m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 08:19
71
Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын III батальонд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөн үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн 18 албан хаагчийг ШШГЕГ-ын удирдлага, нийт бие бүрэлдэхүүн өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүнд бэрхшээл тулгарахаас эмээлгүй энхийг тогтоох, дайн дажинтай орны нөхцөл байдлыг тогтворжуулах, энхийн үйлсэд сахилга баттайгаар оролцож, эрсдэлтэй амь дүйсэн албанд эх дэлхий, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Монгол цэргийн нэр, сүр хүч, ШШГБ-ын нэрийг өндөрт өргөж, дэлхий дахины энхийн үйлсэд хувь нэмрээ оруулан, дэлхийд данстай цэргүүд болсон тэдэнд баяр хүргэж, шагнал гардуулсан юм.
Мөн Пауэрлифтингийн дэлхийн аваргын тэмцээний 100 кг-ийн жинд Пауэрлифтингийн төрлөөр дэлхийн аварга болж, газраас таталтын төрөлд хүрэл медаль хүртэж онцгой амжилт гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай бүлгийн ажилтан, ахмад М.Батбаярт баяр хүргэж хошууч цол олголоо.

Түүнчлэн ШШГБ-ын албан хаагчид 2007 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд Сьерра Леоне, Төв Африкийн Бүгд найрамдах Улс, Афганистан, Чад, Бүгд Найрамдах Судан, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсуудад нийт 89 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
Мөн Монгол Улс анх энхийг дэмжих болон бусад олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн баг оролцуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор нийт 10500 орчим цэргийн албан хаагч, дэлхийн 10 гаруй улсад үүрэг гүйцэтгэсэн байна. Энэхүү 10500 орчим цэргийн багийн бүрэлдэхүүнд ШШГБ-ын албан хаагчид багтжээ.