m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 08:45
469
Дорнын цэнхэр талд байгуулсан зоригт дайчдын гавьяа мартагдахгүй

Зах хязгаар нь үл мэдэгдэх Мэнэнгийн цэнхэр тал. Дөрвөн хөлт хүчит техник хөлөглөсөн хүмүүс хүртэл туулж барахад бэрх энэ замаар цэрэг эрс мөрлөсөн буу, өмссөн цувандаа түүртэнэ алхана. Хажуугаар нь зогсоо чөлөөгүй довтлох Японы сөнөөгч онгоцнууд тэднийг сандаргаж байлаа.

Энэ бол эдүгээгээс 75 жилийн өмнө Дорнын цэнхэр талд болсон үйл явдлын нэгээхэн хэсэг нь. Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Орос, Монголын дайчид зэвсэг барин босч, ялалт байгуулсны түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамны зүгээс дайны ач холбогдол, хор уршгийн талаар хойч үеийнхэнд зөвөөр ойлгуулж, байлдаанд оролцсон ахмад дайчдаа алдаршуулан таниулах зорилгоор Халхын голын байлдааны ялалтын ойг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл энэхүү арга хэмжээний төгсгөл нь дайны голомт Дорнод аймагт боллоо. Ялалтын 75 жилийн ойг сурвалжлах сэтгүүлчдийн баг цэрэг, армийнхантай хамт эх орны зүүн хилийг зорин хөдөлсөн юм. Ойн арга хэмжээнд оролцохоор Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй улстөрчид, БХЯ-ны удирдлагууд, Хилийн цэргийн удирдлага, албан хаагчид, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн, цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан, шүхрийн ангийн байлдагчид, ахмад дайчид, тэдний хүүхдүүд, арын албаныхан гээд олон хүн Дорнод нутагт очлоо.

Баярын арга хэмжээний эхнийх нь Хэнтий аймагт болсон. Дорнодтой хил залгаа орших энэ аймгийнхан дайны үеэр арын албанд маш сайн ажиллаж, ялалтыг түргэтгэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж байжээ. Ганц жишээ дурдахад наймхан хоногийн дотор фронтод 50 мянган хонь, 500 гэр нийлүүлэх даалгаврыг давуулан биелүүлж байсан гэдэг. Тиймдээ ч ойн арга хэмжээний нэг хэсэгт энэ нутагт болсон нь зүй ёсны хэрэг. Жилийн өмнөхтэй харьцуулахад Хэнтий аймаг өнгө засаад сайхан болчихож ээ. Ноднин хэнтийчүүд түүхт 90 жилийн ойдоо зориулж 90 бүтээлч ажил хийх санаачилга өрнүүлсэн. Үүний үр дүнд аймаг руу ордог гол хаалгаа шинэчилж, алдарт аваргуудынхаа хөшөөг босгосон гээд цөөнгүй том ажлын ард гарсан байна. Аймгийн төв богинохон хугацаанд хэрхэн өнгө засч болдогийг эндээс харж болохоор аж.

Зочид, төлөөлөгчид Хэнтийд нэг хоног үдлээд маргааш нь Дорнодыг зорин хөдлөв. Ойнд хүрээнд “Сэлэнгэ 2014” Орос, Монголын зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль хэд хоногийн турш болсон юм байна. Тэгвэл энэхүү хээрийн сургуулийн төгсгөлийн шат буюу техниктэй цэргийн ёслолын жагсаал, үзүүлэх буудлага энэ нутагт болсон нь олны сонирхлыг хамгийн их татаж байлаа. Хээрийн сургуульд зориулан хойд хөршөөс танк, хуягт тэргүүтэй зэвсэг, техник хэрэгслийг Оросоос төмөр замаар тээвэрлэн авчирчээ. Энэхүү хээрийн сургуульд хоёр талаас мянга гаруй албан хаагч, 100 гаруй техник хэрэгсэл оролцсон юм. Сүүлийн жилүүдэд болж байсан хээрийн сургуультай харьцуулахад энэ удаагийнх оролцогчдын тоо, техник хэрэгслийн хувьд хавьгүй өргөн хүрээнд болсон гэдгийг албаныхан хэлж байлаа.

Харин аймгийн төвд болсон цэргийн ёслолын жагсаал баярын арга хэмжээний оргил мөч байв. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэж ярьдаг. Тэгвэл цэрэг дайчдын жавхаатай жагсаал хурсан олныг баясгаж, омогшлыг төрүүлж байв. Үүний дараа ялалтын баярт зориулсан үзэсгэлэн, баярын хурал, хүндэтгэлийн концерт болж өнгөрлөө. Мөн Зөвлөлтийн нисэгчдийн хөшөө, Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж өнгөрсөн.

