m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:47
87
С.Одонтуяа: Давхар дээл тайлах хуулийн төсөлд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавих боломжтой

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралддаг.  Үүний дагуу АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцсэн байна.  УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцэхийг дэмжиж байгаа ажээ. Тус  тогтоолын төсөлд нийтдээ 23 асуудал тусгагдсан гэв.   Дээрх 23 асуудалд энэ хаврын чуулганы хугацаанд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалтыг сайжруулах бодитой хэд, хэдэн хуулийн төслийг батлах ёстой гэсэн заалтуудыг тусгаснаас гадна бизнесийн хөрөнгө оруулалтыг сайжруулж, татварын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгч аж, ахуйн нэгжүүдээ дэмжих ажлуудын төлөвлөгөөг мөн тусгажээ. Бүлгийнхэн мэдээлэл өгч дууссаны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж болзошгүй нөхцөл үүсээд байна. Энэ тохиолдолд Засгийн газар унах боломж бүрдэнэ. Сайд нарын 50 хувийг шинээр томилох нөхцөлд Засгийн газар автоматаар унадаг. Үүнээс гарах гаргалгаа юу байна вэ?

-УИХ-ын чуулганаар орж анхны хэлэлцүүлгээр ирэх долдугаар сарын 1-нээс  гэсэн санал дэмжигдсэн. Гэхдээ шийдвэр эцэслэгдээгүй байна, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийнэ. Унасан саналаа буцааж сэргээхэд гишүүдийн гуравны хоёрын саналыг авах шаардлагатай болно. Магадгүй санал дэмжлэг хүлээхийг үгүйсгэх аргагүй. Дэмжигдэхгүй одоогийн саналаараа хууль батлагдвал Ерөнхийлөгч хуулийн төсөл дээр хэсэгчлэн буюу бүхэлд нь хориг тавих бүрэн эрх нь бий. УИХ хуулийг ёсчлон баталсны дараа тав хоногт багтаж Ерөнхийлөгч хориг тавих бололцоотой. Гэхдээ энэ бүхнийг одоо урьдчилан тооцох боломжгүй.

-Хуулийн төслийг хугацааг урагшлуулбал хориг тавина гэж Ерөнхийлөгч хэлсэн нь үнэн үү?

-“Ухаалаг төр”-ийн анхны хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгч “Монгол Улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. Хэрвээ хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах болбол улстөрийн тогтворгүй нөхцөл байдал үүсгэх учраас хориг тавина гэж Ерөнхийлөгч хэлсэн байгаа.

-УИХ-аар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дөрвөн гишүүн эсрэг санал өгсөн. Энэ дөрвөн гишүүнд Ардчилсан нам хариуцлага тооцох талаар яригдаж байна, энэ үнэн үү. Хэрвээ хариуцлага тооцвол ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Бүлгийн хуралдаанаар өнөөдөр энэ асуудал яригдаагүй. Мөн хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-аас эцсийн шийдвэр гараагүй байна. Ардчилсан намын дүрэмд зохицуулалт байдаг, тэр нь Засгийн газрыг огцруулсан тохиолдолд гэсэн өгүүлбэрээр бий. Тодруулбал, Ардчилсан намын гишүүний өгсөн санал Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн бол тухайн гишүүдийг намаас гаргана гэж заасан байгаа. Гэхдээ хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч яах гэж УИХ-д намын бүлэг байдаг билээ. Бүлгийн гишүүний хувьд хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч бүлгийн шийдвэрээ дагах үүрэгтэй. Гэхдээ энэ асуудал дээр эцсийн шийдвэр гарахыг хүлээх хэрэгтэй.