m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 11:44
38
Ширхэг тамхины үнээр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна гэв

Хэнтий аймгийн Мал аж ахуйн салбарын удирдах ажилтны энэ оны зөвлөлгөөн болж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэжээ.  Тухайлбал, Хэнтий аймгийн мал сүрэг урьд жилийнхээсээ 10 хувиар өсгөжээ. Энэхүү ажлын үр дүнд тус аймгаас улсын сайн малчин гурав, аймгийн сайн малчин ес, сумын сайн малчид 76 төрөн гарсан байна.

Тус зөвлөлгөөнд сумдын МЭҮТ-ийн дарга, мэргэжилтнүүд, мал эмнэлэг үржлийн аж ахуйн нэгжийн захирал, эмч нар зэрэг 120 гаруй хүн оролцож, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Тэд ихэвчлэн аймаг оронтой холбоотой гэхээсээ илүү улс орны хэмжээнд шийдвэр гаргах зүйлүүдийг ярьж санал дэвшүүлж байлаа. Ялангуяа мал эмнэлгийн ажил үйлчилгээний үнэ тариф сүүлийн 20 гаран жил өөрчлөгдөөгүй, нэг л үнээр явж байна. Тарилга үйлчилгээний үнэ бод малд 200 төгрөг, бог малд 150 төгрөг буюу ширхэг тамхины үнээр мал эмнэлгийн ажил үйлчилгээг явуулж байгааг тэд хэлж байна. Энэ байдал нь мал эмнэлэг үржлийн аж ахуйн нэгжүүд өсч дэвжин компани болж ажиллах ямар ч боломжгүй, дөнгөж амиа аргацаасан байдлаар үйл ажиллагаа явуулахад хүргэж байгаа аж. Тэгэхээр үүнийг өөрчлөхийг тэд хүсч байна. Мөн нэг асуудал нь нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал бас нэрмээс болдог байна. Улс өөрөө захиалга өгч ажил үйлчилгээ явуулуулчихаад тэр ажил үйлчилгээг хийсэн хүмүүсээс арван хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар авдаг явдлыг тэд эсэргүүцэж байлаа. Уг нь авахгүй байх хуулийн заалттай гэсэн атлаа аваад байдаг, өгөөд байдаг юм байна.

Зөвлөлгөөнд оролцогчдын дийлэнх нь ахмад тал руугаа орж, залуу боловсон хүчин үгүйлэгдэж байгаа нь харагдаж байлаа. Холбогдох яам тамгын газрууд нь үүнд анхаарал тавихгүй ирснээс мал аж ахуйн мэргэжилтний залуу халаа тасарч дунд нь хоосон орон зай үүсчээ. Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мал эмнэлгийн санитарч бэлтгэх арга хэмжээ авч байгаа гэнэ. МАА-н дунд мэргэжилтнийг бакалаврын зэрэгтэй болгох ажлыг ХААИС-тай ярьж байгаа ч одоогоор тодорхой шийдэлд хүрсэн юм алга гэж байна.