m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 02:40
24
Ц.Оюунбаатар: Ерөнхий сайдын өөдөөс нь харж байгаад дэмжихгүй гэдгээ хэлсэн

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа. Тэрээр эвслийнхээ шийдвэрээс зөрж  “давхар дээл”-ээ тайлах хугацаа 2014 он байх ёстой гэж үзсэн нь ийм учиртай гэнэ.

-Та Шинэчлэлийн Засгийн газарт хамтран оролцож буй “Шударга ёс” эвслийнхээ шийдвэрийг дагахгүй байна уу даа. Тэднийхээ “давхар дээл”-ийг ойрын хугацаанд тайлах саналыг дэмжсэн шалтгаан юу вэ?

-“Шударга ёс” эвслийг Засгийн газарт байгаа гээд дуугүй хараад сууж чадахгүй. Өнөөдөр эрүүл мэнд, хууль зүйн салбар уналтад орчихлоо. Нэг эмнэлгийн дарга томилж чадахгүй хэдэн ч сар болдог юм. Хаа саагүй хүнд суртал, бухимдал байна.

 

Эмнэлгийн нэг хаалгаар ороод л үүнийг мэдэрнэ. Валютийн ханшны зөрүү гаарч, ард түмний худалдан авах чадвар доройтож байгааг дуугүй хараад сууж чадахгүй шүү. Эдийн засгийн нөхцөл байдал ингэж хүндрэхийг Засгийг газар урьдчилан харах ёстой. Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүртэл Ерөнхий сайдад хандаж “Ард түмний амьдрал ямар байгааг бодитоор нь хараач” гэж удаа дараа анхааруулж байлаа. Эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал доройтож байхад  “Манай Засгийн газрыг дэмжиж санал өг” гэсэн утга агуулгатай зүйл хэлж байна лээ. Ер нь “Шударга ёс” эвсэл бол хүүхэлдэй биш. Үүнийгээ ч өөрт нь хэлсэн.

-Төсөл хэлэлцэхээс өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг танай бүлгийн гишүүдтэй уулзсан гэсэн үү. Энэ үеэр хэлсэн гэж үү?

-Хүлээж авч уулзахад нь хууль зүйн салбараа хар, эдийн засгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хий гэдгийг маш тодорхой хэлсэн. Үндсэндээ өрөөнд нь өөдөөс нь харж суухдаа үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, аливааг бодитоор харахыг сануулсан.

-Хуулийн хугацааг 2014 оноос хэрэгжүүлэх ямар шаардлага байна гэж үзэж байх юм?

-Хуулийг мөрдөхийн тулд гаргадаг болохоос биш хадгалах, харах гэж баталдаггүй юм. Хууль гарсан ч гэсэн одоогийн Засгийн газрынхан нь ажиллаг. Харин хоёр жилийн дараах УИХ, Засгийн газрын үед энэ хуулиа хэрэгжүүлье гэж таарахгүй. Хэрэв хоёр сарын дараа гэсэн бол өөр хэрэг.  Өнөөдөр манайд хуулийн анхны шатны мэдлэг байхгүй атлаа мэдэмхийрч ярьдаг улстөрчид дэндүү олон байна. Хуулийг яаж  ч тайлбарлаж болно гэж үздэг бололтой. Үүнтэй эвлэрч болохгүй.  Өнөөгийн Засгийн газар харъяа агентлагтаа хүртэл мэргэжлийн дарга томилж чадахгүй л байна шүү дээ. Хаа хамаагүй мэргэжлийн бус хүнийг аваачаад тавьчихна. Хууль нь завхарч, эдийн засаг унаж, ард түмний амьдрал доройтож байгааг хараад сууж чадахгүй учраас ийм санал өглөө. Цаашдаа энэ хуулийг даруй батлаад хэрэгжүүлэх ёстой. Ганц жилийн өмнө ч гэсэн авлигын үндэс суурийг устгамаар байна. Өнөөдөр хэдэн залуусаа шорон руу илгээгээд дууслаа. 8000 хоригдолтой байгаа нь 1937 оноос хойшхи хамгийн их хоригдолтой үе. Хуулийн байгууллагын ажлыг гадарладгийн хувьд хэлэхэд Монгол шоронжоод дууслаа. Ийм байхад дахиад 1500 хүний шорон барих тухай яриад  сууж байна. Ийм завхарсан тогтолцоог хүлээн зөвшөөрөөд сууж чадахгүй. 

