m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 02:41
209
Гэндэж, гундаж явсан Хадаа аварга минь

Хорьдугаар зуунд монгол улсын баяр наадмуудад тодорсон арван долоон аваргын дотроос бяр хүчээрээ гайхагдаж, домог болон алдаршсан  алдарт аварга бол Дагвацэрэнгийн Хадбаатар юм. Түүнийг хоёр ч удаа хэлмэгдүүлэн аавынд явуулаагүй бол өлхөн дөрөв, тав түрүүлэх байсныг хүмүүс одоо ч гэсэн дурсан ярьцгаадаг.1951 онд Төв аймгийн Угтаал суманд төрж өссөн. Бөхийн дэвжээн дээр цагаан сараар анх удаа Баянаа аваргыг дүүгүүрдэн шидчихэд хүмүүс алга нижигнүүлэн ташиж хийморийг нь мялааснаас хойш бөхчүүд бөх сонирхогч нарын анхаарлын төвд байнга байсаар байсан билээ. Тэр.

 

ХАДААГ БӨХӨД ЧИГЛҮҮЛСЭН ТУХАЙ

Хадааг 13-14 орчим настай байхад (ээжийнхэн дүүгийн охин) эгч Намжилмаа нь өөрийгөө дагуулж зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтээр хичээллүүлэн спортын дөртэй болгосон юм. Хадааг гэрээсээ хаашаа ч гаргахгүй зөвхөн бэлтгэл хийлгээд л гэрлүүгээ явуулна. Ийм нэг хэвийн амьдарлаас Хадаа уйдаад яаж ийгээд Намжилмаа эгчээсээ холдохыг бодох болжээ.      

Тийм ч учраас шигшээ багийн хөнгөн атлетикийн багийн ахлагч байсан С.Оймандахад хэлэхэд тэрээр залуу хүүгийн хүслийг биелүүлэхээр “Чи ахаа дагуулаад ир! Тэр үед л ямар нэг арга бодье” гэжээ. Удахгүй хадам ах Нордогоо дагуулан ирэхэд нь ярилцаж байгаад цэрэгт явуулахаар шийджээ. Тэр үед шигшээ багийн тамирчдыг цэрэгт явуулдаггүй байсан хэдий ч Оймандах танилаараа дамжуулж цэрэгт нууцаар явуулаад “Алдар” нийгэмлэгийн бөхийн дасгалжуулагч байсан Ж. Лодойд:” Танай бөхөд хэрэгтэй Хадбаатар гэдэг залууг цэрэгт явууллаа шүү! Ийш тийшээ алдахгүй татаж аваарай”  гэж захьжээ. Тэгээд л бөхөөр хичээллэж эхэлсэн.

 

БӨХИЙН АНХНЫ АНХНЫ ГАРАА

 

Анх 1972 оны Ардын хувьсгалийн 55 жилийн ойгоор зодоглон Өмнөговийн аймгийн арслан Бямбаа, улсын заан Булганы Д.Лхагвасүрэн, улсын арслан Архангайн Ж.Чойжилсүрэн нарыг шороодуулан тав давж “Улсын начин” цол хүртжээ. Тэр жилээ улсын баяр наадмын зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтэд түрүүлж “Спортын мастер”-ын болзол хангаж “Рекорт” амжилт тогтоосон түүхтэй. Үүнээс хойш бөхөөр дагнан хичээллэж 1973 онд тав даваад “Өсөх” идэр чимэг, 1975 онд долоо даваад “Улсын заан” цол хүртэж, 1977 онд зургаа, 1978 онд тав, 1984 онд долоо давж байжээ.

Тэгээд 1976 оны Ардын хувьсгалийн 55 жилийн ойн баяр наадмаар улсын начин Сүхбаатарын Д. Одсүрэн, шинэ начин Сэлэнгийн И. Найдан, улсын начин (одоо улсын арслан) Увсын М. Мөнгөн, шинэ заан Өвөрхангайн Д. Долгорсүрэн, улсын арслан Төвийн П. Дагвасүрэн нарыг шороодуулан түрүүлж “Улсын арслан” цол хүртсэн юм. Тэр жил нь монголын үндэсний бөхийн дэвжээг эзэгнэж байсан хоёр “Мөнх” гадаадад тэмцээнд явсан байв. 1979 оны Монголын бүх ард түмний зургаадугаар спартакадын үндэсний бөхийн барилдаанд хоёрдугаар байр эзлэн “Хурц идэр” чимэг авсан нь ямар ч барилдаанд хэнээс ч айж бэргэхгүй барилдвал хэд ч түрүүлэх боломжтойг харуулжээ. Мөн жилийнхээ наадамд улсын начин Д.Сэрээтэр, шинээр начны болзол хангасан А.Баатархүү, улсын заан З.Дүвчин, Дархан аварга Ж.Мөнхбат нарыг шороодуулан дархан аварга Өвөрхангайн Д.Цэрэнтогтоход шороодон үзүүрлэсэн бол 1983 оны наадамд мөн л Д.Цэрэнтогтох аваргатай, 1985 оны наадамд  Өвөрхангай аймгийн харъяат улсын начин цолтой байсан Б.Ганбаатартай үзүүр, түрүүнд үлдсэн байдаг.

Улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд 1980 онд түрүүлэн,1984 онд үзүүрлэж байсан юм. Тэрээр арван жилийн дараа 1986 оны Ардын хувьсгалын баяр наадамд Улсын начин Баянхонгорын Ш.Чанарав, Увс аймгийн арслан Балдорж, Төв аймгийн арслан Л. Бадарч,  улсын начин Өвөрхангайн С.Дамдинбазар, улсын заан Өвөрхангайн Ё.Ишгэн, улсын арслан М.Мөнгөн, дархан аварга Д.Цэрэнтогтох нарыг шороодуулан хоёрдахь удаагаа түрүүлжээ. Ийнхүү улсын баяр наадамд 14 жил зодоглож, хоёр түрүүлж, гурав үзүүрлэж, зургаан удаа шөвгөрөн өсөх идэр, чин зоригт, бат суурьт, хурц идэр, тод сонин, чин зориг, хурц идэр, бууршгүй хүчит, саруул сайжрах чимгүүдийг хүртэж байжээ.

 

САМБО БӨХИЙН СПОРТЫН ХИЧЭЭЛЛЭЖ ЯВСАН НЬ

 

Түүнийг анх цэргээс Алдар нийгэмлэгт татагдахад анх Монгол улсын манлай начин, гавъяат дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүү шавиар аваад дэлхийд данстай бөх болгосон юм. 1985 оны Испаний Сан-Севастьян хотноо болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 килограммын жинд гуравдугаар байр эзлэн “Хүрэл”, дэлхийн аваргатай дүйх “Найрамдал-84” тэмцээний мөнгөн медаль хүртэж, монголд зохиогддог самбо бөхийн олон улсын тэмцээнд таван удаа, жүдогийн тэмцээнд дөрвөн удаа тус тус түрүүлж “Олон улсын хэмжээний мастер”-ийн болзол хангаж байсан юм.

Хадбаатар аварга хэнийг ч голохгүй нэгэн адил харьдаг, эгэлгүй даруу, хүүхэд шиг ааштай нэгэн байсан юм. Түүнийг “Аав”-ынд  байхад наадмын ажиллагааг радиогоор хөтлөж байсан яруу найрагч Тангадын Галсан ард түмэн хүчит аваргаа үгүйлж байгааг төр, засгийн удирдлагад хүргэхээр:

“Өрсөлдөгчөө Хадбаатар аварга дүүгүүрдэж байхад

Цэнгэлдэх хүрээлэн ханаран байдаг

Өөрөө өөрийгөө пидхийлгэж байхад

Арван баллаар газар хөдөлж байдаг

Дөрвөн бухаар зүтгүүлэвч

Дэнжийхгүй хүчтэн

Дөнжин үнээ цуславч

Цаддаггүй ходоодтой

Хавт Хасарын хойд дүр

Хадаа аварга минь

Хойтон жилийн наадамд барилдах болтугай! гэж шүлэглэн наадамчин олны уухайн дуугаар мялаалган байсан билээ. Ард түмэн Хадааг пивоны бөглөөг дээрээс нь нэг хуруугаараа дарж амыг нь сарваалгаад эрхий хуруугаар дээшээ няслан үсэргэж байсан тухай ярьдаг юм.  Энд нэгэн сонирхолтой тохиолдын тухай дурсюу.

Тэрээр Гандан хийдэд цэвэрлэгч хийж байсан Хишигдуламтай анх танилцаад байнга ирж  уулздаг болсон үед нь Гандан хийдийн аж ахуйн дарга Цэвээндорж нэг өдөр хэдэн лам нараа  дуудан:” За нөхдүүдээ! Манай хийдэд том бөх Хадаа байнга айлчилдаг боллоо. Манай цэвэрлэгч Хишигдулам жижигхэн, түүний өрөө бас жижигхэн. Гэтэл тэнд асар том биетэй бөх ирж байдаг. Хэдүүлээ нэг юм бодно байгаа” гээд Хадааг даах бөх бат ор хийж өгье” гээд Одоогийн хамба лам Д.Чойжамц, одоогоор АНУ-ын хийдэд хамбаар уригдаад байгаа Чулуунбаатар болон Балгансүрэн нарыг швеллер төмөр авахуулахаар явуулаад авч ирүүлсэн нь нилээд удаан хугацаанд хийдийн хашаанд байсан гэдэг.

Түүний сүүлчийн барилдаан бол 1993 оны Ардын хувьсгалийн 72 жилийн наадам байлаа. Тэр наадмын  тавын даваанд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ж.Намжилдоржийг амлан авч шороодон “Улсын начин” цол олгуулсан бөгөөд харин Намжилдорж эр бяраа гайхуулан зургаа давж “Өсөх идэр” чимэг дараахан нь “Улсын баяр наадмын тухай” хуулийн дагуу “Улсын харцага” цол хүртсэн юм.Тэрээр ийм л хүнийг Монгол улсын начин цолонд хүргэсэн ачтан. Дараахан болсон аймгийнхаа нэгэн ойн баярын  барилдаанд зодоглож байгаад  тэндээсээ эмнэлэгт хүргэгдэн ертөнцийн мөнх бусыг үзсэн. Ийнхүү хамгаас онцгой бяртай хүчит аварга маань монгол бөхийн тэнгэрт мөнхөрсөн билээ.