Ямар нэг хөшөөнд цэцэг өргөөд өнгөрөх нэг өөр. Харин яагаад ийм хөшөө босгосон юм бол гэсэн сониуч бодол үүнтэй зэрэгцэн орж ирнэ. Дайны эхэн үед манайхан агаарын тулалдаанд илэрхий дутмаг байж. Япончууд өмнө нь Хятад, Солонгостой олон удаа дайтаад үзчихсэн болохоор цэргүүд, нисэгчид нь ур чадвар сайтай. Харин дайныг газар дээр нь удирдахаар Зөвлөлтөөс ирсэн Беларусийн цэргийн тойргийн командлагчийн орлогч Г.К.Жуков юун түрүүнд чадварлаг нисэгчидтэй болохыг чухалчилсан байна. Ингээд Испанид дайтаж, ЗХУ-ын баатар цол хүртсэн 26 нисэгч манай эх орныг хамгаалахаар Дорнодод ирсэн юм. Ингэснээр агаарын тулаанд дээрэлхүүлдэг байдал арилж, хүч тэнцвэржжээ. Дайны ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн эдгээр зоригт нисэгчдэд зориулсан хөшөө Дорнод аймгийн төвд сүндэрлэн байна.

Дорнод бол зүүн бүсийн хөгжлийн төв болон хөгжиж байсан нутаг. Зүүн бүсийн төв болгох үүднээс энд мах, ноос, хивс, гурил, тоосгоны үйлдвэрийг барьж, ажил, амьдрал ид буцалж байлаа. Ялангуяа Халх голын эргэн тойрон бол Монгол орны хамгийн үржил шимтэй нутагт тооцогддог аж. Нэгэн үед 40 мянган га газрыг эргэлтэд оруулж байсан түүхтэй гэнэ. Чойбалсан бол Монголын дөрвөн том хотын байсан. Харамсалтай нь зах зээлийн шуурга энэ нутгийг ч ялгалгүй дайрч, хөгжиж байсан том том үйлдвэрүүд хаалгаа барихад хүрчээ. Гэхдээ сүүлийн үед Дорнод нутгаас гаралтай бизнесмэнүүдийн хүчээр үйлдвэржилт сэргэх хандлагатай байгааг нутгийнхан ярьж байлаа.

Чойбалсан хотод хоёр хоносон хүмүүс дайны гал дүрэлзэж байсан Халх гол сумыг зорин довтолгов. Мэнэнгийн талыг туулан давхих үед цэрэг эрсийн хүнд алхаа, танкны гинжний нүсэр чимээ сонсогдох шиг. Манайхан дайны эхний үед хүн хүч, зэвсэг техникийн хувьд илт дутмаг байсан нь ойлгомжтой. Энэ үед хойд хөршөөс нэмэлт хүч илгээж, тэрхүү цуваа энэ талаар хөвөрч байлаа. Япончууд нэмэлт хүчийг зогсоохын тулд онгоцоор бөмбөгдөж байсан тул орос цэргүүд шөнийн цагаар газар хороосоор Халх голд ирсэн түүхтэй.

Халх гол бол моддоор хүрээлэгдсэн, цэвэрхэн сайхан сум юм. Сумын яг хойгуур Халх гол тахиралдан урсана. 233 км урттай энэ гол Их Хянганы нуруунаас эх авч, Хөлөнбуйрын нутгаар урсаад Монголд орж ирэн Буйр нуурт цутгадаг аж. Хэрэв энэ гол байгаагүй бол япончууд Монголын хил рүү илүү гүн цөмөрч, дайны үйл ажиллагаа сунжрах байсан нь гарцаагүй. Тиймээс цэрэг, зэвсгийн хүчин чадлаас гадна Халх голын байдал бидний ялалтад багагүй хувь нэмэр оруулсан билээ. Ёстой л Халх гол гэсэн нэр шигээ дайснуудаас биднийг халхалж байжээ. Халх гол суманд хүрээд ирэхээр дайны холбогдолтой түүх дурсгалын хөшөө хаа сайгүй байна. Зочид, төлөөлөгчид энэ үеэр Ялалтын хөшөө, 90 баатрын хөшөө, 80 баатрын хөшөө, Яковлевийн танкчдын дурсгалын хөшөө, Мөнхийн дархан хил, Монгол дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.

Ялалтын хөшөө бол Монгол орны түүх дурсгалын нэгэн чухал үзмэр. Уг хөшөө 54 метр өндөр, 110 тонн металл орсон, газрын гүн дэх суурь нь 20 орчим метр аж. Хөшөөг 1984 оны тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 5-ны дотор барьж дуусган ялалтын 45 жилийн ойн баяраар хүлээлгэн өгчээ. Анх хэвтээгээр нь урлаж, дараа нь хоёр танкаар татаж босгон суурилуулсан гэдэг.

