m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.02 04:02
128
Г.Майцэцэг: Дэлхийд танигдсан брэнд болгохыг хүсч байна

Улсын Их дэлгүүрийн  баруун жигүүрт “Exclusive Fashion” хэмээх чамин хийцтэй хаяг олонд танигдсаар удаж байна. Нэртэйгээ дүйцэхүйц чамин тансаг, дээд зэрэглэлийн хувцсыг үйлдвэрлэж, боломжийн үнийг тогтоох зорилго бүхий ажилладаг тус компанийн захиралтай уулзаж ярилцахаар болзсон газраа зорилоо. Зам, барилга, томоохон бүтээн байгуулалтаас гадна хөнгөн үйлдвэрлэлийн салбарт “Чингис” бондын хөрөнгөөс багагүй хэмжээний санхүүжилт хийсэн. Үр дүн эхнээсээ гарч, зөөлөн оёдлын үйлдвэрлэлд үндэсний шинэ брэнд бий болсон нь “Exclusive” юм. Энэ үйлдвэрт бондын хөрөнгөөс 750 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, бараа материалаа бөөнөөр татах, хүчин чадлаа нэмэх боломж олгосноор импортыг орлох дотоодын брэнд өндийж, зах зээлд өөрсдийн гэсэн байр сууриа олж чадсан байна. “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгтэй Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн хөгжлийн талаар болон эх орныхоо хөрсөнд соёолж буй шинэ брэндийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-“Exclusive компанийн нэр монголчуудад хэдийнэ танил болжээ. Ялангуяа Польш улсад ажиллаж байсан чадварлаг боловсон хүчинтэй гэдгээр нь хүмүүс мэднэ. Гэхдээ энэ компани хилийн чанадад "мэндэлсэн" гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх?

-Компаниа Польш улсад үүсгэн байгуулж байлаа, “Exclusive” бол гэр бүлийн компани. Нөхөр маань Герман улсад дизайнер, хувцасны зураачаар сургууль төгссөн. Харин би Польш улсад олон улсын зах зээл судлалаар төгссөн. Тэгээд 2002 оноос Польш улсад оёдлын цех ажиллуулж байгаад 2008 онд эх орондоо ирсэн. Тэр үед л эх орондоо очоод өөрсдийн гэсэн брэндтэй болох бодолтой байлаа. 

Тэгээд нөхөр маань “Гоёо” компанид ахлах дизайнераар ажиллаж байгаад 2009 оноос “Exclusive” компанийнхаа үйл ажиллагааг эхэлсэн. Харин нэрний хувьд бид их бодсон л доо. Гадаад нэр учраас шүүмжлэлтэй хандах хүн их байсан. Монгол брэнд байж монголынхоо нэрээр гоёхгүй яасан юм гээд л. Уг нь гоё монгол нэр өгье гэж бодсон боловч тэр үед бүх нэр нь эзэнтэй болчихсон байсан. Нөгөөтэйгүүр энэ нэр тансаг, дээд зэрэглэлийн гэсэн утгатай учраас их бэлэгшээж өгсөн. Яагаад гэвэл бид зөвхөн Монголдоо биш дэлхийд танигдсан брэнд болох зорилго тавьж ажиллаж байгаа учраас энэ нэр тохирно гэж үзсэн.

-Одоогоос 20-иод жилийн өмнө манай улсад хөнгөн үйлдвэр, чадварлаг боловсон хүчин байсан. Харин одоо энэ салбарынхан дэлхийн брэндтэй өрсөлдөх туршлага, боловсон хүчин, чадварын хувьд хэр байна вэ?

-Брэнд бий болгоно гэдэг маш их хөрөнгө шаарддаг. Шударгаар хэлэхэд мөнгөтэй л байвал танигдахад амархан. Харин тэр нэр хүндийг хадгалж үлдэнэ гэдэг хэцүү. Гэхдээ монголчуудын хувьд асар их боломж байгаа. Хоёр том их гүрэнтэй хиллэж байна. Хаашаа ч гаргасан болно. Ер нь “Zara”, “H and M” брэндүүд бүгд л Хятадын зах зээлд танигдаж гарч ирсэн. Дэлхийд танигдаж, дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц болохын тулд өөрсдийн гэсэн тодотголтой зүйлээ л бий болгох хэрэгтэй. Тэгээд зах зээл юуг хүснэ, бид тэрэнтэй л хөлж нийлүүлж алхаж чадвал амжилтад хүрнэ гэж бодож байна. Бид ч бас тийм л зарчмаар ажилладаг. Хэрэглэгч юу хүсч байна, бид тэрнийг л үйлдвэрлэхийг зорьдог.