-“Давхар дээл”-ийн төслөөс болж танай эвсэл дотроо бужигнаантай байжээ гэж харагдаж байна. Д.Батцогт гишүүн “Эвсэл өөрийн итгэл үнэмшлээр ажиллахгүй, нам дагаж байна” гэх шүүмжлэлийг хэлж байгаа?

-Ер нь эвслийн сүүлийн үеийн хуралдаан ширүүхэн болж байна. Олон хүн “Эвслийн гишүүд АН-ын хэл яриа, дохио зангаар ажиллаж байна. Утсан хүүхэлдэйгээс ялгаа алга” гэх шүүмжлэлийг хэлж байгаа. Үүнийг эвслийн зарим гишүүн хүлээн зөвшөөрч байх шиг байна. Шүүмжлэл гэж хэлэхээс илүү бодит байдалд тийм л байгаа шүү дээ. Үүнээс болоод гишүүд бухимдсан нь тэр. Ялангуяа, хүний эрх, эрх чөлөөг хангахын төлөө хууль сахих, хуулийг чандлан мөрдөхдөө биш Засгийн газарт суугаа хэдэн сайд нартаа хөтлөгдлөө. Засгийн газрын буруу зөрүү, эдийн засгийн алдаатай шийдвэрийг нь хамгаалж байна гэсэн шүүмжлэл бүлгийн хурлаар их яригдаж байна. Бүлгийн гишүүдийн дунд Засгийн газрын гар хөлөөр ажиллахгүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь буруу гэсэн асуудлаас болж хурц маргаан өрнөсөн юм. Энэ үед Д.Батцогт гишүүн бухимдаад “Эвслийнхэн та нар АН-ын гар хөл нь болж байгаа болохоос биш өөрсдийн бодлоо хэрэгжүүлэхгүй байна. Ийм байдлаар удаан явбал бүлгээс гарахад бэлэн” гэж хэлнэ лээ. Гэхдээ бухимдаж хэлсэн болохоос биш бүр гарах санаа зорилгоор хэлээгүй болов уу гэж харж байна. Монголын нийгэм, эдийн засгийн амьдрал маш хүнд байна. Иргэдийн амьжиргааны төвшин доогуур, инфляцийн төвшин 30 хувиар өсч, бараа бүтээгдэхүүний үнэ өртөг өссөн байхад цалин тэтгэврийг бараг нэмээгүй. Өнөөдөр монголчууд хүндхэн амьдарч байна шүү дээ. Тэгээд зогсохгүй ард түмний эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагын гол дуу хоолойг нь хязгаарлах, амыг нь барих, ажил албан тушаал амлах байдлаар дуугүй болгох юм гээч. Дээрээс нь эдийн засгийн хямрал нүүрлэж байхад Засгийн газар дорвитой арга хэмжээ авалгүй удлаа. Саяхан гэнэт ухаарсан юм шиг Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл санаачлан оруулж ирүүлж байна.  Энэ төслийг маш орой оруулж ирүүллээ. Үүнийг нь ч гэсэн Засгийн газрын сайд нарт хэлсэн. Цаашдаа эдийн засгийн доройтлоос гарахын тулд татвар төлөгч нарт үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох ёстой. Эдийн засгийн хүнд байдалд татвар төлөгчид маань үйл ажиллагаагаа хэвийн явуулах маш хүнд байгаа учраас татварын өрөөс чөлөөлөх ёстой. Татварын дарамт үзүүлж, хорьж шалгахаа багасгах хэрэгтэй. НӨАТ гэсэн зүйлээс болж олон албан байгууллага үүд хаалгаа хааж байна. Эдийн засгийн оргил хямралтай үед татварын байгууллага 2009-2010 онд төсвийн орлогыг давуулан биелүүлж байлаа. Яасан гэхээр татвар төлөгчдийг дарамталдаг, айлгадаг, торгодог системийг халсан байхгүй юу.

-Одоо эргэж сэргэсэн гэж үү?

