m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 10:49
71
Үлэг гүрвэлийн олдворууд нутгийн зүг хөдөлжээ

АНУ-ын Нью-Йорк хотоос 22 үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр эх нутаг руугаа хөдөллөө. Энэхүү олдворуудыг хүлээн авах бүхий л ажлыг ССАЖЯ-ны Палеонтологи, архелогийн музейн шинэчлэл төслийн баг зохион байгуулж байгаа билээ. Үлэг гүрвэлийн олдворуудыг  манай улсад олгохтой холбоотойгоор өмч хөрөнгийн харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээнд  манай улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Алтангэрэл  өнгөрсөн зургадугаар сарын 19-нд гарын үсэг зурсан билээ. Улмаар тээвэрлэлт хийх үнийн саналыг судалсны дүнд "Туушин" ХХК сонгогдсон байна.

             Мөн долдугаар сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан ба тус олдворуудыг Монгол улсаас гаралтай нь үнэн гэсэн “Гарал үүслийн гэрчилээ”-г 2014 оны наймдугаар сарын 8-нд МҮХАҮТ-аас олгожээ.

            Үлэг гүрвэлийн олдворуудын баглаа боодлыг АНУ-ын Нью-Йорк хотын "Сорраунд Арт" компани хийсэн  бөгөөд сайн дурын таван ажилтан тус ажлыг гүйцэтгэсэн байна. Ийнхүү тээвэрлэлтийг Линкс Ворлдвайд компанид шилжүүлснээр олдворууд эх нутгийн зүг хөдлөөд байгаа билээ.

  Тус ажлыг зохион байгуулж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдан, 40 тн-ийн чингэлэг бүхий тэдгээр олдворуудыг эх орондоо саадгүй авч ирэх, хүлээн авах  ажлыг амжилттай гүйцэтгэх тухай хэлэлцсэн юм. Тэд  харилцан мэдээлэл солилцон  дээрх ажлыг явуулах бүх талын үйл ажиллагааг хэлэлцэж тохиролцлоо. Үлэг гүрвэлийн олдворууд ирэх сарын сүүлээр эх орондоо ирж олны хүртээл болох аж.