргын алтан медаль хүртэж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан билээ. Энэ баярт үйл явдалтай холбогдуулан Хангарьд спорт клубын удирдлагууд болон багш дасгалжуулагч нар нь түүний аав ээжид баяр хүргэн, хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын жудогийн гурав дахь дэлхийн аваргыг төрүүлсэн Д.Ганбат гуайнх Булган аймгийн Хангал сумын уугуул, жирийн нэгэн малчин айл юм. Хангал сумын Сэвсүүлийн ам хэмээх газарт зусч буй Д.Ганбат гуайнд өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын захирал Ш.Цогтбаатар, орлогч дарга, МУ-ын гавъяат тамирчин Д.Нармандах, МУ-ын гавъяат дасгалжуулагч Д.Баясгалан, дэлхийн аварга Г.Болдбаатарын багш МУ-ын гавъяат дасгалжуулагч Ш.Бат-Орших болон албаны бусад хүмүүс зочилж, алд цэнхэр хадаг барин хүндэтгэл үзүүлсэн юм.

 

Жудо бөхийн төрлөөр VI ангиасаа эхлэн хичээллэж, өнөөг хүртэлх 14 жилийн нөр их хичээл зүтгэлээ дэлхийн аваргын алтан медалиар үнэлүүлсэн Г.Болдбаатарыг “Багадаа барилдах дуртай, давахаараа баярлаж, унахаараа уйлдаг барилдаанч хүү байсан. Хүү минь одоо олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж, бөмбөрцгийн бөх боллоо” хэмээн аав Д.Ганбат нь бидэнд хуучлав. Харин түүний ээж Ц.Түмэннаст гуай “Хүүгийнхээ барилдааныг сэтгэл догдлон үздэг, гэхдээ энэ удаагийн аваргын төлөөх барилдааны үеэр нутгийнхаа сүрлэг уулс Хонгор-Өндөр, Эргэл хайрхандаа сүүний дээж өргөн, залбирсан” гэж баярын сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Мөн энэ үеэр Хангал сумын Засаг дарга М.Төмөрбат нутгийнхаа шинэхэн дэлхийн аваргын аав ээжид баяр хүргэхээр ирсэн юм. Тэрээр МУ-ын ууган гавъяат мастер Б.Түвдэндорж аварга тэргүүтэй их хүчтэнүүдийн өлгий Хангал нутаг дахин нэг алдарт бөхтэй болж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, ДАШТ-ээс алтан медальтай ирж буй Г.Болдбаатарыгаа нутгийн ард олон нь бэсрэг наадам хийж, гүн хүндэтгэлтэйгээр угтана гэж ярилаа хэмээн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.