-Сэргэхээр барах уу. Татвар төлдөг бүх аж ахуй нэгжийг дарамталж байна шүү дээ. Тэдэнд зөвхөн зугтах хүч үйлчилж байна. Хэрэв аргагүйн эрхэнд баригдвал төлнө. Төлж чадахгүй бол хоригдоно. Татварын байгууллагын удирдлага менеменжт чадваргүй байгаа бол солих хэрэгтэй. Ийм завхарсан тогтолцоог өөрчлөхгүй бол Монгол эдийн засгийн хямралаас гарахгүй. Хэчнээн алт зэс байлаа гээд. Нэг бизнесмэн залууг найман сарын туршид хорьсон гээд бод доо. Тэр ямар улсын нууц задруулсан онц ноцтой гэмт хэрэгтэн биш ингэж удаан тарчлаан шалгаж болохгүй. Тэр иргэн татвараа төлөөгүй байж болно. Шуурхай шалгаад явчих хэрэгтэй. Соц нийгмийн үед гэхэд ямар ч хэргийг ердөө хоёрхон сарын хугацаанд шалгадаг байсан. Хэрэв хоёр сараас илүү шалгавал мөрдөн байцаагчийнх нь цалин, цолтой нь тооцоо хийнэ. Одоо бол хүн бусдад залилууллаа, эд зүйлсээ хулгайд алдлаа гээд цагдаад очихоор “Өөрөө тэр хүнээ олоод ир” гэдэг л болсон байна шүү дээ.

-Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөл яригдаад байгаа. Энэ нь таны санаачилсан Өршөөлийн хуулиас өөр биз дээ?

-Хэдийгээр тусдаа яригдаж байгаа ч үйлчлэх хүрээ нь адилхан.  Өршөөлийн хууль гарлаа гэхэд татварын хөнгөн, хүндэвтэр хэрэг шууд хамаарна. Өнөөдөр акт, торгууль, хүү, алданги гээд бусдын бизнесийг нурааж байна. Хөл дээрээ босч хэд арван төгрөг олох нь битгий хэл шорон руу ачих тогтолцоо үйлчлээд байна шүү дээ. Гадаадын банк орж ирэх сургаар арилжааны банкууд нь “Үндэсний аюулгүй байдалд халтай” гэсэн мессежийг тараах юм билээ. Хэрэв өөрсдөө банкны зах зээлд ард түмэнд халтай хүүнийхээ хувийг байлгаад байх юм бол татан буугдах хэрэгтэй. Монголын бүх банк асар өндөр хүүтэй байна. Тэгэхэд дэлхийн зах зээлд хамгийн дээд талдаа 7-8 хувиас дээш хэтэрдэггүй гэдэг шүү дээ.

-Та гадны банк орж ирэхийг дэмжиж байна уу?

-Өөр гарц байхгүй. Банкууд өөрсдөө хүүгийнхээ бодлогыг багасгахгүй бол өөр гарц байхгүй. Хүүгийн бодлогоо өөрчилж чадахгүй байж гадны банк оруулахгүй гэж хэлэх эрхгүй.

-Манайтай ижилхэн хөгжлийн төвшинтэй орнууд яадаг юм бол?

-Сингапур, Хонгконг гээд  хөгжиж байгаа орнууд гадаадын банкуудыг байршуулдаг юм билээ. Бид ч гэсэн тийм бодлого барих бололцоотой.

-“Шударга ёс” эвслээс намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ганц хуулийн төсөл оруулсан нь Өршөөлийн хууль. Энэ хууль хэзээ төрөх юм бэ. Нэлээд хугацаа өнгөрлөө?

-Энэ хууль хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн 8000 хүнд шууд болон шууд бусаар үйлчилнэ. 8000 хүнд хувь тэнцүүлсэн байдлаар үйлчлээд 3000 орчим нь суллагдах байх. Суллагдсан хүмүүс ажил олох хэцүү байдаг. Тиймээс бид тэднийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангахад санаа тавих заалтыг оруулсан. Уул уурхай, бүтээн байгуулалт хөгжиж байгаа үед тэр салбарт ажиллуулах арга хэмжээ авах боломжтой. Ингэснээр улсын төсвөөс 20 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ. Уг мөнгөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулах боломжтой.

-Хууль яг хэзээ эцэслэн батлагдах бол. Дахиад нэг намар үдэх юм биш биз?

-Үүнийг УИХ-ын даргаас асуух хэрэгтэй.

-Суллагдах хүмүүст тавьж байгаа үндсэн болзол, шаардлага бий юу?

-Хоригдол нь өмнө нь учруулсан шууд материаллаг хохирлоо барагдуулсан байх хэрэгтэй. Мөн хохирогчдын өмнө буруугаа бүрэн дүүрэн ухамсарласан байх шаардлагыг тавьж байна.