m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:54
54
Н.Батцэрэг: Д.Батцогт гишүүн өөрөө улстөрийн шийдэл гаргасан байх

"Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол гарахтай холбогдуулан эдийн засгийн байдал ямар байгаа талаар Сангийн сайдаас дэлгэрэнгүй мэдээлэл сонссон байна. Мөн түүнчлэн Хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Өршөөлийн тухай хуулийн талаар хэлэлцжээ.

Бүлгийн гишүүд Эдийн засгаа эрчимжүүлэх тогтоолын төслийг батлан гаргах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин Хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар Шадар сайд Д.Тэрбишдагва өргөн барьсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан бүлгийн хуралдаанд өнөөдөр мэдээлэл өгсөн байна. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Хуулийн төсөл дотор асууж магадлах, шинээр томьёолох зүйл олон байсан гэдгийг бүлгийн дарга мөн хэллээ.  Харин тус бүлгийн гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлтийн талаар Бүлгийн дарга Н.Батцэрэг "О.Баасанхүү гишүүн өөрөө хуульч хүний хувьд авсан горимын санал УИХ-ын дэгийн тухай хуулийн 38.2-ийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Энэ тухайгаа бүлгийн даргадаа албан бичгээр өгсөн. Бүлгийн гишүүдтэйгээ зөвшилдсөний үндсэн дээр өнөөдөр багтаж Хуульзүйн байнгын хорооны даргад хандана" гэсэн юм. Үүний дараа "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн.

-Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарах хүсэлтээ өгсөн үү?

-Д.Батцогт гишүүн одоогоор бүлгээс гарах талаараа ямар нэг бичиг, цаас өгөөгүй. Бүлгийн хуралдааны үеэр асуудал хэлэлцэж, маргах зуур бүлгийн хуралд суухгүй гэж хэлээд гараад явсан. Дэгийн тухай хуулийн дагуу гишүүн бүлгээс гарах эрх зүйн зохицуулалт байдаггүй юм билээ. Яагаад гэвэл сонгуульд аль нэг субъектээс нэр дэвшсэн. Тэгэхээр тэр нэр дэвшин сонгогдсон субъекттэйгээ бүрэн эрхийн хугацаанд байх хуулийн зохицуулалттай. Цаашид бүлгийн хуралдаа суухгүй бол  хурал тасалдаг гишүүн л болж хувирна даа. Бүлгийн хуралдаанд суухгүй гэж хурал орхиж гарсан. Түүнээс бидэнд муудалцсан зүйл байхгүй.  Магадгүй Д.Батцогт гишүүн өөрөө улстөрийн шийдэл гаргасан байх.  

-Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухайд "Монголын баялаг" холдинг байгуулах, нөгөө талаар төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжийг 2014-2016 онд хувьчилна гэсэн заалт оруулсан байна. Мөн  төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл нь яг эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна уу, томоохон компаниудыг дэмжихэд чиглэгдэж байна уу?

-Наад асуудлаар чинь Ерөнхий сайдын саналыг сонсож байсан. Өнөөдөр Сангийн сайдын байр суурийг сонслоо. Бүлэг ямар байр суурьтай байгаа вэ гэхээр нэгдүгээрт Баялаг бүтээгчдийг бүхий л зүйлээр дэмжих ёстой. Тоон үзүүлэлт талаас нь аваад үзэхээр томоохон хөрөнгө санхүү эзэмшдэг компаниуд байдаг мөртлөөсөө эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөөлөл сайнгүй байгаа юм. Хувьчлалын тухайд сүүлийн жилүүдэд тодорхой төрийн бодлого гараагүй яваа. Засгийн газар зарим аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын асуудлыг хөндөж байгаа. УИХ-аар оруулж ирнэ.

-Х.Тэмүжин сайдыг огцруулах асуудлыг байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед гишүүд тодорхой мэдээлэл авмаар байна гэж байсан. Таны хувьд хэр мэдээллээр хангагдаж байгаа вэ?

-Илүү тодорхой мэдээлэлээр хангагдах хэрэгтэй байна гэж Д.Ганбат гишүүн горимын санал гаргасан. Тэр үед мэдээллийг хаанаас авах вэ, Х.Тэмүүжин сайдаас эхлээд тайлбар сонсмоор байна гэдгийг би хэлсэн. Ингээд хэлэлцүүлэг явж байх үед сайд мэдээлэл хийсэн. Нэгэнт горимын санал гарсан учраас санал хураалгаж дэмжигдсэн. Миний ойлгосноор Тусгай хяналтын дэд хороо, Ёс зүйн дэд хороо хуралдаж сайдтай холбоотой асуудлаар заавал шалгалт хийж дүгнэлтээ гаргах ёстой юм байна. Одоогоор дэд хороод энэ асуудлыг авч хэлэлцээгүй юм байна лээ. Бид илүү мэдээлэл хаанаас авах нь тодорхойгүй байна.

-"Давхар дээл" тайлах хуулийн төслийн хэрэгжих хугацаа энэ оны долоодугаар сарын 1-нээс болчихлоо. Засгийн газар огцорч магадгүй гэдэг зүйл яригдаж байна. Шударга ёс эвслийн бүлгийн байр суурь ямар байгаа вэ?

-Огцорно гэдэг үгийг хэрэглэх тохиромжгүй байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр хүлээгдэж байна. Хууль эцэслэн батлагдаж гараагүй учрас тэгнэ, ингэнэ гэж  шууд ярьж болохгүй. Олонхийн авсан санал буцаж унах юм бол 3/2 санал шаардагддаг. Тэгэхээр гишүүдийн саналаа өгсөн байдлыг хараад үзэхэд тийм байдал үүсэх үү, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гишүүд өөр, өөрийн бүрэн эрхийн хүрээнд саналаа өгөөд явах байх.

-Давхар дээлний асуудлаар та нам, бүлэг эвслийг хооронд нь зөрчилдүүлж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Таны хэлсэнчлэн эвсэл дотроо хоёр нам зөрчилтэй байна уу?

-Ерөнхийлөгч өөрөө эхлээд энэ бүх маргаан, зөрчилдөөнийг тавьсан хүн шүү дээ. Энэ хуулийн төсөл маань үндсэн хуулиа зөрчсөн учраас УИХ-ын нэгдсэн чуулган дээр бид хэлэлцэх шаардлагагүй байсан. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч нь хуулиа зөрчөөд оруулж ирсэн хуулийн төсөл дээр гишүүд хэлэлцэх эсэх дээр маргалдаж байна. Ер нь ийм хуулийн төсөл оруулж ирсэн хүн нь өөрөө энэ асуудлыг цэгцлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Магадгүй манай эвслийг тараасай, бутраасай гэсэн улс төрийн намууддаа өгөөш болох вий хэмээн болгоомжлох үүднээс л хэлсэн.