Ш.Сүрэнжав гуайн “90 баатрын дууль” найраглалд гардаг 90 баатрын хөшөөний тухайд ялалтын баярын 15 жилийн ойд зориулан босгожээ. 90 баатрын хөшөөнөөс жаахан урагш явахад Л.Дандарын баатар цол авсан газар бий. Дандар баатар Тамбовын морин цэргийн сургуулийг төгсөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон 6-р дивизийн 17-р морьт хорооны даргаар томилсон байдаг. Харин 1939 оны тавдугаар сарын нэгэн тулалдааны үеэр 6-р дивизийн захирагч Шаарийбуу баатарлагаар амь үрэгдсэн байна. Энэ үед маршал Х.Чойбалсан залуухан дэслэгч Дандарт шууд хурандаа цол олгож, дивизийн захирагчаар томилсон түүхтэй. Түүн шиг дэслэгчээс хурандаа болсон тохиолдол монгол цэргийн түүхэнд байхгүй гэдгийг армийнхан хэлж байв. Тэрбээр бөх барилддаг, сумын заан цолтой бахим эр байж. Нэгэн шөнө япон цэрэгтэй улаан халз тааран барилцаж аваад бөх хүний хүч чадал, арга мэхийг харуулан олзолж авчээ. Гэтэл түүний олзолсон хүн Японы тагнуулын дарга нь байсан гэдэг. Ийм чухал амьд хэл олзолж авсан газар дээр нь 1939 оны есдүгээр сарын 27-нд түүнд Улсын баатар цол олгожээ.

Тэгвэл ЗХУ, Монгол Улсын баатар Яковлевийн танкчдын дурсгалд зориулсан хөшөө их түүхтэй. 1939 оны долдугаар сарын 2-нд япончууд Халх голын хөвдөг гүүрээр гатлан манай нутаг руу гүн цөмрөн орсон юм. Эсэргүүцэн тулалдах Орос, Монголын тал хүний хувьд илт дутмаг ч зэвсэг, техникээр илүү байж. Тухайн үед Яковлевийн удирдсан танкийн 11-р бригад япончуудын хориглосон их хамгаалалтыг сэтэлж, гэдгэр ухраахад чухал гавьяа байгуулжээ. Тиймдээ ч Баянцагааны даваанд түүний эрэлхэг танкчдын хөшөө сүндэрлэж байна. Японы цэргийн их хүч гол гатлан давшсан анхны бөгөөд эцсийн тохиолдол нь энэ байжээ.

Энэ мэтээр Дорнод аймаг, Халх гол сумын газар бүр өөр өөрийн түүх, онцлог намтартай.

Энэ дайнд Орос, Монголын 57 мянган зоригт хөвгүүд Японы түрэмгийлэгчдийн эсрэг эрслэн босч, 128 өдөр үргэлжилсэн ширүүн тулалдааны эцэст ялалт байгуулсан билээ. Орос, Монголын дайчдаас 27 мянган цэрэг дайны талбарт амиа алдсаны 26 мянга нь Зөвлөлтийн улаан армийнх байв. Эндээс Зөвлөлтийн дайчид Монгол орны газар шороо, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд ямар их сэтгэл гарган тэмцэж байсан нь ойлгогдоно. Өөр ямар ч улс Монголыг хамгаалахын тулд ийм олон цэргийнхээ амийг золиосолж байгаагүй хэмээн нэгэн дарга хэлсэн нь тун гүнзгий утгатай үг байлаа.

Хүмүүс Халх голын дайныг Орос, Монгол, Японы л хоорондын явдал мэт ойлгох нь элбэг. Тэгвэл энэ дайн дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд шууд нөлөөгөө үзүүлсэн хэмээн түүхчид үздэг. Монголын зүүн хилд ялагдал хүлээсэн япончууд Зөвлөлт рүү дайрахгүй гэсэн гэрээ албан ёсоор байгуулжээ. Тиймдээ ч агуу их эх орны дайны үеэр оросууд Дорнод Сибирийн зүгээс япончууд довтолно гэж санаа зоволгүй баруун фронтод бүх хүчээ төвлөрүүлсэн юм. Ингэснийхээ ачаар Гитлерийн Германы хүчирхэг армийг зогсоож чадсан билээ. Хэрвээ баруун талаас нь Герман, зүүн талаас нь Япон дайраад байсан бол Зөвлөлтийн цэргүүд тун хүнд байдалд орох байсан нь гарцаагүй. Ганц энэ баримтаас харахад л Халх голын байлдааны ялалт дэлхийн хоёрдугаар дайны үед Холбоотны ялалтыг түргэсгэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдэх энэхүү түүхэн ялалтаас хойш хэдийнэ 75 жил улиран одож. Цаг хугацаа өнгөрөх тусам түүх бүдгэрдэг жамтай. Харин энэ дайны утга учир, ач холбогдол, түүхэн гавьяаг хойч үедээ зөвөөр таниулж үлдээх нь бидний үүрэг. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амиа өгч, бүлээн цусаа урсгасан Монгол, Оросын зоригт дайчдын баатарлаг түүх хэзээ ч мартагдахгүй. Бид ч мартах учиргүй.