Монголчууд 30 жи­лийн өмнө аж үйлдвэрийн  цогц парктай байсан. Түүхий эд авдаг, боловсруулдаг, нэхэж ээрч утас болгох, цаашлаад даа­вуу  болгодог гэх мэт зохион бай­гуулалт маш сайн байлаа. Харин өнөөдөр бид тэр үеэс ухарсан уу гэхээс биш огт ахисангүй. Манай улс үйлдвэрлэгч биш, зөвхөн хэрэглэгч орон болчихсон. Бидэнд өчнөөн сайхан үйлдвэр байсан. Тэр болгоноо бид хайр найргүй хувьчилсан. Тэр бол үнэхээр харамсалтай. Одоо бүр эхнээс нь хийж эхэлж байна. Яг л мөлхөө хүүхэд шиг дөнгөж мөлхөж эхэлсэн байна. Хөнгөн үйлдвэрийн салбар огт урагшлаагүй.

Харин боловсон хүчний хувьд сүүлийн үед төр засгаас энэ тал дээр их дэмжиж, анхаардаг болж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд жилд хэдэн мянган оюутан сурч төгсөж байна. Үүний дотор хөнгөн үйлдвэрийн оёдлын салбар нэлээд том байр суурийг эзэлдэг.

-Түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ. Манайд түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэх боломж бий юу?

-Бид түүхий эдээ Хятад, Польшоос оруулж ирдэг. Хятад материал бүгд чанар муутай байдаггүй. Бид Польшид “Hugo boss”-ын эмэгтэй лайныг үйлдвэрлэж байсан. Материалыг нь Хятадаас л авдаг байсан. Хятадууд нэг материалыг чанарын хувьд 5-8 төрлөөр үйлдвэрлэж, өөр өөр үнэ тогтоосон байдаг. Манайхан аль хямдыг нь сонгож авчирчихаад хятад материал эдэлгээ муутай, чанаргүй гэдэг. Манай бүтээгдэхүүний материалын чанар өндөр түвшинд байгаа. Харин өөрсдөө үйлдвэрлэхийн хувьд бидэнд даавууны үйлдвэртэй болох асуудал маш чухал байна.

-“Exclusive брэндийн бүтээгдэхүүн үнэтэй байна гэсэн шүүмжлэл их ирдэг. Харин таны хувьд бүтээгдэхүүний чанар болоод үнийн хувьд ямар түвшинд байна гэж үзэж байна вэ?

-Загвар болоод чанар дээр анхаарахын хажуугаар бидний хамгийн их анхаардаг зүйл бол үнэ байдаг. Бид Монголдоо бодит үнийг тогтоохыг гол зорилгоо болгон ажилладаг. Нэгэнт дотооддоо үйлдвэрлэж байгаа болохоор аль болох манай улсын дундаж цалинтай хүн санаа зоволгүйгээр манай дэлгүүрт ирээд хүссэн зүйлээ авах хэмжээнд болгохын төлөө ажиллаж байна. Өнөөдөр манай улсад брэнд бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрийн хувцас маш өндөр үнэтэй байгаа.  Гэтэл брэнд үйлдвэрлэгч улс орнууддаа бол манайхаас бараг 2-3 дахин хямд байдаг. Тиймээс монголчууд маань хямд үнэтэй хятад хувцсаар гоёж байна. Зарим мөнгөтэй нэг нь гадаадаас хувцсаа оруулж ирж байна. Тэгэхээр энэ зааг ялгааг ойртуулах, эх орондоо үйлдвэрлэсэн чанартай хувцсыг боломжийн үнээр авч өмсөх бололцоог бий болгохыг хүсч байгаа.

-Дотооддоо брэнд үйлдвэрлээд худалдах хэр ашигтай байдаг вэ?

-Ашгийн хувьд ярихад хэцүү л дээ. Би өөрөө үйлдвэрлэгч хүн биш учраас Польшид байхад үнэхээр шантрах үе их байсан. Тэгээд эхний 5-6 жил тууштай шантрахгүй явж чадвал дараа нь гайгүй жигдрээд явчихдаг.

