m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.06 05:59
750
Дэлхийд гурвантаа үзүүрлэсэн алдарт бөх

Дэлхийд гурвантаа үзүүрлэсэн алдарт бөх, чөлөөт бөхийн нэрт зүтгэлтэн Буяндэлгэрийн Болдын тамирчны замналыг гэрэл зургаас тольдон харъя

1980-аад оныг Монголын чөлөөт бөхийн мөнгөн үе гэж нэрлэдэг. Энэ үед Монголын хүчтэнүүд дэлхийн дэвжээнд амжилттай хүч үзэж, олон медалийг эх орондоо авчирсан юм. Тэгвэл энэхүү мөнгөн үеийн томхон төлөөлөл нь гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд байлаа. Энэ хүчтэн 1979 онд 19 настайдаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, өсөх ирээдүйтэй тамирчин болохоо харуулсан. Улмаар 1982 онд Делигийн Азийн наадамд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Үүнээс хойш 1983, 1985 оны ДАШТ-ээс хошой мөнгөн медаль зүүж, 1986 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан юм. Түүний энэ амжилт олон хүний атаархлыг төрүүлэм. Гэхдээ үүнээс ч өндөр амжилт гаргах боломжтой байсан гэж бодохоор харамсалтай.

Мөнгөн үеийн томхон төлөөлөл нь гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд байлаа

Тэрбээр олимпийн наадамд ганцхан удаа оролцсон. 1980 оны Москвагийн олимпод үндсэн төрөлдөө барилдах боломжгүй байсан тул сонгомолоор хүчээ сорьсон удаатай. Монголчуудын хувьд танил бус энэ төрөлд муугүй барилдаж, шагналт тавдугаар байр эзэлж байлаа. Харин хүч бяр нь ид жагсаж байсан 1984 онд манайхан улс төрийн шалтгааны улмаас Лос Анжелесийн олимпийг бойкотлосон юм. Хэрвээ Болд Лос Анжелесийн дэвжээнд зодоглсон бол олимп, дэлхийн хос медальтай тамирчнаар тодрох магадлал маш их байв.

Түүний энэ амжилт олон хүний атаархлыг төрүүлэм

Одоо Б.Болд Монголын чөлөөт бөхийн холбоондоо дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бол түүний дүү Б.Батбаяр эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчийн албыг хашиж байгаа билээ. Ингээд дэлхийд гурвантаа үзүүрлэсэн алдарт бөх, чөлөөт бөхийн нэрт зүтгэлтэн Буяндэлгэрийн Болдын тамирчны замналыг гэрэл зургаас тольдон харъя.