m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 11:54
161
Ахмадын чөлөөт холбооны тэргүүн 18 аймгийг тойрон ажиллаж байна

 Монголын Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан Хэнтий аймагт  ажиллажээ. Тэрээр Чингис хотын нийт ахмадтай “Ахмадын байгууллагыг шинэчилье” уулзалт ярилцлагыг хийж, шаардлагатай сэдвүүдээр товчхон сургалт зохион байгуулсан юм.

Тэрээр одоогоор 18 аймаг, тэдгээрийн бүх суманд ажиллаад байгаа гэнэ. Орон нутагт хүрч ажилласны үр дүнд ахмадууд мэдээллийг маш сайн олж авч чадаж байгаа аж. Уулзалтын үеэр ахмад настны нийгмийн хамгаалалд зориулагдсан хуулийн талаарх мэдээллийг агуулсан олон төрлийн лекцээрээ сургалт зохион байгуулав. Ахмадууд тэтгэврээ ялгаж мэддэггүй, ямар төрлийн тэтгэвэрт хамрагдаж байгаагаа ч ойлгоогүй хүмүүс их байгаа аж. Мөн тэтгэврийн зээлийн хүү өндөр байгаа гээд тэтгэвэр тойрсон асуудал их байв. Ахмадууд өөрийн орлого болох багахан тэтгэврээ өндөр хүүтэй урт хугацаатайгаар банкнаас зээлж,  бусдын амьдралд зориулж байгаа нь судалгаанаас харагдаж байгаа аж.

 Тус холбооноос олон ажлыг санаачлан хийж байгаа аж. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон болсон. Гэтэл Хүний эрхийн Үндэсний комисст ахмад настны эрхийг хамгаалах ажлыг хариуцсан хүнгүй байжээ. Тиймээс тус байгууллагад хандаж, ахмад настныг хариуцсан орон тооны бус зөвлөхтэй болжээ.

 Өнгөрсөн оны 11-р сард Шинэчлэлийн Засгийн газрын Сангийн сайд ахмадуудад зориулсан төсвийн мөнгийг зөвхөн Монголын ахмадын чөлөөт холбоонд хуваарилж ахмадуудын төлөө ажилла гэсэн шийдвэрийг гаргажээ. Тус холбоо нь өнгөрсөн оноос улсын төсвөөс төсөв авч Засгийн газрын гэрээгээр ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн онд 117 сая төгрөг, энэ онд 155 сая төгрөгийн төсвийг авч ажиллаж байна.  Иймээс тэрбээр бүх аймагт ахмадын чөлөөт холбооны салбараа байгуулж тэргүүнийг нь томилон ажлаа цэгцэлж яваа нь энэ аж. Энэ удаагийн уулзалтын үеэр Г.Баасан тэргүүн Монголын ахмадын чөлөөт холбооны Хэнтий аймгийн салбарыг байгуулан тэргүүнээр нь Ж.Уртнасанг томилсон тушаалаа танилцууллаа.Тэрбээр Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллахаар Хэнтийгээс мордлоо.