-Польш улсад олон жил оёдлын цех ажиллуулж байсан гэсэн. Польш улсад үйлдвэр эрхлэх, Монголдоо ажиллах хоёр хэр ялгаатай байна вэ?

-Асар их ялгаатай. Манай улсын зах зээл үнэхээр жижигхэн. Бид нэг хувцаснаас 100 ширхэгийг хийгээд худалдлаа гэхэд нэрэлхүү хүмүүс чинь адилхан хувцас өмсөхгүй гэдэг. Харин Польш улсад 1000 ширхэгийг хийсэн ч асуудал байхгүй. Өнөөдөр бид үйлдвэрлэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргаад худалдах хүртлээ өөрсдөө хариуцаад хийдэг. Харин гадаадад бид зөвхөн үйлдвэрлэлээ л эрхэлдэг. Борлуулалт зэргийг наймаачид эсвэл компани өөрсдөө хийдэг. Үүгээрээ их ялгаатай.

-Танай үйлдвэр одоогоор хэдэн ажилтантай вэ?

-Анх гурван хүнтэй л эхэлж байсан компани одоогийн байдлаар дизайнер, оёдолчин, худалдагчтайгаа нийлээд 30 гаруй ажилтантай болсон байна. Мөн үйлдвэрээ тэлэх зорилгоор хүмүүсийг дадлагажуулж авч байгаа. Гэхдээ дизайны сургууль дөнгөж төгсөөд ирж байгаа хүүхдүүд үнэхээр учир дутагдалтай байна. Нэгдүгээрт, туршлага байхгүй, тэгээд туршлага хуримтлуулахын тулд зах зээл, худалдан авагч, хэрэглэгчид юуг хүсч байгааг мэдрэх хэрэгтэй. Тэгээд дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдүүдийг туршилтын журмаар нэг сар худалдагч хийлгэх гэхээр бид дизайнер болохоос худалдагч биш гээд ичээд хийдэггүй юм байна лээ. Гэтэл яг үнэндээ бол сайн худалдагч муу дизайнераас илүү байдаг. Учир нь тэд зах зээл юу хүсч байгааг мэддэг, мэдрэмжтэй болсон байдаг.

-Монгол брэнд гэхээр хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

-2009 онд Их дэлгүүрт брэндээ оруулж ирж байх үед хүмүүс "Монгол" гэхээр л хаяад явчихдаг байсан. Гэхдээ сүүлийн хоёр жил ард түмэн үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг болсон. Үнийн хувьд их ялгаагүй бол аль болох Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ авах сонирхолтой болсон байна.

-Танай компани үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаараа?

-Бид есдүгээр сарын 01-ныг тохиолдуулан “Хямралын эсрэг хямдрал” аян зарлаад, үүнийхээ хүрээнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Бүх бараа бүтээгдэхүүн 50 хувь хямдарч, нэг бүтээгдэхүүний үнээр хоёрыг авах боломжтой байгаа.

-Танай брэнд гадаадын брэндээс өнгө, дизайны хувьд ялгаа алга. Дизайныг ямар хүн зохиодог вэ?

-Загвар, дизайн, үйлдвэрийг манай гэр бүлийн хүн авч явдаг. Загварын "тогоонд" бараг найман наснаасаа эхэлж орсон хүн байдаг. Тиймээс загвар дизайны хувьд хаана ч гологдохгүй гэж боддог. 

"Exclusive" дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн өнгө дизайны хувьд шинэлэг бөгөөд аль ч насны хүн тус дэлгүүрт ороод өөрт тохирсон хувцсаа сонгоод авах боломжтой юм. Тус брэндийн хамгийн сүүлийн бүтээгдэхүүний нэг болох хүүхдийн өлгий нүдэнд минь туссан юм. Өвлийн улиралд хүүхдээ хэдэн давхар зузаан өлгийгөөр ороож явдаг байсан үеийг халж цоо шинэ технологиор өнгө дизайны хурц шийдэлтэйгээр оёж үйлдвэрлэсэн энэхүү өлгий нь бороо салхи нэвтрүүлэхгүйгээрээ онцлог бөгөөд эцэг эхчүүдийн нуруунаас бага ч болов ачааг нь хөнгөвчлөх болно гэдэгт тус дэлгүүрийнхэн итгэл төгс байгаагаа хэлж байсан юм.